Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тойргийн ээлжит тоглолтууд урд шөнө боллоо.
- Байерн Мюнхен 3 – 0 Барселона
Каталон үндэстний баяр бахдал Барселона клуб энэхүү тоглолтоос зайлшгүй хожил авч байж, санаа зовох зүйлгүй хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авах байв. Гэвч тоглолтын өмнө Байерн Мюнхений Томас Мюллер “Германы хөлбөмбөг ямар байдгийг дэлхийд мэдрүүлэх болно. Үүнийгээ Барселонагаас эхлэх болно” гэх утгатай зүйлсийг ярьсан. Хэлсэн шигээ хийдэг гэдгээ ч Мюллер баталж, тоглолтын эхний гоолыг оруулав. Түүний гоолын дараа Лерой Сане, Жамал Мусиала нар дараалан гоолдож, герман хөлбөмбөг толилууллаа.
Мессид алтан бөмбөгөө алдсан Роберт Левандовски ч даруухан тоглож, Аргентин эрийн хуучин багт уураа гаргасангүй. Байерн Мюнхен ийнхүү хэсгийн зургаан тоглолтоос зургаан хожил авч, 100 хувийн амжилттай хасагдах шатанд шалгарав. Харин Барселона клуб хэсэгтээ гуравдугаар байрт орсноор 2003-2004 оны улирлаас хойш анх удаагаа Европа лигт тоглохоор болж байна.
Катараас Испани руу тушаал дэвшсэн Шави ч шинэ багийнхаа учрыг олоход хугацаа хэрэгтэй байгаа нь харагдсан. Байерныг хожиход бидэнд ид шид хэрэггүй гэж ярьж байсан тэрбээр тоглолтын дараа “Өнөөдөр бол бидний шинэ бүлгийн эхлэл. Бид өөрсдөөсөө илүү ихийг шаардах ёстой. Бид өнөөдрийн хожигдлыг эргэлтийн цэг болгон ашиглах хэрэгтэй. Одоо үнэнтэй нүүр тулж, Барселонаг байх ёстой газар нь эргэн авчръя. Барселонагийн байх газар Европа лиг биш. Үнэнтэй нүүр тулах нь үнэхээр бухимдмаар байна. Миний уур хүрч байна. Барселона ийм байх ёсгүй” гэжээ.
Месси явснаас хойш Барселона учраа олохгүй хэвээр байна.
Нөгөө талд Бенфика Украины Динамо Киевийг хожсоноор хэсэгтээ Барселонагийн дээр бичигдэж, хасагдах шатанд шалгарсан. Хэрэв Бенфика хожигдсон бол Барселона цааш шалгарах байлаа.
- Зенит 3 – 3 Челси
Энэ улирлын УЕФА Аваргуудын лигийн аварга тодрох цэнгэлдэхэд өнгөрсөн улирлын аваргууд зочиллоо. Гараандаа багагүй өөрчлөлтийг хийсэн Челси тоглолт эхлээд дөнгөж хоёр дахь минутад гоол оруулсан бөгөөд гоолын эзэн нь Тимо Вернер байв.
Вернер Челсигийн түүхэнд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд хамгийн хурдан гоол оруулсан тоглогч болов.
Гэвч талбайн эзэд нэгдүгээр үед хариуг нь барьж, Клаудиньо, Сердар Азмун нар багтаа тэргүүллийг авчрав. Харин хоёрдугаар үед аваргуудаас Ромелу Лукаку болон Тимо Вернер нар гоол оруулж, тооны харьцааг 3-2 болгосон. Хэрэв тоглолт энэ үр дүнгээр өндөрлөсөн бол Челси хэсгээ тэргүүлж, Ювентус хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарах байсан юм. Харамсалтай нь, Челсигийн хэсгээ тэргүүлэх хүслийг Магомед Оздоев 90+4 дэх минутад үгүй хийж, гоол оруулснаар тоглолт 3-3 гэсэн харьцаатай тэнцэн Ювентус хэсгээ тэргүүлж, Челси удаалав.
Хэсгээ тэргүүлэх боломжоо эцсийн мөчид алдсан Челсигийн ахлах дасгалжуулагч Томас Тухель тоглолтын дараа “Тэргүүлэл авах үед бидний хандлага өөрчлөгдөж, хэзээ ч хийж байгаагүй, хэзээ ч хийх ёсгүй үйлдлүүдээ хийчихлээ. Бид эхний 15 минутад сайн байсан. Тэрнээс хойш хийж байсан зүйлсээ хийсэнгүй. Бид илүү баг нь гэдгээ мартчихлаа. Өнгөрсөн долоо хоногт Вест Хэм дээр давтагдсан зүйл энд бас давтагдлаа” гэжээ.
Бусад тоглолтуудын үр дүн:
- Ювентус 1 – 0 Малмо
- Бенфика 2 – 0 Динамо Киев
- Волфсбург 1 – 3 Лилль
- РБ Салзбург 1 – 0 Севилья
- Манчестер Юнайтед 1 – 1 Ян Бойз
Энэ тойрогт явагдах байсан Аталанта, Вильяреал багуудын тоглолт цас их орсны улмаас хойшлогджээ.
Хасагдах шатанд өрсөлдөх 16 баг
- Манчестер Сити
- ПСЖ
- Ливерпуль
- Атлетико Мадрид
- Аяакс
- Спортинг
- Реал Мадрид
- Интер Милан
- Байерн Мюнхен
- Бенфика
- Манчестер Юнайтед
- Вильяреал, Аталанта багуудын аль хожсон нь
- Лилль
- Ред Булл Салзбург
- Ювентус
- Челси
Хасагдах шатны сугалаа ирэх Даваа гаригт болж, эхний тоглолтууд нь ирэх оны хоёрдугаар сард явагдах хуваарьтай байна.
Холбоотой мэдээ