Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Буруу хүрдтэй автомашиныг хорих талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Иймээс энэ удаагийн сурвалжлагаар буруу талдаа хүрдтэй автомашины асуудлыг хөндөж байна. Жолооч нарын хэлснээр хөдөлгөөнд оролцоход буруу, зөв хүрдний ялгаа гардаггүй ч баруун талдаа хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүндрэлтэй байдаг аж.

Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Да хүрээ" захаар орлоо. Автомашин худалдаалдаг хэсэгт бараг хүнгүй гэмээр байв. Ганц нэг хүмүүс япон "тэрэг" асууж байгаа харагдана. Жолооч нарын хэлж буйгаар япон автомашин эдэлгээ сайтай, үнийн хувьд ч боломжийн байдаг тул иргэд "хошуурдаг" ажээ.

АВТО ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИАР БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ ХЯЗГААРЛАХ УУ?

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 онд Авто тээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох заалтыг оруулж байжээ. Гэтэл уг хуулийг иргэд хүчтэй шүүмжилсэн учраас түр хойшлуулжээ. Мөн тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан "Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осолдож байгаа машины 80 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг. Харин Монгол Улс зүүн гарын дүрэмтэй юм. 2019 оны буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглох тухай судалж, салбар яамнаас хуулийн төсөл боловсруулж байсан. Тухайн үед хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүний дундаас баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Гэвч яамнаас саналыг хассан" хэмээн хэлж байв.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, баруун талдаа жолооны хүрдтэй автомашин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байдаггүй. Харин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин хүндрэлтэй байдаг аж. Саяхнаас буруу хүрдтэй автомашиныг хориглох тухай яригдаж эхэллээ. Тодруулбал, Зам, тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалж, ажлын хэсгийг ахалж буй. Гэхдээ энэ хуульд хугацаа зааж өгөхийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл хууль батлагдвал иргэдийн өргөнөөр унадаг "Приус" хамгийн түрүүнд хэрэгцээгүй болох юм.

“НИЙТ БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 52 ХУВЬ НЬ БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН БАЙНА”

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс статистик тоон мэдээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсүхээс буруу рультэй автомашины тоог тодруулав. Тэрбээр “Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар:

  • Нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 1 сая, 237 мянга, 621 байгаагаас, баруун талдаа рультэй машин 631 мянга, 798 байна.
  • Үүнээс нийслэлд нийт бүртгэлтэй нь 664 мянга, 37 байгаагаас буруу жолооны хүрдтэй машин 402 мянга, 455, тээврийн хэрэгсэл өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байна.
  • Сүүлийн гурван жилийн дунджаар жилд 98-100 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэг. Дийлэнх нь буруу хүрдтэй буюу Японоос импортоор орж ирдэг.
  • 51 мянга, 440 тээврийн хэрэгсэл, нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 52 хувийг эзэлж байна.

ЗӨВ РУЛЬТЭЙ МАШИН ҮНЭТЭЙ УЧРААС ИРГЭД ТЭР БҮР АВДАГГҮЙ

Бид автомашин худалдаачидтай уулзлаа. Хэрвээ хууль батлагдвал хөдөлгөөнд оролцож буй автомашины 50 хувь нь “хэрэггүй” болох эрсдэлтэй юм.

Д.Батхүү:

-Хорих нь буруу. Зөв жолооны хүрдтэй машин асар үнэтэй байна. Тэгэхээр үнэтэй машиныг иргэд тэр бүр авч чадахгүй. Жирийн иргэд буруу хүрдтэй машин унаж байна. Үнийн хувьд боломжийн учраас хэрэглээндээ тааруулан машин унаж байна. Барихад ялгаа байхгүй. Гүйцэж түрүүлэхэд жаахан хэцүү. Үнийн хувьд автомашин нэг дахин нугарсан байна. Өнгөрсөн жил "Приус" арав гаруй саятай байсан бол өнөөдөр 20 гаруй сая болчихжээ. Тэр хэрээр иргэдийн халаас хоосорч байна.

-Хүн бүр л буруу хүрдтэй машин унаж байхад хориглож чадахгүй байх. Хоригловол ард иргэд хэцүүднэ. Үнийн ялгаа ихтэй. Хаа хаанаа машины үнэ өссөн. Тээврийн зардал өссөн учраас үнэ нэмэгдэх нь тодорхой.

Д.Алтангэрэл:

-Буруу хүрдтэй “тэрэг"-ийг хорьсноор түгжрэлийг бууруулахгүй байх. Хэрвээ хоривол ард түмэн хохирно. 2-3 жил унаж байтал хорьчихвол хаяхаас өөр арга байхгүй. Хэрвээ хорьчихлоо гэвэл бид зөв хүрдтэй машин олоод л ирнэ. Герман, БНХАУ, Солонгосоос авна. Хамгийн гол нь зөв, буруудаа биш. Жолооч нарын сахилга хариуцлагаас болж байна. Япон тэрэг ашиглалтын хугацаа бага, сайн чанартай тэргийг багавтар үнээр авч байгаа учраас иргэд хэрэглээндээ тааруулаад хошуураад байгаа юм. Түүнээс биш ялгаагүй АНУ, Германаас оруулаад ирнэ. Хууль гаргаад хүчээр хэрэгжүүлбэл ард түмэн хэцүүднэ. Би долдугаар сард машин захиалаад, одоо хүртэл аваагүй байна. Долдугаар сарын 13-нд Тяньжин дээр ирсэн машин одоо хүртэл гараагүй. Тэр хэмжээгээр түрээс, банкны өрөндөө дарлуулж байна.

С.Бямбаа:

-Зөв хүрдтэй машин унахад зүгээр. Гэхдээ үнэтэй байдаг. Евро стандартын зөв рультэй машин гэхээр нэг бол шинэ, эсвэл хуучин хэрнээ үнэтэй байдаг. Буруу хүрдтэй машин байхгүй бол уг нь сайн. Яалт ч үгүй "түрийвчиндээ" тааруулж машин авч байна. "Приус 30" 24 сая төгрөг болсон. Үнэ өссөн шалтгаан нь тээврийн зардалтай холбоотой. Гурав дахин өссөн. Хүмүүс мөнгөгүй гэчхээд аваад л байна. Өдөрт ганц нэгийг зарчхаад байгаа.

АВТОМАШИНЫ ҮНЭ 7-8 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

“Да Хүрээ” захад хөл хөдөлгөөн багатай байлаа. Худалдан авагчид ганц нэг машин үзэж, наймаачид сул зогсож байна. Эндхийнхний хэлж буйгаар тээврийн зардалтай холбоотойгоор машины үнэ хоёр дахин нэмэгдсэн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, Японоос орж ирдэг “Приус 20” 18-20 сая, “Приус 30” 22-25 сая, “Приус 40” 29-34 сая болтлоо өсчээ.

Автомашин өссөн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа “Цар тахлын эхэн үеэс Японы үйлдвэрүүд нэг хэсэг саатсан. Үйлдвэрлэл саатаад эхлэхээр жилийн дараа хэрэглэгчиддээ мэдэгдэж эхэлсэн. Шинэ машины хангамж багассан юм шиг байгаа юм. Хуучин машин дотооддоо их эрэлттэй байгаа. Хоёр жилийн өмнө “Nissan advan”7-8 сая төгрөг байсан бол одоо өөрийнх нь үнэ нэмэгдээд, одоо 15 сая төгрөг болсон байна. Тээврийн зардал гурав дахин нэмэгдсэн. Жижиг тэрэгний тээврийн зардал 1.4 сая байдаг байсан бол одоо дөрвөн сая болсон. Тээврийн зардал 3-4 саяар, өөрийнх нь үнэ мөн нэмэгдсэн. Тэгэхээр найман саяар зарагдаж байсан машин 15 сая болчихсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж