Ч.Өнөрбаяр: Хууль зөрчсөн дарга нарынхаа турсгыг хуул л даа!

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Ч.Өнөрбаяр: Хууль зөрчсөн дарга нарынхаа турсгыг хуул л даа!

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулганыг 2021 оны арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус нам Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан энэ сарын 10-ны өдөр тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу тэргүүтэй Ардчилсан намын гишүүд долоо хоног бүрийн 4:11 уулзалтын цагаараа тайван жагсаал, чуулган болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.


ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Маргааш олон улсын хүний эрхийн өдөр. 1989 оны 12 дугаар сарын 10-ны энэ өдөр Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, тухайн үеийн Залуучуудын соёлын төв, Хүүхэд залуучуудын соёлын төвийн урд анхны ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан болж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас гарсан тогтоолоор энэ өдрийг ардчилал, хүний эрхийн тэмдэглэлт өдөр болгон зарлаж, тэмдэглэж ирсэн түүхтэй.

Өнөөдөр энэ уулзалтад Ардчилсан намын залуучууд, удирдлагын багийнхан үе үеийнхээ ардчилагчид, ардчиллын анхдагчид, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрх ардчиллын төлөө тууштай үнэнч тэмцэж ирсэн нийт ардчилагчиддаа баярласан талархсанаа илэрхийлж, олуулаа ирээд байна.

Арванхоёрдугаар сар Ардчилсан намын хувьд их чухал, онцлогтой сар. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, Ардчилсан намыг үүсгэн байгуулсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Үндэсний анхдугаар чуулганаа зохион явууллаа. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаант Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглаж, дэлхий нийтэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан. Ийм чухал түүхэн ойн өдрүүд болдог. Ардчилсан намаас арванхоёрдугаар сард олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Ардчилсан нам өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа, үндэсний аяныг дөрвөн удаа зохион байгуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн чуулган хараахан хийж амжаагүй байсан. Тийм учраас энэ удаа Үндэсний анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Орон даяар ардчиллын манаанд зогсож буй гишүүд, дэмжигчид гээд 1300-гаад төлөөлөгч хүрэлцэн ирж, ардчиллын үйл хэрэг, намын дотоод асуудал, цаашдын шинэчлэлийн асуудлыг зэрэг маш олон асуудлыг хэлэлцэж, ярилцан зөвлөлдөж, чуулганаа маш амжилттай хийлээ.

Маргааш (2021.12.10) уламжлал ёсоор С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ цуглаанд хүний эрхийн төлөө ажилладаг олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн иргэдээ ирж үгээ хэлээрэй, ялангуяа сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүмүүст үгээ хэлэх бололцоо олгож байгаа гэдгийг хэлмээр байна.

Арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөө таван нам нэгдсэн өдөр эрх баригч МАН их хурлаа хийлээ. Их хурал дээрээ хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Мөн шинэ сэргэлтийн болон эдийн засгийн бодлогуудаа зарлаж байсан.

Эх баригч нам өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудал, парламентын шинэчлэлтэй холбоотой асуудал, булхай луйвартай холбоотой асуудлууд дээр маш их алдаа гаргаж байсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхэд халдаж байсан. Ялангуяа Covid-19-ийн онцгой байдлын үеийн хуулиар далимдуулж бизнес эрхлэгчид, иргэдээ хохироож байсан маш их алдаа завхрал гаргасан.

Гэхдээ үүнээсээ сургамж авч, хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үзэж, энэ талаар тууштай ажиллахаа мэдэгдэж байгаа нь маш их том дэвшил юм гэж харж байгаа. Энэ бол улс төрийн аль нэг хүчний асуудал биш. 1992 онд Үндсэн хуулиараа Монгол орон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, хүний эрхийг дээдэлсэн улс орон болохоо тунхаглан зарласан. Өнөөдөр Монгол Улсын парламентад суудалтай бүх улс төрийн хүчин энэний төлөө явж байгаа, үүнийгээ онцгойлон дурдаж, ажиллах амлалтыг ард түмэндээ өгч байгаа нь дэвшил юм гэж харж байна. Гэхдээ зүгээр нэг их хурлын уриа лоозон, цаасан дээр бичсэн гоё сайхан, чимэг төдий үг битгий байлгаарай. Энэ чиглэлд эрх баригч нам болон бусад намуудтай Ардчилсан нам хамтарч ажиллахад бэлэн. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам энэ чиглэлээр тууштай ажиллаж ирсэн учраас хамтарч ажиллахад таатай байх болно.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ГЭЖ ЗАРЛАЖ БАЙГАА НЬ ХООСОН ЗҮЙЛ, ЦААСАН МАЛГАЙ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Улс орнууд хөгжлөө 100 жилээр төлөвлөдөггүй. 50 жил, 100 жил гэдэг бол дэлхий асар хурдтай хувьсан хөгжиж, хүний хөгжил асар худтай яваа үед худлаа лоозон, хоосон амлалтын цуглуулга болдог. Ирээдүйн Монголын хөгжлийн бодлого гэж зарлаж байгаа нь хоосон зүйл. Энэ бол цаасан малгай. Том гүрнүүд хүртэл улс орны хөгжлийн бодлогоо хамгийн багадаа 10 жилээр төлөвлөж байдаг. Тэрнээс цааш юу ч өөрчлөгдөж магадгүй. Ялангуяа технологийн хувьсал, эдийн засгийн реформын үед. Монгол Улс урт хугацааны бодлого ярих гэж байгаа бол тэр нь манай Үндсэн хууль юм.

Гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг пүү паа, одоо л хүний эрхийг хамгаалъя гээд яриад байна. Өнөөдөр МАН сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулаад, Монгол Улсын төр болчихсон яваа шүү дээ. Монголын төр хуульдаа, Үндсэн хуульдаа захирагддаг юм байгаа биз дээ.

Үндсэн хуульд хүний жагсах, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх тухай, төр засаг тэр битгий хэл хууль зүйн болон бусад баталгааг хариуцна гээд үүрэг болгоод өгчихсөн. Эд нар үндсэн ажлаа хийх л ёстой. Одоо нэг их гоё дуу уянгалуулах гээд хэрэггүй л байхгүй юу.

Хоёрдугаарт, одоо бодитой ажилд оръё. Ирээдүйд ингэнэ, 100 жилд ингэнэ, 2050 алсын хараа гээд холын юм яах вэ. Бодитой алхмууд хийе. Өнөөдөр Ардчилсан нам засаглаж байхад батлагдсан маш олон хүний эрхийн тухай хуулиуд тэр чигээрээ л байж байна. Шилэн дансны хууль гээд батлуулсан. Эрх баригч нам таван жил засаглахдаа энэ хуульд нэг удаа нэг ч үсэг нэмсэнгүй. Энэ хуулийг сайжруулах талаар нэг удаа санаа зовсонгүй. Энэ хуулийг хэрэгжилт, биелэлтийн тухай асуудлаар Ерөнхий сайд нэг удаа сонсгол хийсэнгүй.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хүний эрхийн тухай хуулийн биелэлтүүдийг УИХ, ард түмний өмнө хариуцдаг абан тушаалтан чинь Монгол Улсын Ерөнхий сайд шүү дээ. Энэ МАН-ын даргын ажил. Яагаад энэ ажлаа хийхгүй байгаа юм бэ. Хүний эрхий хамгаалан гэж лоозогнохынхоо оронд хүний эрхтэй холбоотой хуулийн асуудлуудаа, тэр дарга нараа, хууль зөрчөөд байгаа хүчний байгууллагынхнаа авчраад турсгыг нь хуул л даа. Ингэж байж бодитой болно.

Үнэхээр УИХ-ын гишүүд хүний эрхэд санаа зовоод байгаа бол Шилэн дансны хуулийг сайжруул л даа. Нэмэлт өөрчлөлтийн төслийг бариад гүй л дээ. Энэ дээр бид таван төсөл бэлэн болгосон байгаа. Ирэх долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнтэйгээ хэлэлцүүлгүүд хийж эхэлнэ. Судлаач нар, хэвлэл мэдээллийнхэн, иргэдээ урьж байна. Өнөөдөр УИХ дээр ярьж байгаа асуудлыг УИХ-ын дарга, нийслэлд ярьж байгаа асуудлыг нийслэлийн Засаг дарга Сумъяабазар шийддэг байж таарахгүй. Бид Иргэний улс төрийн эрх гэсэн хуулийн төслийг бичээд дууссан, одоо өргөн барих гэж байгаа юм. Гол санаа нь юу вэ гэхээр тойргоос сонгогдсон гишүүн тухайн тойргийнхоо 5000 гишүүний гарын үсгийг зуруулж чадвал тэр асуудал УИХ-ын хавар, намрын чуулган дээр яригддаг, тэр асуудал нийслэлийн хурал дээр яригддаг болъё гэж байгаа юм.

Сонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдэхгүй юм бол УИХ-ын гишүүн байгаад яах юм бэ. Ийм л зарчим руу явж байгаа юм. Хэдхэн дарга Монгол төр, Монголын Их хурал дээр яригддаг асуудлыг шийддэг байх юм бол энэ Монгол Улс явахгүй. Тэгэхээр ялангуяа иргэддээ улс төрийн эрхийг нь өгье. Аль намын гишүүн мөн, бишээс үл хамааран тухайн тойргийн гишүүн тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд тойргийнхоо сонгогчидтой хамтарч ажилладаг энэ хэлбэр рүү оръё гэж байгаа юм. Сонгогдсон гишүүн тойргоосоо 5000 иргэний гарын үсгийг цуглуулж чадахгүй бол чи нэр хүнд, тойрогтоо очих нүүргүй болчихсон байна гэсэн үг шүү дээ.

Асуудлыг шийдэж чадахгүй бол байгаад яах юм бэ. Ингэж байж сонгогдсон гишүүд эргээд иргэдтэйгээ холбоотой болно. Иргэд асуудлыг ярихад бодитоор оролцдог болно. Эрх баригч нам хүний эрхийн тулгамдсан асуудлууд дээр хамтарч ажилла, энэ хуулийн төслүүдийг УИХ-аар батлуул аа. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай хэлэлцэх асуудлын жагсаалтад оруул аа. Үнэхээр хүний эрхийн төлөө дуугарч, үйлдэл хийе гэж байгаа бол. Ардчилсан нам ийм уриалга , зарчмын шаардлага тавьж байгаа юм.

"ТӨӨРСӨН ХОНИНУУД МИНЬ БУЦАЖ ИР"

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ: 

-Манай анхдугаар чуулган хуралдаж, эв нэгдлийг баталгаажуулах үүднээс намын даргын асуудлыг Улсын дээд шүүх дээр шуурхайлах ерөнхий чиглэл өгөөд, Монгол Улсын Дээд шүүхэд бид материал өгсөн. Энэ материалыг нэн яаралтай, шуурхай шийдээч ээ гэж Улсын дээд шүүхээс шаардмаар байна. Улс төрийн хэвийн үйл ажиллагаа явуулах гэхээр санаатайгаар, шулуухан хэлэхэд өмнөх ерөнхийлөгчийн нөлөөнд байдаг шүүх хуулийн байгууллагынхны хараанд манай Ардчилсан намыг бойкотлосон байдалтай байна. Би Ардчилсан намынхаа эгэл жирийн гишүүдэд хандаж хэлмээр байна. "Төөрсөн хонинууд минь буцаж ир" гэдэг шиг та нар минь Ардын намын гар, хөл бололгүйгээр Тулгат дарга дээрээ нэгдээд, бүгдээрээ хамтдаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе. Ингэхгүй бол ард түмэн ямар ч мэдээлэлгүй, үнэн зөв бодит байдлыг мэдэх боломжгүй болчихоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
305
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж