УИХ-ын Тамгын газар, Швейцарын талтай туршлага, мэдээлэл солилцлоо

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газар, Швейцарын талтай туршлага, мэдээлэл солилцлоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран “Швейцарын парламентын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг (2021.12.08) зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлд түлхүү хөгжүүлж байна.

Уг сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Янжинхорлоо нээж үг хэлсэн бөгөөд сургалтад Швейцарын парламентын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын төслийн менежер Рауль Кензиг, Швейцарын парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны нэгжийн дарга Мариа Стосич нар оролцож, тус улсын парламентын Тамгын газрын хяналт шалгалтын чиг үүрэг, парламент дахь Хяналтын байнгын хорооны үйл ажиллагааны туршлагаас хуваалцлаа.

“Швейцарын парламентын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” мэдээлэл солилцох уулзалт, сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хамрагдсан бөгөөд тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг “Швейцарын парламентын Тамгын газрын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх журмыг батлуулж, үнэлгээг тогтмол хийдэг болсон. Уг үр дагаврын үнэлгээний дүнг парламентын гишүүдэд хүргүүлдэг болсноор олон давуу тал бий болж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар 2018-2020 онд жилд гурван удаа хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг байсан бол 2021 онд хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд нийт 13 удаагийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Үүнээс зургаан хуульд үр дагаврын үнэлгээ, гурван хуульд явцын хяналт шинжилгээ хийснийг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг илтгэлдээ дурдав.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байгаа энэ цаг үед энэхүү уулзалт, сургалт чухал ач холбогдолтой болохыг оролцогчид онцолж байлаа.


Цаашид хоёр улсын парламентын Тамгын газрууд парламентаас төсвийн хяналтыг хэрэгжүүлэх, нийтийн сонсголыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентаар хэлэлцүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж