АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт Ардчиллын чуулган зохион байгуулснаар хэмжээгүй эрх мэдлийн эсрэг ардчиллын нөлөөг нэмэгдүүлэх дараагийн алхмаа хийлээ. Уг чуулганд дэлхийн олон орны засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 112 оролцогч оролцож байна.
“Ардчиллын өмнө тулгарсаар буй сорилтууд болон даян дэлхийн хүний эрхийн төлөө ардчилалд түүчээлэгчид хэрэгтэй байна. АНУ-ын ардчилалд шинэчлэлт хийж буй, түүнчлэн ардчиллын дэг жаягийг бэхжүүлэхээр оролдож буй хэн бүхнээс маш их хичээл зүтгэл гардгийг бид мэднэ. Тиймдээ ч энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа билээ” гэж Байден хэллээ.
Олон улсын удирдагчдын цахим чуулган авлигатай тэмцэх, авторитаризмаас хамгаалах, хүний эрхийг хөхүүлэн дэмжихэд чиглэж байна.
Монгол Улсын хувьд энэхүү чуулганд гурван асуудал хэлэлцүүлэхээр болжээ.
- Монгол Улсад авлигын асуудал газар аваад байгаа бөгөөд авлигын эсрэг хууль тодорхой бус, хэрэгжилт хангалтгүй талаар нэн тэргүүнд хэлэлцүүлэх юм.
- Шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалын хөндлөнгийн оролцоонд өртөмтгий байдаг. Жишээлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчдийг огцруулах хүсэлтээ ерөнхийлөгчид гаргаж болдог.
- Хүн амын эмзэг давхарга хүний наймааны золиос болох эрсдэл өндөртэй байдаг. Уул уурхайн салбарын ажилтнууд Хятадаас ирсэн гэрээт ажилчдын нэгэн адил хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй байдаг гэсэн гурван чухал асуудлыг дэвшүүлэх болсон байна.
Чуулганд оролцож буй орнуудын ардчиллын түвшинг илэрхийлэх онооны самбар байгаа бөгөөд онооноосоо хамаараад чөлөөт, хагас чөлөөт, чөлөөт бус гэсэн гурван түвшинтэй байна. Монгол Улсын хувьд 84/100 оноо буюу чөлөөт ардчилал гэсэн түвшинтэй байна. Уг оноог Freedom House-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн тайлан болон жил тутам цахимаар гаргадаг Freedom on the net тайланд тулгуурлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Байден “Ардчиллын шинэчлэлийн төлөөх Ерөнхийлөгчийн санаачилга” гэсэн үйл ажиллагааг эхлүүлснээ чуулганы үеэр зарлав. Уг санаачилга нь ардчиллыг дэмжих, дэлхий дахины хүний эрхийг хамгаалах чиглэлээр АНУ-д хэрэгжиж эхэлсэн бөгөөд 424.4 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Санаачилгын хүрээнд хийгдэх ажлуудаас дурдвал, чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийг дэмжих, авлигатай тэмцэх, ардчилсан шинэчлэгчдийг дэмжих, сонгуулийг чөлөөт шударга байдлаар явуулах зэрэг юм.
Эх сурвалж: CNN, FREEDOM HOUSE
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ