Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй Авто тээврийн тухай хууль хийгээд, Үндсэн хуулийн өөрчлөлт, МАН-ын их хурлын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Та буруу талдаа хүрдтэй авто машиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Монголчуудын дийлэнх нь буруу талдаа хүрдтэй машин унадаг шүү дээ?
-Хотын түгжрэлийг багасгахаар олон арга хэмжээ авч байна. Жишээ нь, төрийн албан хаагчдыг ажлын цагийг хойшлуулъя, сургууль, цэцэрлэгийн цуглах цагийг өөрчилье, тэгш сондгойгоор нь явуулъя гэдэг янз бүрийн санал гарч ирж байгаа. Ер нь бол технологийнхоо дагуу нийтийн тээврийг бид хөгжүүлэх ёстой. Метро, агаарын дүүжин тээврийг хөгжүүлэх нь зөв.
Нэгдүгээрт, нийтийн тээвэр рүү бодитоор шилжих боломжийг хийх ёстой. Хоёрдугаарт, бөглөрөөд буй замын уулзваруудыг чөлөөлж хоёр түвшинд огтлолцдог, чөлөөтэй нэвтрэх байдлыг бий болгох ёстой. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Гуравт, буруу рультэй автомашиныг цөөлье гэж ард иргэд өөрсдөө хүсдэг. Тиймээс Авто тээврийн тухай хуулийг санаачилсан. Уг хуулийн төсөлд буруу рультэй машин буюу баруун талдаа жолооны хүрдтэй машиныг бүр болиулна гэж орж ирсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд хэрэгжилтэд хугацаа тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс шууд хорьчихож болохгүй. Наанадаж таван жилийн хугацаа өгье. Энэ хугацаанд буруу рультэй машин оруулахгүй гэдэг юм уу, зохицуулалтыг төр хийж өгөх ёстой.
-Яагаад ард иргэдийн унадаг машиныг хорих ёстой гэж. Өөр өчнөөн шийдэл байж болно биз дээ. Жишээ нь, тансаг машинаас болон олон машинтай иргэдээс авах татварын зохицуулалтыг хийж болмоор. Хуулиар дандаа энгийн ард түмний эрх ашигт халдаж, боломжтой, мөнгөтэй хүмүүсийн талд зохицуулалт хийдэг болохоор иргэд бухимдалтай байгаа л даа?
-Хэрвээ зөв талдаа рультэй машин явуулна гэсэн хуультай бол түүнийгээ ямар нэгэн байдлаар “барих” ёстой. ОХУ бол ийм байдлаар машинаа шахаад дуусгаж байна. Манай хоёр улс үлдээд байна. Бид хуулиа баримтлах ёстой. Ард иргэдийн шахалтаас болоод хуулийн төслөө буцаана гэж байгаа бол хоёр хуультай болчхоод замбараагүй нөхцөлд амьдаръя л даа.
-Ирэх оны төсөвт Булган аймагт гурван тэрбумаар айрагны өргөө барихаар болсон. Энэ мэт хэрэггүй бүтээн байгуулалтаа болиод нийтийн тээврээ шинэчлэхэд анхаарч болсонгүй юу. Иргэдийг явгална гэхээсээ илүү төсвөө үр бүтээлтэй зарцуулах нь чухал шүү дээ. Нийтийн тээвэр хүртээмжтэй бас үйлчилгээ нь сайжирвал иргэд машин унаад зам дээр түгжрэхийг хүсэхгүй л байх?
-Булган аймагт сургууль цэцэрлэг хүртээмж муу байхад төсвийг замбараагүй зарцуулах нь үнэхээр утгагүй асуудал. Манай аймагт хоёр цэцэрлэг нурж унах шахаж байна. Өмнө нь нэг цэцэрлэг барихаар төлөвлөж байсан тэр газар дээр байшин барьчихсан. Нөгөөг нь ахиад нураагаад барихаар болсон. Энэ мэт Булган аймагт цэцэрлэг, сургууль барих л хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Булган аймагт хэрэглээний халуун ус байхгүй. Хэрэглээний халуун ус тавья гэхээр дэд бүтэц дутуу байна. Гэтэл дэд бүтцэд нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийчихвэл үндсэндээ халуун устай болно. Иргэдийнхээ хэрэгцээг хангахгүй хэрэггүй зүйлд хөрөнгө тавьсанд шүүмжлэлтэй байгаагаа нуухгүй. Энэ асуудалд би эсрэг зогсч байна. Орон нутгийн иргэдээс өчнөөн хөрөнгө оруулалтын санал ирдэг. Тойрогтоо ийм, тийм ажил хийгээч гэсэн 50-60 тэрбумын хөрөнгө оруулалтын санал ирж байгаа. Тэр дундаас хийж чадахыг нь авч хийдэг. Гэтэл хэрэггүй зүйлд хэдэн тэрбумаар нь мөнгө зараад байгаад эгдүү хүрч байгаа.
-Сүүлийн үед Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж, давхар дээлийн асуудлыг хөндөж байна. Та үүнийг дэмжиж байна уу?
-Аль ч салбарт урт хугацааны бодлого барьдаг байх хэрэгтэй. Нэг сайд шинээр гарч ирээд, ухаантай царайлаад шал өөр юм хийгээд урдныхаа юмыг үгүйсгээд явчихдаг тал бий. Бидний практик ингэж л явсан. Үүнийг хуралдаан дээр ч хөндөж тавьдаг. Сайд нар зөвхөн тухайн үед нь асуудлыг аргалаад байдаг болохоос биш яг бодлого руугаа ордоггүй. Угтаа бол шинэ сайд урт хугацаанд гаргасан бодлогыг ямар хугацаанд чанартай сайн хийх үү гэдгээ гаргаж, түүнд мэдлэг боловсролоо зориулах ёстой. Тэрнээс биш шинэ хүн гарч ирээд, урьд хүнийхээ ажлыг үгүйсгэдэг байх ёсгүй.
Амьдрал, практик, хууль бүх юмтайгаа нэг дор байх үүднээс арай илүү практиктайгаа ойрхон тулж байдаг УИХ-ын гишүүд давхар дээлтэй байх нь нэгдүгээрт, бодлого гаргах, хоёрдугаарт хэрэгжүүлэх, гуравдугаарт, хөрсөн дээрхээ татаж авчран хууль болгоод хэрэгжүүлэхэд арай ойр юм уу гэж хувьдаа харж байна. Практик дээр гаднаас орж ирсэн сайд нар хэдийгээр хичээгээд ажиллаад байгаа ч гэсэн гологдоод байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гишүүдийг тоог нэмэх асуудлыг ярьж байгаа. Гишүүдийг тоог нэмэх нь зөв үү?
-Цөөхүүлээ байх тусмаа хуйвалдаан их байдаг. Асуудал цаагуураа шийдэгдэх, хуйвалдаж шийдэгдэх ийм зүйл цөөхөн хүмүүс дотор байдаг. Олуулаа болох тусмаа олон ургальч үзэл бий болдог. Өөрөөр хэлбэл, лобби хийх асуудал багасна. 76 гишүүний хагасыг лобби хийх үү, эсвэл 90-100 гишүүний хагасыг лобби хийх үү гэдэг нь тооны хувьд шал ондоо болоод ирнэ. Энэ дээр айх хэрэггүй гэж боддог. Цөөхүүлээ байх тусмаа эрх мэдэл төвлөрнө. Далд үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдэнэ. Гишүүдийн тоо их болсноор лобби хийх, луйвардах асуудал улам саарна. Улс төрийн намуудын тухай хуульд бид нар хүрэх ёстой. Энэдээ хүрч байж улс төрийн нам руу орж ирж буй санхүүжилт, гишүүдийн босго, улс төрийн намаар дамжаад төрийн албанд очиж буй хүмүүсийн ёс зүйн асуудал гэмтчилэн бүх зүйлийг нь хуульд оруулж ирж нээлттэй болгох ёстой. Ерөнхийлөгчийн тавьж буй зүйл бол аливаад чин сэтгэлээсээ ханддаг, болохгүйг нь засъя гэсэн илрэл
-МАН авлига албан тушаалтнуудад хариуцлага тооцно, намаасаа хөөнө гэлээ. Хэлмэгдүүлэлт явчих вий гэсэн болгоомжлол байна?
-Ямар ч байсан намын дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг маш том алхам. Ямар нэгэн байдлаар нам өөрсдийгөө өмгөөлөх, алдаа дутагдлаа нуун дарагдуулах зүйл олон гардаг. Одоо бол арай өөр өнцгөөр харж эхэлж байна. Энэ бол маш том алхам.
Найман жил МАН засаглаж байна. Бид амьдралыг ондоогоор харж хуулиа хэрэгжүүлэх, өөрсдөдөө хариуцлага үүрэх, гишүүддээ босго тогтоох байдал руу орохгүй бол бид ард иргэдийнхээ итгэлийг алдаж эхэлнэ. Тиймээс дүрэмд оруулж буй өөрчлөлт маш чухал. Нэгэнт дүрэмдээ оруулсан бол тодорхой хэмжээнд хэрэгжээд явна.
Нам гэдэг бол хэдэн хүний нэгдэл шүү дээ. Энэ хүмүүсийн өөрсдийн бодсон санаагаа улс орноо хөгжүүлье гэсэн санаагаар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуульд өрсөлдөж буй. Тэгэхээр намын бодлого бол улс орныг хөгжүүлэх бодлого байхгүй юу. Их хурлаар бид нийт гишүүдийн хэмжээнд улс орноо “ингэж” хөгжүүлнэ гэдэг том концепц гаргаж ирэх ёстой юм. Тэр тусмаа Засгийн эрхийн барьж буй намын хувьд том бодлого гаргаж ирэх ёстой. Энэ бол хэдэн гишүүдийн үзэл бодол, ярьсан асуудал биш. Энэ бол хөгжлийн том бодлогын бичиг баримт болж гарч ирж байна.
-МАН-ын ачааг залуус үүрэхээр боллоо. Танай нам шинэчлэгдэж чадна гэдэг та итгэж байна уу?
-МАН харьцангуй залуужсан нам. Нам ер нь залуужих ёстой. Буруу өнцгөөс нь ярихад залуусыг цүнх баригч гэж хардаг боловч нам дотор орж ирээд дураараа дургиад байдаггүй. Ах нар нь байж байна. Бие биенийгээ сонсоно. Ер нь бол Алтан гурвалжин гэж нэг зүйл бий. Яг дээрээ ах эгчтэй, өссөн хүүхэд, ганцаараа өссөн хүүхэд хоёрын ялгаа их байдаг. Өөрөөр хэлбэл, намд орсон залуус хүссэн хүсээгүй хүмүүжил авч байдаг.
Холбоотой мэдээ