Хөрөнгө оруулалт татах тухай АмЧам Монголын бодлогын зөвлөмжүүд

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт татах тухай АмЧам Монголын бодлогын зөвлөмжүүд

Өнөөдөр дэлхий даяар ихэнхи улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө хүчтэй өрсөлдөж байна. Харамсалтай нь, Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, хөрөнгө оруулалтад ээлтэй улс болохын тулд ГШХО-ыг хангалттай хэмжээгээр татаж, хамгаалж чадалгүй, маш их хугацаа алдлаа.

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-аас саяхан Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар АмЧам Монголын бодлогын зөвлөмжүүднэртэй бодлогын бичиг баримт гаргасан. Үүнд Монгол Улс дахь ГШХО-ын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үндэсний аюулгүй байдал болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд олон улсын судалгаа болон шилдэг туршлагууд дээр үндэслэн ГШХО-ыг хэрхэн татах, нэмэгдүүлэх, болон хамгаалах талаар АмЧам Монголын зүгээс УИХ болон Засгийн газарт санал болгож буй бодлогын гол зөвлөмжүүдийг тусгасан болно. Энэхүү бодлогын бичиг баримтыг http://www.amcham.mn/category/advocacy/ линкээр орж үзнэ үү.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлого алдаа, оноо ихтэй байсан бөгөөд бусад улс орнууд эсрэгээрээ хөрөнгө оруулалтыг дэмжих урамшууллын бодлогуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Монгол Улс өнөөдөр хоёр хөршөөсөө экспорт, импортын хувьд асар их хамааралтай байгаа нь манай эдийн засгийн аюулгүй байдалд томоохон эрсдэл учруулж байна. Цар тахлын улмаас хөрш орнууд хилээ хаасан нь бидний хувьд бензин шатахуун, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний хомсдолд орж, үнэ нэмэгдэх, улмаар инфляци өсөх нөхцөл байдалд ороод байна. Тиймээс АмЧам Монголын зүгээс цаашид бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд эдийн засгийн энэхүү хэт хамаарлаас гарах гарц нь гуравдагч хөршийн өндөр хөгжилтэй АНУ, Европын Холбоо, Их Британи, Австрали, Япон, БНСУ г.м. улс орнуудаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ноу-хауг нэвтрүүлэх, эдгээрт хүний нөөцөө сургаж, мэргэшүүлэх явдал гэж үзэж байна.

Энэ нь ОХУ, БНХАУ гэсэн хөрш орнуудын хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэсэн үг биш бөгөөд харин нэгэн зэрэг аль болох олон орноос ГШХО-ыг татаж, хөрш орнуудаас хэт хамааралтай эдийн засгаа тэлж, аюулгүй байдлыг нь хангах, дэлхийд гарцтай болох нь Монгол Улсын ойрын болон алсын ирээдүйд маш чухал юм.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал байгууллагаас жил бүр гаргадаг Дэлхийн Хөрөнгө Оруулалтын 2021 оны тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй 9 орны (Монгол Улс багтсан) хувьд 2020 онд ГШХО-ын орох урсгал 9,2 тэрбум ам.долларт хүрч, 30 хувиар буурсан байна. 2020 оны дүнгээр ГШХО-ыг чөлөөлсөн, дэмжсэн, хамгаалсан бодлогын арга хэмжээ бодлогын арга хэмжээний дийлэнхийг эзэлж байна. Олон орнууд илүү их ГШХО-ыг татахын тулд хөрөнгө оруулалтын бодлогоо хялбаршуулах, энгийн болгох, урамшууллын арга хэмжээнүүдийг нэмэгдүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын санхүүжилтээр Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн “Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” (2018) тайлан, “Худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” (2019) зэрэг бичиг баримт, төлөвлөгөөнүүдийг боловсруулж гаргасан боловч харамсалтай нь эдгээрт тусгагдсан ихэнх стратегийн зорилт, арга хэмжээнүүдийг Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд бүрэн хэрэгжүүлж, эсвэл хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласангүй.

Тиймээс Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд АмЧам Монголын зүгээс дараах бодлогын арга хэмжээнүүдийг санал болгож байна. Үүнд:

  1. УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй байх талаар одоо боловсруулаад байгаа урт хугацааны стратеги, төлөвлөгөөг хянан үзэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, яаралтай хэрэгжүүлэх;
  2. Глобал чиг хандлага, олон улсын стандартад нийцсэн хууль эрхзүйн шинэчлэлийг хийх, тухайлбал, Хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль болон бусад хуулиудын хоорондын уялдааг хангах, зөрчилдсөн заалтуудыг яаралтай өөрчлөх, засаж сайжруулах;
  3. Монгол улсад хөрөнгөө оруулсан байгаа одоогийн гадаадын хөрөнгө оруулагчдын амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, ГШХО-ын талаарх олон нийтийн буруу болон сөрөг хандлагыг өөрчлөх мэдээллийн кампанит ажлуудыг өрнүүлэх;
  4. Улс төр, хууль эрхзүйн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах бодитой урамшуулалыг санал болгох.
  5. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих, тухайлбал АНУ-аас өндөр технологи, инновацыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, алсын удирдлагатай, сүүлийн үеийн дэвшилтэт технологи шингэсэн тоног төхөөрөмжийг, машин, механизмыг импортлоход гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх г.м. бодитой алхамуудыг хийх.

Дээрх зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөрш орнуудаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчилж, эдийн засгаа тэлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, хөрөнгө оруулалтанд ээлтэй улс болж, ГШХО-ын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж АмЧам Монголын зүгээс үзэж байгаа бөгөөд энэ талаар УИХ, Засгийн газартай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж