Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж гаргав уу?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав, зурагдугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл 4 жил, давтан бол 8 жил эрх хасна гэж заасаны дагуу шийдвэрлэсэн.

-Таныг цахим орчинд улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид түүнийг хэлмэгдүүлж байна, мөн захиалгаар ийм шийтгэл ноогдуулж байна гэсэн шүүмжлэл их яригдаж байна?

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж.  Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй.

Харин Монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь  бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.  Энэ нь  аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл хир, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй.

Одоо олон зуун залуучууд бөхийн  бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр эрхлээд бөх болохоор зорьж байна.  Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн 2 удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу.  Надад ч бусад олон бөхөд ч энэ 4 залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргав.  Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, Ханхэнтий аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв.

-Улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид бухимдаад байгаа нь адилхан допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурь даян аварга цол аваад мөн барилдах эрхээ 11 сараар хасуулсан, харин нөгөө бөх нь 8 жил хасууллаа гэдэгт байх шиг байна?

-Бухимдаад байгаа нөхөд нь  бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон.

Арваннэгдүгээр сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн  олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь  Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан.

Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуу. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс,  төрийн хэсэг албан хаагчид оролцоод  харилцан адилгүй шийдвэр  гаргахаар  бухимдагсадыг бий болгоод  байгаа нь эргээд  Төрийн болон  өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай байх шиг.

-Бөхийн холбоо бас таныг 2009-2019 оны хооронд допингийн зөрчил гаргасан 38 бөхийн нэрсийг зарла гээд шаардаад байна?

-Бас дэмжигчид нь шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар 6 удаа хандсан. Тэд нэг хариултаа 3 удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард  иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн.  Одоо дэмжигчид мөн  намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол  гаргуулж аваад олон нийтийн сүлжэээндээ гаргаад тавьчих.

Энэ дашрамд хэлэхэд одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх  хэрэгтэй.

Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж,  хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал.  Монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын багагүй хэсэг нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрт таарсан хэмжээндээ байгаа түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлвөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Барьц сонгохыг халсанаар олон өөрчлөлт гарч байна гэж яриад байгаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин 2 бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг  нэг талдаа хүчээр ч гэх юм уу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Допингийн явцын шинжилгээ авах асуудал яригдсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал  хариуцлага тооцдог журамтай.  МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс 7 бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авсанаас үндэсний бөхийн 2 бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ 2 жилээр, чөлөөт бөхийн холбоо 1 жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасаны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээний хариуг их удаадаг нь шүүмжлэл их дагуулдаг. Иргэдийн олонх нь энэ хариутай бөхийн холбоог холбож ойлгоод байдаг? 

-Допингийн эсрэг байгууллага  бас төрийн бус байгууллага.  Тэд допингтой тэмцэх, сургалт семинар таниулах хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа  төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдааны шинжилгээний төлбөрийг төсвөөс,  бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул  шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг.

Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсадыг  олон  шалгасан гэдэг. Тэд яаж шалгадаг,  хоорондоо ямар харилцаа үүсгэдэгийг бид  мэдэх аргагүй.

Шалгалтын үр дүн ямар байгааг бас мэдэхгүй.   Харин одоо 12-р сарын 11-ний өдөр 11 цагаас МҮБХолбоо, БТСУХороо, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон асуултны хариуг  энэ уулзалтаар авч  болох байх гэж бодож байна.

-Баяр наадмын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд зайлшгүй орох заалтуудаа оруулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хуулийн  төсөлд дөрөв, тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж  байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яам руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байгаа.

-Энэ жил наадам хийхгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн ч бүх аймгууд цол олгох наадмын бөхийн барилдаанаа хийж Засаг дарга нар бүгд захирамжаа гаргаад аймгийн цол чимгээ өгчихлөө. Одоо сумд бөхийн цол олгох барилдаануудаа хийж байна. Энэ асуудалд МҮБХ ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол хүний өөрсдийгөө бусдаас ялгагддаг гэж үздэг цөөхөн зүйлийн нэг нь үндэсний баяр наадам, цагаан сар. Энэ  баярууд  мөн бидний  Их хааны байгуулсан гүрэн улсын мандан бадарч байсан  түүх нь  байхгүй бол бид одоо байгаа байдлаараа хэцүүхэн үндэстэнгээр тодорхойлогдоно.   Харин наадам, цагаан сараар үндэсний хувцасаа өмсөж хаана ч байхгүй эрийн гурван наадмаа хийж, уртын дуугаа дуулдаг, сонсдог болохоор бид тусгаар улс гэдгээрээ бахархаж, түүнийгээ тунхаглаж, ард олон нь ч энэ хоёрхон өдөртөө аз жаргалтай бусдад харагддаг, бид өөрсдөө ч үүнийгээ мэдэрдэг.  Энэ жил зун цагтаа  агаар салхитай задгай талбайд сум, аймгийн бүр улсын наадмыг нэг зэрэг хоёрхон өдөр хөл хөдөлгөөн багатай зохион байгуулчихад бүх талаар буруудахгүй байсан.  Хориглосон, хүчилсэн зүйлийн эсрэг  үр дүн нь уг зүйлээсээ  илүүтэй гардаг нь ганц бидэнд биш хүн төрөлхтөнд нийтлэг тохиолддог зүйл.

Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. Аймгууд  наадамтайгаа ижил чансаатай бас маргаан будлиангүй барилдаан зохион байгуулаад, Засаг дарга нь аймгийн цолны үнэмлэхийг гардуулаад ирэхэд холбоо  санал гаргасанаараа бөхийн цолны эрэмбэнд оруулахаас өөр аргагүй.

Харин намар, одоо өвөл хийж байгаа сумын цол олгох барилдаанд  санаа зовохоос аргагүй байдалд биднийг хүргэж байна. Тэднийг хянах арга байхгүй, тэнд будлиан найраа, зүй бус үйлдэл гарч бөхийн нэр хүндийг  унагах үйлдэл мөн өвөл цагт хол газар явцгааж аваар осол гарах вий зэрэг. Гэтэл бүр өнгөрсөн 7-р сард наадмаа хийчихсэн 30 гаруй сум байна. Барилдаанд түрүүлж үзүүрлэсэн залуучуудад Засаг дарга нь захирамж гаргаад сумын  цол олгоод,  тэд үнэмлэхээ бариад сумын цолтны барилдаанд бүртгүүлэхээр ирцгээсэн. Сая гэхэд 11 сард 20 гаруй сум цол олгох барилдаан зохион байгуулчихсан.  Хуулиа зөрчсөн гэж үзвэл энэ зун, намрын  аймгийн цол олгосон бүх наадмууд ч зөрчсөн. Бүр улсын наадмаа хойшлуулсан Засгийн газрын шийдвэр  нь үндсэн хуулийн зарим заалттайгаа ч зөрчилдчихсөн /Бүүр цааш нь үзвэл 2005 оноос хойших сум, аймгийн наадмууд ч хуулиа зөрчөөд хийчихсэн/.  Тэгэхээр  хүчилж хориглохоор дараа нь төвөгтэй байдал үүсэх ийм зүйлүүд гарах,  тэр нь зөвхөн одоо ид  барилдаж байгаа  6000 гаруй бөхийг харьяалах манай холбоонд ямар их хүндрэл гарч байгааг  шийдвэр гаргагчид маань дараа  анхаармаар юм билээ.

эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж