Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Ардчиллын баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 6, 7-нд “UB палас”-т болсон Их хурлаараа эрх баригч МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхэлж, харин Бага хурлаараа түүний гал тогоог Д.Амарбаясгаланд хариуцуулахаар болжээ. Ингэснээр Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож буй Д.Амарбаясгалан нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн дөрвөн даргын “ар тал”-ыг хариуцсан намынхаа  нэг түүхэн “дүр” болж байна.

Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгоход Их хурлын 1245 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжсэн нь босоо тогтолцоотой, коммунист намын хувьд гайхаж, хачирхах зүйл биш. 2017 онд намын даргын төлөө Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх хоёрын өрсөлдөөнийг эс тооцвол угаасаа МАН-ынхан Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрийг нэгэн дуугаар дэмждэг нь тавилан хойно.

Тэгж ярих юм бол хэвтээ тогтолцоотой, хоёр хэсэг болоод хуваагдчихсан Ардчилсан намынхан Онц их хурлаараа О.Цогтгэрэлийг 99 хувь дэмжсэн нь сөрөг хүчний хувьд “содон, сонин” үйл явдал байсан нь худлаа биш л дээ. АН-ын даргыг авах гэж жинхэнэ ширүүн өрсөлдөөн өрнөдөг, өөр хоорондоо “алалцдаг” байсан үе бий, бий. 

Ийнхүү МАН Их хурлаараа малгай, толгойгоо шинэчилж, 80-аад оны залуустаа ачааны хүндийг үүрүүлэхээр шийджээ.  Зуун жилийн үүх түүхтэй, улс төрийн институци болж төлөвшсөн МАН боловсон хүчний нөөц ихтэй ч Ардчилсан намаас ялгарах үзэл нь тэд хувийн гэхээсээ илүү том эрх ашгаа нэгд тавьдаг, нэгддэг, намынхаа бодлого дүрэмд захирагддаг хүмүүс.

Намаасаа “жийгдсэн” Н.Номтойбаяр хүртэл МАН-ын шинэ даргад баяр хүргэсэн байхыг харвал алим модноосоо хэзээ ч хол унадаггүй гэдэг нь үнэн аж.

Атал Ардчилсан намынхан Их хурал, Үндэсний чуулганаараа эв нэгдлээ олох нь бүү хэл эсрэгээрээ хагарал, талцал нь улам гүнзгийрч байна.

Хэрүүл, зодооноо жалгын нэг цацаж, үүнийгээ ардчилал гэж андуурсаар ирсэн  АН-ынхан үнэт зүйл, үзэл бодлоо худалдах, хутгалахаас сийхгүй, ард түмнээсээ айж ичихээ ч больсон. Урваж, шарвах асуудал бүүр утгаа алдсан гэхэд болно. Ж.Батзандан, Л.Болд нар Ардчилсан намыг хэрхэн худалдаж, зарж идсэн бэлээхэн жишээ байна. Намаа зарсныхаа хүчинд нэг нь Бельгийн Элчин сайд, нөгөөх нь Австралид элчин зөвлөхийн сандал суудлаар шагнуулсан. Энэ мэт үзэгдэл АН-ынхны хувьд гэм биш зан нь. Нэгэн цагт Ардчилсан намын даргаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, З.Энхболд нар хүртэл “тогоотой хоол руугаа нулимаж” ирсэн нь худлаа биш. Нэг нь самбар дээр зураг зурж, АН-ыг харлуулж, нөгөө нь Х.Баттулгатай нийлж найз, нөхдөө хагаралдуулаад эцэст нь бүгд орох оронгүй, оочих аяга ч үгүй болчихлоо.

Гэтэл М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг хар.  Намынхаа эсрэг ганц үг ганхийлгүй “хэлгүй, дүлий” юм шиг байцгаадаг. Толгой хагаравч малгай дотроо гэж энэ шүү дээ.  Ийм болохоороо Ардын нам Төрийн ордонд, Ардчилсан нам  гудамжинд байгаа юм.

  Их хурлаараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо зарлаж байхад  Үндсэний чуулганаараа Ардчилсан нам анай л гомдол тунирхлын үгс чулуудаж зогсох. Үндсэндээ Ардчилсан намын дайсан бол Ардын нам биш Ардчилсан намынхан өөрсдөө. Шулуухан хэлэхэд Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврах хэрэгтэй болжээ.

Ардчилсан намынхан өөрсдийгөө шилэн гэж өмгөөлдөг, өмөөрдөг. Шилэн нам гэдэг нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эсвэл эмээлийн хоёр бүүрэг шиг болчихсон бүлэглэлүүдийг хэлдэггүй юм.  Шилэн нам гэдэг нь үйл ажиллагаа нь, төсөв санхүү нь, бодлого шийдвэр нь гишүүддээ нээлттэй шударга байхыг хэлнэ.

УИХ дахь АН-ын бүлэг өдгөө  Ардын намын албан бус зөвлөхийн үгээр хөдөлдөг өөрийн толгойгүй бас амгүй хүмүүс болж хувирсан. Эрх баригчдын бодлого шийдвэрийг нь шүүмжлэх нь бүү хэл гар хурууных нь үзүүрт зарагдаад явж байна даг, Ш.Адьшаа, Н.Ганибалаас авхуулаад. Ийм эзэнгүй толгойгүй лидергүй эв нэгдэлгүй Ардчилсан намын “автор”-ыг нь хүртэл Ардын нам дээрэмдээд авчихлаа. Ардчиллаар овоглож, ардчиллыг туг сүлдээ болгож ирсэн Ардчилсан нам сууж буй мөчрөө өөрсдөө л хөрөөдчихсөн хойно, хохь нь  л гэхээс яалтай.

Дараалсан сонгуулиудад ялалт байгуулсан нь Ардын намын сайных биш ч, ялагдал хүлээсэн Ардчилсан намын муугийнх нь үнэн. МАН-аас бор халзан хонь нэр дэвшсэн бол ялалт байгуулах хэмжээнд очсон нь ард түмэн хэрүүлтэй, зодоонтой АН-аас залхсаных. Тэгээд ч Ардчилсан намд тугаа болгох үзэл баримтлал, удирдагчаа болгох лидер хэн байна. “Ах нар зайгаа тавиад өг” гэж хашгирдаг залуу үеийнхнээс Л.Оюун-Эрдэнийн эсвэл Д.Амарбаясгалангийн хэмжээнд танигдсан улстөрч үзээд өгье гэхнээ хэн байгаа юм бэ. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг нь ч лидерээ болгохыг АН-ынхан өөрсдөө хүсэхгүй байна шүү дээ.  Үнэндээ лидер байхын тулд өөрийн гэсэн итгэл үнэмшил, имиж, ядаж эрсдэл гаргаж чадах эр зоригтой байх ёстой биз дээ. О.Цогтгэрэлд их мөнгө, М.Тулгатад гоё боловсрол байна. Харамсалтай нь, жалгын улс төрөөсөө тэд хальж гарч чадсангүй.

“Эвтэй бол хүчтэй” болохыг МАН-ынхан их сайн ойлгож эсрэгээрээ АН-ынхан "ухаарч амжаагүй" л явна.

Энэ тухайд Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг нь “Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх нотолдог”. Икс үсгээ тэврээд Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлаж, МАХН-ыг байгуулсны “ачаар” Ардчилсан нам 2012 онд засгийн эрх авсан түүх бий. Тиймээс МАН энэ алдаагаа давтахгүй байхыг хичээж байна. Гэтэл Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх нь бүү хэл  эгцэлж харж чадахгүйд хүрцгээжээ. Ингээд тэд өмчлөх туг, үнэт зүйлээ хүртэл Ардын намынханд алдав.

Ардын нам хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, авлигатай тэмцэхээ албан ёсоор амалчихлаа. Тэд авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчилнэ гэж байна.

 МАН-ын шинэ үе худлаа, үнэн ч шинэ зууныг эхлүүлэх зургаан сэргэлтийн бодлогоо зарлалаа.  Гэтэл АН-ын шинэ үе ах нарынхаа ард нуугдсаар өтлөх нь дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж