Энэтхэгийн цэргийн дээд командлагч Ген Бипин Рават өмнөд Тамил Наду мужид нисдэг тэрэгний ослоор нас барсан тухай тус улсын агаарын хүчнээс мэдэгдлээ. Тэрбээр Лхагва гаригийн өглөө эхнэр болон бусад 12 хүний хамтаар Куноор хотын ойролцоо "Mi-17V5" нисдэг тэрэгтэй осолдов. Ослоос нэг хүн амьд гарчээ. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
63 настай Ген Бипин Рават нь 2019 оны нэгдүгээр сард Энэтхэгийн батлан хамгаалах штабын генералаар анх удаа томилогдож байжээ. Уг штаб нь арми, тэнгисийн цэрэг, агаарын хүчнийг нэг дор нэгтгэсэн бөгөөд Ген Раватын хувьд Кашмир муж дахь штабын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан.
Манантай үед болсон уг ослыг мөрдөн шалгах тушаалыг Энэтхэгийн агаарын хүчнээс өгчээ. Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй засгийн газрын аюулгүй байдлын хороо энэ асуудлаар яаралтай хуралдаж байна.
Ерөнхий сайд Моди твиттер хуудсандаа “Ген Рават нь цэрэг армийн арвин туршлагатай хүн байсан. Энэтхэг улс түүний хосгүй хичээл зүтгэлийг хэзээ ч мартахгүй. Жинхэнэ эх оронч байсан тэрбээр Энэтхэг улсын зэвсэгт хүчин болоод батлан хамгаалах аппаратыг шинэчлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Стратегийн асуудлаарх түүний гярхай ухаан, алсын хараа нь хэн хүнээс илүү байсан. Энэхүү эмгэнэлт явдал надад маш хүндээр туслаа” гэж жиргэжээ.
Ослын газар дээрх зургуудаас харахад эвдэрч сүйдсэн нисдэг тэрэгнээс өтгөн утаа олгойдож байсан. Оросод үйлдвэрлэсэн "Mi-17V5" нисдэг тэрэг нь Сулурт байрлах баазаас Веллингтон чиглэлд дөнгөж хөөрөөд байжээ. Ген Рават батлан хамгаалах штабын коллежид айлчлахаар явж байсан бөгөөд зорьсон газраасаа ердөө 100-хан км зайд осолджээ.
Нисдэг тэрэг дотор генералын эхнэр, долоон цэргийн алба хаагч, хөлгийн багийн таван гишүүн байжээ. Ослоос амьд үлдсэн цор ганц хүн нь батлан хамгаалах штабын коллежийн ахмад юм. Ослыг нүдээр үзсэн гэрчийн мэдүүлснээр, нисдэг тэрэг доош унаж байгаа харагдсаны дараагаар хэд хэдэн удаа аймшигтай чанга чимээ гарчээ. “Би нисдэг тэрэг доош унаж байгааг харсан. Нэг модыг мөргөж унаад шууд гал гарсан. Намайг гүйгээд очиход өтгөн утаа олгойдож байсан. Ердөө минутын дараа л дүрэлзсэн гал нь манай байшингаас ч өндөр болсон” гэжээ.
Осол шигүү мод ургамал бүхий өндөрлөг газарт болсон учраас аврах үйл ажиллагаанд саатал гарсан байна. Хэдийгээр "Mi-17V5" нисдэг тэрэг нь хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл боловч, насжилт өндөртэй Энэтхэгийн агаарын хүчний онгоцнууд нь олон тооны ослын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ