Хятад, АНУ-ын өрсөлдөөн Африкт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Хятад, АНУ-ын өрсөлдөөн Африкт үргэлжилж байна

Хятад, АНУ-ын өрсөлдөөн Африкт үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены удирдан зохион байгуулж буй хоёр өдрийн Ардчиллын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. 100 гаруй төлөөлөгч нэг дор цуглуулсан уг чуулга уулзалтаар дэлхий дахинд авторитар дэглэм дэлгэрэхийн эсрэг арга замыг эрэлхийлж байна. Тус чуулга уулзалтад Африкийн 17 орон уригдан оролцож буй нь тус тив дэх АНУ, Хятадын ашиг сонирхлыг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Тухайлбал, Ардчиллын энэхүү уулзалт нь Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумаас ердөө долоо хоногийн дараа болж байгаа юм.

Дакарт болсон уг форумын үеэр Хятадын дарга Ши Жиньпин хөдөө аж ахуй, цаг уур, дижитал эдийн засаг, аж үйлдвэржилт зэрэг олон салбарт 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Мөн цар тахлын эсрэг нэг тэрбум тун вакциныг Африк тивийн орнуудад хандивлах болон хамтарч үйлдвэрлэх тухай зарласан юм.

Энэ мэтээр Африк дахь Бээжингийн “халамж” сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байгаа төдийгүй Хятад улс хэдийнэ хар тивийн худалдааны хамгийн том хамтрагч болсон. Африк тивд эн тэргүүний хэрэгцээ нь дэд бүтэц бөгөөд Хятад улсаас сүүлийн 20 жилд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна.

Нөгөө талд АНУ тус тив дэх Хятадын хэт нөлөөлөл, хараат байдал үүсэхээс болгоомжилсон хандлагатай байна. Түүнчлэн Африк тивд ардчилал тогтоох, бэхжүүлэхэд АНУ онцгой анхаарч буйн илрэл нь эдгээр өдрүүдэд болж буй Ардчиллын чуулга уулзалт юм. Үүний зэрэгцээ ардчилсан орнууд эдийн засаг, худалдааны ашиг сонирхлоос үүдэн Хятад улстай илүү ойртох, өрийн хараат байдалд орох нь нэмэгдсэн нь Ардчиллын чуулга уулзалтад ач холбогдлыг өсгөж байгаа юм.

Судалгаанаас харахад, Африкийн хүн амын олонх нь чөлөөт ардчилсан оронд амьдрахыг хүсдэг ч үүнээс илүү засгийн газар нь чанартай зам барьж, хөгжингүй боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлын системээр хангахыг илүү чухалчилж байна. Тиймээс энэ хэрэгцээг хангахын тулд Хятадын хөрөнгө оруулалтыг татах нь Африкийн засгийн газруудын ажил болж байгаа юм.

ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СОНГУУЛЬД ЯЛАХАД НӨЛӨӨЛДӨГ

Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын үеэр Сьерра-Леон улсын Гадаад хэргийн сайд саяхан баригдсан 7 км урт гүүрний зургийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад бэлэглэсэн. Сьерра-Леоны нийслэлийг нисэх буудалтай холбосон тус гүүр нь 1.2 тэрбум ам.доллараар баригдсан. Үүнээс л Хятад улс Африкийг хэрхэн чухалчилж үзэж буйг харж болно.

Нөгөө талд тус гүүр нь Сьерра-Леоны Ерөнхийлөгчийн ирэх 2023 оны сонгуульд улиран сонгогдоход нөлөөлөх гол хөзөр гэж харж байна. Саяхан Гамбиа улсын Ерөнхийлөгч Хятадын барьж өгсөн гүүрний тусламжтайгаар хөрш Сенегалтай хийх худалдаа сайжирсан гэж лоббидсоор улиран сонгогдож чадсан юм. Улмаар энэ нь Африкийн удирдагчдад ард иргэдийн итгэлийг олж, суудалдаа үлдэхийн тулд Хятадаас дэд бүтцийн төсөл татах сонирхлыг өдөөсөн гэж үзэж байна.

Африкийн хөгжлийн банкны тооцоолсноор, тус тивд жилд 130-170 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай ч дөнгөж 68-108 тэрбум ам.долларт эргэлдэж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалтын дутууг Европын холбооноос нөхөх бүрэн боломжтой, ингэснээр Хятадаас хэт хараат байдлыг бууруулахад нэмэр болно. Тиймээс Европын холбооноос АНУ-ын дэмжлэгтэйгээр 340 тэрбум ам.долларын дэд бүтцийн төсөл боловсруулан, Хятадын бүс-зам санаачилгад сөргүүлэн тавьжээ. Гэвч Хятад улс хэдийнэ дэлхийг тойрон төмөр зам, боомт, автозамын сүлжээ бариад эхэлсэн тул барууны орнуудаас алхам урд явна.

ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙГ АШИГЛАХ НЬ

Африкийн чөлөөт худалдааны бүсийн худалдааг дэмжих хөтөлбөрийн дарга Францис Мангенийн хэлснээр, тус тив нь өрсөлдөөнд анхаарахаас илүү хамтын ажиллагааг чухалчлах нь зүйтэй гэжээ. Түүний үзсэнээр Африк тив дэх Хятадын нөлөөг сөргөөр харж, өрсөлдөөнөөр зохицуулахын оронд бусад хүчнүүд баг болж хамтрах нь ашигтай аж. Үүний тулд Африкийн орнууд нэгдмэл байх шаардлагатай. Тэгсэн нөхцөлд тус тив дэх АНУ, Хятадын өрсөлдөөнийг ашиглаж чадах гэнэ. Тухайлбал, АНУ хүний нөөцөөр хөрөнгө оруулахад тохиромжтой бөгөөд эрүүл мэндийн чиглэлийн шилдэг их сургуулиуд тус улсад байдаг.

Харин Хятад нь дэд бүтцийг бүтээн байгуулахдаа хурдан учир эмнэлгүүдийг барихад тохиромжтой. Улмаар Хятадын барьж өгсөн эмнэлгүүдэд АНУ-д суралцсан эмч нар ажиллаж эхэлбэл Африкийн эрүүл мэндийн салбар огцом хөгжинө. Ирэх 2050 он гэхэд Африкийн хүн ам хоёр дахин өсч, 2.5 тэрбумд хүрэх тооцоо гарсан ба эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжил дэвшил гол асуудал юм. Африк дахь худалдааны ханш дэлхийд хамгийн өндөрт ордог учир нь тээвэрлэлтийн зардал уг үнийн 90 хувийг бүрдүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж