Араб эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Араб эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч шүүхэд хандав

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Лужайн аль-Хатлоул АНУ-ын тагнуулын гэрээт ажилтан байсан гурван хүнийг хууль бусаар утас чагнасан хэрэгт буруутгаж, АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг хэргийн улмаас тухайн эмэгтэй баривчлагдаж, дараа нь эрүү шүүлтэд орж байсан билээ.

Тэрбээр Саудын Арабад эмэгтэйчүүд жолоо барих эрхийг 2018 онд хориглосныг зөрчин, кампанит ажил өрнүүлсэн хэргээр баривчлагдаж байсан. Энэ хэргээс хойш гурван жил орчим Саудын Арабын шоронд хоригдоод суллагдсан боловч одоогоор Хаант улсаас гарах нь хориотой байгаа юм.

Дижитал орчинд хүний эрхийг хамгаалдаг Electronic Frontier Foundation нэртэй ашгийн бус байгууллага Пүрэв гаригт АНУ-ын Орегон мужийн шүүхэд түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргажээ.

АНУ-ын тагнуулд гэрээгээр ажиллаж байсан гурван хүн болон Арабын Нэгдсэн Эмират улсын цахим аюулгүй байдлын DarkMatter компани хамтран түүний утсыг чагнаснаар Лужайн аль-Хатлоул баривчлагдсан нь батлагдсан байна.

Нэхэмжлэлд дурдсанаар, тэмцэгч эмэгтэйг 2017 онд л Project Raven нэртэй хөтөлбөрийн дагуу Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс эсэргүү үйлдэл гаргагчдыг хянадаг АНУ-ын хөлсний цэргүүд онилсон байсан гэжээ. Түүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэний үндсэн дээр утсыг нь чагнасан байна.

Саудын Арабын албан тушаалтнууд тэмцэгч эмэгтэйд эрүү шүүлт тулгасан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Вашингтон дахь Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Арабын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж