Улаанбаатар хот, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр – Монгол Улсад орон даяар өрнүүлж буй “Хүчирхийлэл хүн бүрд хамаатай” жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-гаас Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх бодлого болон Компакт гэрээний дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгаа хамтрагч байгууллагууддаа танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, АНУ-ын Элчин сайдын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо болон бусад төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож санал сэтгэгдлээ солилцов.
МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатэма Сумар уулзалтын эхэнд “Монголын МСС-аас дэд бүтцийн төслүүдэд нийгэм, жендэрийн асуудал, тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь Монголд төдийгүй олон улсад жишиг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Харин Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтыг нээн хэлсэн үгэндээ “МСК-аас зөвхөн усны салбарын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд туслаад зогсохгүй, дэд бүтцийн салбарт мөрдөгддөг үнэт зүйлс, дүрэм, журам, стандарт, сайн туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлж байгаад баяртай байна” гэж хоёр байгууллагын хамтын ажиллагааг онцлов.
Оролцогчид Монголын МСС-ийн зүгээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай түншлэн, барилгын салбарт хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн дарамттай тэмцэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд жишиг болохуйц сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, төрийн болон иргэний нийгмийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдав. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах Ч.Амарбаясгалан ажлын байрны хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчил хэргээс урьдчилсан сэргийлэх, энэ талаарх зөв мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт, уулзалт зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх хуульч С.Дондов “Монгол улсад хэдийгээр энэ талаарх хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн ч, хэрэгжүүлэлт хяналт дутмаг байдаг. Монголын МСС-аас иргэний нийгмийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажиллаж буй санаачлагыг Монголд хэрэгжиж буй бусад төслүүд ч мөн адил хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Түүнчлэн, АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй уулзалтыг хааж хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас гаргасан жендэрт суурилсан хүчирхийлэл болон бэлгийн дарамттай тэмцэх бодлогыг МСК-ын санхүүжилттэй төсөлд мөрдөх шаардлагатайг онцлоод энэ тал дээр Монголын МСС тэргүүлэн ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Монголын МСС-гийн нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://mca-mongolia.gov.mn/social-and-gender-integration-plan
Фатэма Сумар, МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч болон Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос
Шэрон Рожерс, МСК-ын Жендер, нийгмийн оролцоо хариуцсан захирал
А.Отгончимэг, Монголын МСС-ийн Нийгэм, жендерийн оролцоо хариуцсан захирал
А.Лхамсэржид, БХБЯ-ны Салбарын сургалт, хүний нөөцийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч
С.Дондов, ХНХЯ-ны Зөвлөх, Хуульч
Грегори Мэй, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн