Сүхбаатар дүүргийн тэргүүний 25 дугаар цэцэрлэгийн гадна их түгжрэлээс урьтаж, хүүхдээ авах гэсэн эцэг эхчүүд 17:00 цагийг хүлээж зогсоно. Цэцэрлэгийнхэн халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс эцэг эхчүүдэд хүүхдийг нь гадаа хүлээлгэн өгч байгаа аж. Хүүхдээ хүлээн зогсох эцэг эхчүүдтэй ярилцаж, амралтын талаарх тэдний байр суурийг нь сонслоо. Учир нь, Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хичээл сургууль амрахаар болсонд олон нийт бухимдалтай байгаа. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд том асуудал үүсээд байгаа юм.
Салбарын яамнаас гаргасан шийдвэрээр цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авахаар болж байна. Хэрвээ хүүхдээ харах боломжгүй бол Цэцэрлэгийн захиргаанд өргөдөл гаргах ёстой.
"Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраавал дээр байх. Өвлийн хүйтэнд өглөө эрт босоод явна гэдэг хэцүү. Тиймээс эгч, ах нар нь амраад харах хүнтэй болсон учир хүүхдээ гэрт нь амраана" гэж иргэн Ё.Отгонцэцэг хэлээд салбарын сайдын шийдвэрт таатай хандаж байгаагаа нуусангүй. Н.Булганчимэг ч түүнтэй адил бодолтой байгаа бөгөөд "Дүүгээ цэцэрлэгээс нь аваад явж байна. Дүүгээ амраасан л дээр байх гэж бодож байна. Гэрт харах хүн байгаа болохоор санаа зоволтгүй гэртээ амрах нь зөв. Угаасаа өвөл ханиад томуу ихэсдэг" гэлээ.
Харин Н.Өлзиймаагийн хувьд хүүхдээ нийгэмшүүлэхийн тулд цэцэрлэгт нь явуулах хүсэлтэй байгаагаа хэлээд салбарын сайдын шийдвэрт дурамжхан хандаж буй аж. Бүсгүй ярихдаа "Хүүхдээ энэ өвөл цэцэрлэгт явуулна. Сүүлийн хоёр жил цар тахал гээд хүүхдүүд гэртээ түгжигдлээ. Одоо гайгүй нийгэмшээд ирэхээр нь дахиад гэрт нь байлгана гэдэг хэцүү. Айлын ганц хүүхэд бол гэртээ зурагт, гар утас хоёроос салахгүй шүү дээ. Хүүхдийг гар утаснаас салгах боломжгүй болчихлоо. Бүх хичээл, даалгавар нь цахимаар гэж байна. Миний хувь хүүхдээ нийгэмшүүлэх, хэл ярианы хөгжилд нь анхаарсандаа цэцэрлэгт явуулах бодолтой байна" гэлээ.
Э.Мөнхжаргал мөн л сургууль, цэцэрлэг танхимаар орохыг дэмжив. Тэр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хамруулах л хүсэлтэй байгаа агаад цэцэрлэгийн боловсролыг цахимаар олгоно гэдгийг дэмжихгүй гэв. Цэцэрлэгийн насны хүүхдүүд биеэ дааж сурах хэрэгтэй. Манай хүүхэд ахлах бүлэг. Ирэх жил сургуульд орно. Тиймээс хүүхдээ цэцэрлэгт танхимаар л сургамаар байна" гэж Э.Мөнхжаргал учирлаж байна.
Тэгвэл З.Энхнарангийн харах хүн байгаа бол эцэг эхчүүд хүүхдүүдээ цар тахлын үед гэртээ байлгах хүсэлтэй гэнэ. Залуу гэр бүлүүд яалт ч үгүй ажил ихтэй болохоор хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс өөр сонголтгүй байгааг хэлээд "Манай гэр бүлийн тухайд хүүхдээ цэцэрлэгт нь үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ өгчихсөн. Өөр сонголт алга. Хүүхэд харах үйлчилгээнүүд уг нь байдаг юм байна лээ. Гэхдээ өндөр үнэтэй" гэв. Гэртээ хүүхэд харах хүнтэй эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах дургүй байгаа бол харах хүнгүй хүмүүс нь цэцэрлэгийн захиргаанд өргөдөл, хүсэлтээ өгөөд эхэлжээ.
ЗАЛУУ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хэлж буйгаар эцэг эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхийг хүсвэл хүсэлтээ цаасаар хүргүүлэхэд л болох аж. Эрхлэгч С.Батцэцэг “Амралтаар хүүхдээ цэцэрлэгт хамруулъя гэж хүсэлт гаргавал тухайн цэцэрлэг нь бүлэг зохион байгуулалтыг хийнэ. 4-5 настнуудын бүлэг бүлгээс цөөн тооны хүүхдүүд хүсэлт гаргана гэж тооцоолж байгаа. Учир нь их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль амрах учир ах эгч нар нь дүүгээ харах байх. Хүсэлт гаргасан цөөн тооны хүүхдүүдийг нийлүүлээд нэг холимог бүлэг үүсгэн амралт дуустал үйл ажиллагаагаа явуулна” гэв.
“Саяхан судалгаа авахад залуу эцэг эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна. Одоогоор яг танхимаар хичээллэх хүсэлтэй хоёр хүүхдийн хүсэлт ирээд байна”
Мөн цэцэрлэгийн багш ажилчдын амралт, цалин хөлсний асуудлаа хэрхэн зохицуулахыг тодруулахад “Багш ажилчид амрахгүй. Амралтын хугацаанд бид хоёрдугаар улирлын бэлтгэл ажлаа хангана. Сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэглэгдэхүүн материалаа бэлтгэнэ” гэсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдэгдэлд дараах зүйлсийг дурджээ.
Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээс:
- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй
- Амьдралын орчин нөхцөл тааруу
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.
"ХОРИГ ТАВЬДАГ ШИГЭЭ ДЭМЖДЭГ БОЛООСОЙ"
Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд ч танхимын сургалтыг дэмжиж байгаагаа хэлж байв. Гэхдээ амралтын хугацаанд хүүхдээ гэрт нь байлгах хүсэлтэй эцэг эхчүүд байгаа бөгөөд энэ нь хувийн цэцэрлэгүүдэд дарамт болж байгаа аж.
“Логарифм” сургуулийн дэргэдэх “Дуду эмээ” цэцэрлэгийн эрхлэгч Б.Одмагнай “Сургууль, цэцэрлэг хоёр зэрэг амарчихаар ах эгч нар нь дүүгээ гэртээ харах боломжтой болдог. Гэтэл одоо цэцэрлэгүүд 50 хувийн ирцтэй ажиллаж байгаа. Эндээс ах эгч нартай хүүхдүүд амарвал бүр 20-30 хувийн ирцтэй ажиллах болно. Манай цэцэрлэгийн эцэг эхчүүдийн 20-30 хувь нь одоогоор танхимаар хүүхдээ хичээллүүлэх хүсэлтээ өгсөн. Гэхдээ гол асуудал нь хувийн цэцэрлэгүүд яаж цөөхөн хүүхэдтэй цааш ажиллах билээ дээ. Улсын цэцэрлэг бол цөөхөн хүүхэдтэй ч авдаг цалингаа аваад авна. Харин бид ажилчдаа шууд амар гэж хэлж чадахгүй, халж болохгүй байна. Багшийн бүрэн орон тоотой ч 2-3 настнуудыг хүлээн авахгүй, дээрээс нь анги дүүргэлт 50 хувьтай хичээллэж байгаа. Уг нь бид бүрэн хүчээрээ ажиллавал ямар ч асуудалгүй. Гэтэл одоо хүчээр амраах гэж байна. Хориг тавьдаг шигээ дэмждэг болоосой" гэлээ.
"Дуду эмээ" цэцэрлэг үүсгэн байгуулагдаад 11 жил болж байгаа гэнэ. Гэвч цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд хямралд орсноос гадна хүүхдүүд ч хохирол амсч байгааг онцлов.
Б.Одмагнай энэ талаар "Хувийн цэцэрлэгийн багш нарын амьдрал хэцүү байна. Манайх бол одоохондоо цалингаа тавьж л байна. Гэхдээ энэ хэвээрээ цэцэрлэгийн үйл ажиллагааг хорьж хаагаад байвал байдал өөрөөр эргэнэ. Сүхбаатар дүүрэгт урьд нь 34 хувийн цэцэрлэг байсан бол энэ тоо одоо 25-д хүрчээ. Биднийг үл тоолоо гэхэд хүүхдүүдээ анхаарах цаг нь ирсэн. Хоёр жил цэцэрлэгийг хорьсноор хүүхдүүд аягүй хоцрогдолтой болсон. Гэтэл хүүхдүүд хамгийн анхан шатны танин мэдэхүйн мэдлэгээ цэцэрлэгээс олж авдаг. Энэ чухал үеэ гэртээ үлдээж байна" гэж ярив.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2-3 настнуудыг арваннэгдүгээр сарын 1-нээс цэцэрлэгт хамруулна гэж мэдээллэж байсан ч одоог хүртэл гарсан тушаал, хэрэгжсэн шийдвэр алга. Гэтэл одоо 4-5 настнуудыг нэмээд амраах болов. Зарим эцэг, эх, багш нарын хэлж буйгаар одоогийн эрсдэлээ тооцоолбол амарсан нь зөв боловч ирээдүйгээ бодвол халдвартайгаа дасан зохицох нь зөв гэх.
Ямартай ч арванхоёрдугаар сарын 10-наас их дээд сургууль, нийслэл дэх цэцэрлэгүүдийн амралт, энэ сарын 18-наас ерөнхий боловсролын сургууль, хөдөө орон нутаг дахь цэцэрлэгүүдийн амралт эхэлнэ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ