Авлигачдын толгойг илсэн хялбаршуулсан журам

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Авлигачдын толгойг илсэн хялбаршуулсан журам

Авлигачдын толгойг илсэн хялбаршуулсан журам

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед авлигатай тэмцэнэ гэх суртал ухуулгыг ихээр хийх болсон. Гэвч авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсээр байгаа цагт авлига ялна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваагийн хэрэг. Түүний хувьд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Ингэснээр Д.Хаянхярваагийн  нийтийн албанд томилогдох эрхийг найман жилээр хасч, 210 сая төгрөгийг улсын орлого болгож, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваа 2.8 тэрбум төгрөгийн хахууль аваад 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн нь уг хуулийн цоорхой. Цаашлаад авлигын хэргийг өөхшүүлж байгаагаас өөрцгүй.

Эрх мэдэлтнүүд гүтгэн доромжилсон, гүжирдсэн гэж жирийн иргэдийнхээ үг хэлэх эрхэнд халдаж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Зөрчлийн хуулиар яллах болсон атал тэрбум тэрбумын авлигын хэрэгтнүүдээ торгосон төдийгөөр толгойг илж байгаа нь doublestandart юм.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодруулахад "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв зүйтэй зохицуулалт. Гэхдээ Монголын Эрүүгийн хуульд төгс зохицоогүй зүйл, заалтууд бий. Нэгдүгээрт, ямар гэмт хэргийг хялбаршуулах, ямрыг нь хялбаршуулахгүй байх вэ гэдэг хязгаарыг тавиагүй. Хоёрдугаарт, нийгэмд учруулсан хохирлоо 100 хувь төлөөд гэм буруугаа, хариуцлагаа хүлээж байгаа тохиолдолд энэ журмыг  үгүйсгэж болохгүй.  Уг хуулийн заалтыг зөвхөн авлига албан тушаалын хэрэг дээр ашиглаад байна уу гэвэл үгүй.

Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг ихэвчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна. Авлигын хэрэгт нөлөө бүхий хүмүүс холбогддог учраас  шийдвэрлэхэд хугацаа их шаардагддаг. Гурван шатны шүүхээр яваад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болдог. Харин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд хэрэг мөрдөн байцаалтад 14 хонож прокурор 72 цагийн хугацаанд хянаад ажлын тав хоногт шүүх шийдвэрлэнэ.  Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх нь хэрэг шалгах хугацааг багасгаж байгаа юм. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүйгээр  ялыг чангатгах зохицуулалт хийх боломжтой” гэлээ.

Харин АТГ-ын дарга З.Дашдаваа “Ялангуяа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мөн авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй байгааг” онцолсон юм.

Прокурорын байгууллагаас 2020 онд 5117 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс шүүх 4678 хэргийг буюу 91.4 хувийг шийдвэрлэсэн бол 2021 оны эхний таван сарын байдлаар 1892 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 475 буюу 78 хувийг хэлэлцэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноосон байна. 

“Транспарэнси интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнгээр Монгол Улс 35 оноогоор 180 улсаас 111 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүнээс харахад  албан тушаалын хэрэгтнүүд, авлигачдыг өөгшүүлсэн хуулиудаа эргэн харах, зүйл заалтуудыг өөрчлөх цаг болжээ.

ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛҮҮЛСЭН АЛБАН ТУШААЛТНУУД

2019 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байсан билээ. ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Тэрбээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Улмаар 2020 оны наймдугаар сард Б.Батзоригт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд түүнийг 14 сая төгрөгөөр торгож гэрээс нь хураасан 199 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Ш.Нямдорж нь АТГ-ын байцаагчдад гэртээ нуусан мөнгөө хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй  байдаг. Гэвч, хэргийг нийслэлийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал хүргүүлсний дагуу шүүх ч сарын дотор гялс манас шийдвэр гаргаж, түүнд торгуулийн ял оноогоод шоронгоос сулласан.

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр /АТҮТ/  зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр мөн л авлигын хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, 57 сая төгрөгийг улсын орлого болгож, 6 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрсөн. АТГ-аас 2019 оны сүүлээр тус байгууллагад  гэнэтийн шалгалт хийхэд  Д.Батбаярын  албан өрөөнөөс нь 57 сая төгрөгийн авлигыг илрүүлж байв. Түүний хэргийг 2020 онд шүүх эцэслэсэн юм.  Тэрбээр, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо тээврийн компанийн захирлуудаас удаа дараа хахууль авсан хэргээ ийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж