Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс баруун хойд зүгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт шөнийн 00.46 цагт болсон байна. Тус сумын Засаг даргын орлогч болон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлөөс тодруулахад "Эрх зүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд энэ жил ажлууд хийхээр төлөвлөсөн.
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах системийг бүрдүүлэн ажиллаж байгаа.
Хөвсгөл, Өмнөговь, Архангай, Баянхонгор зэрэг аймгуудад газар хөдлөлтийн идэвхжилт их байдаг. Тиймээс газар хөдлөлтийн эрсдэлийг тооцоолох үнэлгээг тогтмол гаргаж, урьдчилан сэргийлж ажиллаж байгаа гэсэн юм. Тиймээс давтамжийн хувьд эдгээр аймгуудад ойрхон байж болзошгүй гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс анхаарууллаа.
Холбоотой мэдээ