Манжийн хааны гүнжээс дэлхийн хүн болсон Жао Вэй

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Манжийн хааны гүнжээс дэлхийн хүн болсон Жао Вэй

Манжийн хааны гүнжээс дэлхийн хүн болсон Жао Вэй

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа монголчуудад "Хуанжу гэг" киногоороо эчнээ танил болсон Хятадын кино жүжигчин, найруулагч, продюсер, дуучин, модель, бизнес эрхлэгч Жао Вэйг онцолж байна. Зогсолтгүй амжилтын шатаар өгссөн Жао Вэйгийн бүх мэдээлэл 2021 оны наймдугаар сарын 26-нд, нэг л өглөө учир битүүлэг шалтгаанаар Хятадын цахим сүлжээнээс устсан. Түүний оролцсон бөгөөд тоглосон олон олон кино, ток шоу, нэвтрүүлгүүд бүгд устсан нь түүнийг Хятадын удирдагчдын ээлжит золиос болсон уу гэх дуулианыг дэгдээсэн.


МАНЖИЙН ХААНЫ ГҮНЖ  ХУАНЖУ ГЭГ

Монголчуудад "Хуанжу гэг" киногоороо танил болсон Хятадын кино жүжигчин, найруулагч, продюсер, дуучин, модель бөгөөд бизнес эрхлэгч гэх олон алдрын эзэн бол Жао Вэй. Тэрбээр 1976 оны гуравдугаар сарын 12-нд Хятадын Анхуй мужийн Ү хү хотод төржээ. Төгс гоо сайхан болоод ухаан хосолсон гэгддэг тэрбээр инженер мэргэжилтэй Жао Жиахай болон бага ангийн багш Вэй Чи инг нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Хүүхэд насандаа төрөлх Ү хү хотынхоо жирийн сургуульд сурч байгаад, хожим нь цэцэрлэгийн дагалдан багшаар хэсэг ажилласан байна.

КИНО УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН НЬ

Тэрбээр өөрийгөө шоу ертөнцөд хөл тавих хэмжээний үзэсгэлэнтэй гэж боддоггүй байсан учраас жүжигчин болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Түүний кино урлагт хөл тавьсан анхны алхам нь 17 насандаа “A Soul Haunted by Painting” нэртэй киноны туслах дүрд тоглосон явдал байлаа. Энэ явдал нь түүнд жүжигчин болох урам сэдлийг өгснөөр тэрбээр цэцэрлэгийн багшийн ажлаасаа гарч Шанхай дахь Ши Жинь кино урлагийн академид элсэн оржээ. Дараа нь “Penitentiary Angel” нэртэй кинонд тоглосон нь Хуанжу гэг кино шиг төдийлөн алдарт хүрч чадаагүй ч түүний анхны гол дүр байсан юм.

Тиймээс Жао Вэй энэ дүрээ үнэ цэнэтэй туршлага, амжилтынх нь эхлэл гэж үздэг байна. Улмаар 1996 онд Бээжингийн кино академид хамгийн өндөр оноогоор тэнцэн орж, тухайн үедээ сургуулийнхаа хамгийн авьяаслаг оюутнуудын нэгт тооцогдож байв. Дөрвөн жил суралцаад бакалаврын зэрэгтэй төгсөхдөө 14 хичээл дээр жигд А үнэлгээтэй төгсчээ. Мөн тэрбээр кино урлагт суралцахынхаа хажуугаар төгөлдөр хуур, бүжиг, хятадын уламжлалт бийрэн зургаар хичээллэдэг байжээ.

ХУАНЖУ ГЭГИЙН ЭРИН ҮЕ

Хятадын алдарт зохиолч Чүн Яаогийн романаас сэдэвлэн бүтээсэн "Хуанжу гэг" олон ангит кинонд 1998 онд тоглосон нь Жао Вэйгийн хувьд алдар нэр, амжилтын үүдийг нээсэн юм. Манжийн хааны дээлтэй төрсөн гүнжийн дүр нь арван жилийн туршид хамгийн алдартай дүр болж чаджээ. Хуанжу гэгийн санаанд оромгүй амжилт нь Хятадын кино урлагт түүний замыг дардан болгож, жинхэнэ од болголоо. Бяцхан хараацай хочит Хуанжу гэг гээч нь манжийн хааны ордны ёс жаягийг зөрчиж зүрхэлсэн тэрслүү, хөгжилтэй гүнжийн дүр юм. Зураг авалтыг маш хүнд хэцүү нөхцөлд хийсэн ба энэ талаар Жао Вэй ярихдаа "Бид өдөрт 18-20 цагийн зураг авалттай байсан. Жүжигчид хоёр хэсэгт хуваагдаад, нэг хэсэг нь шөнийн, нөгөө хэсэг нь өдрийн зураг авалтад ордог байлаа. Би ихэвчлэн аль аль зураг авалтад нь орно. Ядарсандаа буугаад өгчихмөөр санагдах үе олон байсан. Гэхдээ нас залуу байсан болохоор тийм амархан ядраад уначихаагүй. Ажиллах нөхцлийн тал дээр хэзээ ч гомдоллож байсангүй" гэжээ.

Кино багийнхний шаргуу хөдөлмөр тэднийг төсөөлөмгүй алдар хүндийн оргилд хүргэсэн юм. Уг инээдмийн төрлийн олон ангит кино Хятадаар зогсохгүй Тайвань, Хонгконг, Зүүн өмнөд Ази, Сингапур, Вьетнамд хүртэл шуугиулж чаджээ. Ийнхүү Жао Вэй нэг шөнийн дотор л алдартай боллоо. Тэрбээр 1999 оны "Golden eagle awards"-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан хамгийн залуу жүжигчин болсон юм. Улмаар Хятад улсын үндэсний шүтээн гэж нэрлэгдэж, Тайванийн телевизээс тодруулдаг хамгийн алдартай 10 хүний нэгээр хүртэл тодорч байжээ. Мөн тоглосон кино бүр нь найдвартай амжилтад хүрдэг Хятадын дөрвөн эмэгтэй жүжигчний нэгээр албан ёсоор нэрлэгдсэн. Сайны хажуугаар саар гэгчээр, Хуанжу гэгийн дүрийг хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж шүүмжлэгсэд ч бас байв. Тухайлбал 2002 онд болсон Хятадын улс төрийн зөвлөлдөх хурлын үеэр зарим гишүүд “бяцхан хараацай”-г эсэргүүцэх санал оруулж байжээ.

ДЭЛХИЙН ХҮН ЖАО ВЭЙ

Хуанжу гэг киноноос хойш 2010 он хүртэл жил дарааллан асар олон кинонд тоглосоор Жао Вэй жинхэнэ дэлхийн хүн болжээ. "Forbes" сэтгүүлээс жил бүр уламжлал болгон тодруулдаг “Хятадын 100 алдартай хүн” жагсаалтын (2006 он) дөрөвдүгээр байрт Жао Вэй орж байв. Мөн "Sina.com & Sohu.com" цахим сүлжээ хэрэглэгчдийн санал асуулгаар “Хятадын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр шалгарч байв. "People" сэтгүүлээс “Хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй”-г тодруулахад мөн л Жао Вэйгийн нэр багтсан байжээ.

2010 оны дунд үеэс эхлэн хоёр жилийн турш Жао Вэй кино урлагаасаа түр хөндийрсөн ба энэ хугацаандаа охин Хуан Шинаа төрүүлжээ. Тэрбээр нөхөр Хуан Юлонгтой 2008 онд гэрлэсэн байна. Хуан Юлонг нь амжилттай бизнес эрхлэгч, тэрбумтан билээ.

Охиноо төрүүлсний дараа буюу 2012 онд тэрбээр "Love" кинонд ганц бие ээжийн дүр бүтээснээр кино урлагтаа эргэн иржээ. Уг кино нь тухайн үедээ Тайвань болон эх газрын Хятадад 100 сая юанийн орлого олсон цорын ганц кино болсон юм. Дараа нь "The resurrection" кинонд тоглосон нь мөн л Хятадын кино урлагт хамгийн дээд амжилтыг тогтоож 700 сая юанийн орлого олжээ.

2012 онд тэрбээр Бээжингийн кино академийг найруулагч мэргэжлээр төгссөн ба бүх төгсөгчид дундаас нэгдүгээр байранд эрэмбэлэгджээ. Найруулагч мэргэжлээрээ тэрбээр чамгүй амжилттай ажиллаж, олон ч шагнал авсан байна. Жишээлбэл, 2013 онд So young киногоороо "Golden Rooster award"-аас Шилдэг найруулагч шагнал хүртэж байжээ.

БУСАД АМЖИЛТУУД

Жао Вэй нь жүжиглэхийн зэрэгцээ "Хуанжу гэг" киноныхоо дууг хүртэл дуулж байсан, авьяаслаг нэгэн билээ. 1999 онд тэрбээр “Swallow” нэртэй анхны дебют цомгоо гаргаж байсан бөгөөд 2009 оныг хүртэл гарын арван хуруунд багтахуйц хэд хэдэн цомог гаргажээ. Анхны дөрвөн цомог нь чамгүй амжилтыг олж, Ази тив даяар 700 мянга гаруй хувь борлогдож байв.

Урлагийн замналаас гадна Жао Вэй нь амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, зар сурталчилгааны мэргэжилтэн, сайн үйлстэн юм. Тэрбээр маш олон сайн үйлсэд гар бие оролцож байсан ба төрөлх хотынхоо оюутнуудад зориулж одоо хэр нь хандив цуглуулдаг ажээ. 1999 оны Тайванийн газар хөдлөлт, 2008 оны Сичуаны газар хөдлөлт гэх мэт маш олон хэцүү үйл явдалд хандив өгч байв. Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн элч, Хятадын залуучуудын холбооны төлөөлөгчөөр 2005 онд сонгогдож байсан. Энэ мэтчилэн тэрбээр идэвхитэй сайн үйлстэн бөгөөд цус багадалтын эмгэгтэй хүүхдүүдэд туслах "V-Love" санг үүсгэн байгуулж байжээ.

Урлагийн салбараас гадна тэрбээр дарсанд дурлагч бөгөөд дарс зохион бүтээхэд дөрвөн жилийг зарцуулсны эцэст 2015 онд "Бордо" дарсны брэндийг Хятадын зах зээлд гаргаж байв. Улмаар Франц улсад дарсны бизнесээ өргөжүүлж, хэд хэдэн газарт усан үзмийн томоохон талбай худалдаж авчээ. "The Château La Croix de la Roche" дарс нь гэхэд түүний анхны гэрчилгээтэй органик бүтээгдэхүүн бөгөөд жилд 82 мянган шил үйлдвэрлэгддэг ажээ.

Сонирхуулж хэлэхэд Жао Вэй Хятадын твиттер гэх "Weibo" сүлжээнд 86 сая дагагчтай юм.

ТОЛГОЙ ЭРГЭМ АМЖИЛТААС УНАЖ УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛСОН УУ?

Зогсолтгүй амжилтын шатаар өгссөн Жао Вэйгийн бүх мэдээлэл 2021 оны наймдугаар сарын 26-нд, нэг л өглөө учир битүүлэг шалтгаанаар Хятадын цахим сүлжээнээс устжээ. Түүний оролцсон бөгөөд тоглосон олон олон кино, ток шоу, нэвтрүүлэг бүгд устсан нь Хятадын удирдагчдын ээлжит золиос болсон уу гэх дуулианыг дэгдээсэн юм. Түүний хувьд асар их алдар хүндийн хажуугаар элдэв хэл ам, шүүмжлэлд олонтоо өртөж байсан билээ. Тухайлбал, 2001 онд Японы төрийн далбаатай даашинз өмссөн явдал нь олны шүүмжлэлийг дагуулж байв.

Ийнхүү Жао Вэй цахим сүлжээнээс алга болсон нь Хятадын коммунист нам алдартнуудын хэт их амжилт, өсөлтийг зогсоохыг оролдож, урлаг соёлын салбарт хориг тавиж эхэлсэнтэй холбоотой. Тодруулбал, засгийн газрын зүгээс чинээлэг алдартнууд болон улс орон хоорондын хөрөнгө мөнгөний хэт их зөрүүтэй байдлыг арилгах бодлого баримталж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Хятадын засгийн газрын зүгээс ямар нэгэн тодорхой тайлбар хэлээгүй ба ард иргэдийн дунд яагаад гэсэн асуулт өнөө ч байсаар. Урьд өмнө тохиолдож байгаагүй уг кампанит ажлын хүрээнд цахим сүлжээнд алдартнуудыг эрэмбэлэхгүй байх, улс төр ёс суртахууны стандартад нийцээгүй уран бүтээлчдийг бүх төрлийн уламжлалт болон цахим мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх хоригуудыг тавьжээ.

Хятадын корпорациудын нэгдсэн мэдээллийн сан "qcc.com"-д мэдээлснээр, Жао Вэй 14 компанитай бөгөөд цахим сүлжээнээс мэдээлэл нь устахтай зэрэгцэн хоёр компанийх нь бүртгэл, дөрвөн компанийнх нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна. Түүний хувьд хөрөнгийнх нь ихэнх хэсэг Хятадын цахим худалдааны салбарын акул "Али баба" группийн хувьцаанаас бүрддэг, түүнчлэн үндэслэгч Жэк Матай түншийн холбоотой гэсэн мэдээлэл байдаг нь ийн цахим сүлжээнээс арчигдах шалтгааны нэг болсон ч байж мэднэ.

Уг үйл явдлын улмаас Жао Вэй хувийн онгоцоороо Франц руу ниссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан боловч тэрбээр үүнийг үгүйсгэж, "Гэр бүлийн хамт Бээжинд байна" гэсэн бичлэг инстаграмдаа оруулж байжээ. Гэвч төд удалгүй бичлэгээ устгасан бөгөөд одоогоор Хятадын хамгийн чинээлэг эмэгтэй Хуанжу гэг хаана яваа нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
10
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж