Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээнд суугаад хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хэд хэдэн удаагийн уулзалт хийж, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монголд айлчлаад буцсан. Цаашид хэлэлцээр ямар шатанд өрнөх, монголчуудад ямар боломж байгаа гээд эргэлзээтэй, тодорхойгүй асуудал олон бий.
Монгол Улсын Засгийн газраас тавьж буй хамгийн чухал санал бол 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх. Энэ саналыг "Рио Тинто" хүлээн зөвшөөрвөл хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгээ Монголын тал илэрхийлээд буй.
71/29 БА 50+/40+
Оюутолгой төсөл хэнд ашигтай вэ?
Энэ зурагт хуудас Оюутолгой төсөл анх эхэлж, гэрээ хийгдэх үеэр Төрийн ордон тойрсон томоохон самбаруудад өлгөөстэй байв. Оюутолгойн гэрээг ашиггүй гэх мэт хөрөнгө оруулагчдын эсрэг явуулсан пи-арын эсрэг энэ хуудсыг тарааж, Оюутолгой төслийн өгөөжийн 71 хувийг монголчууд хүртэнэ гэх энэхүү тооцооллыг Олон улсын валютын сан /ОУВС/-аас гаргасан хэмээн сурталчилж байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг, энэ хувийн өр, хүүгийн алдагдал гээд өр төлбөртэй, ашгаа ч хүртэж чадаагүй, сүүлийн хэдэн жил хэрүүлийн алим болсон гол сэдэв байв.
Тиймээс олон жил яригдсан хэрүүлийн алим шиг энэ асуудалд цэг тавихын тулд Монголын Засгийн газраас Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээнд суусан.
Тэгвэл одоо Засгийн газар ашиг хүртэх харьцааг хөрөнгө оруулагчдын анх хэлж байсан 71 хувь руу яаж хүргэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж буй. Монгол Улсын хүртэх ашиг нь 40 хувиас дээш байх ёстой гэсэн тооцооллуудыг хийж, хэлэлцээрийн үеэр талуудад танилцуулж буй. Тухайлбал, 34 хувь ногдох зээлийн үлдэгдлийг тэглэж, Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн зээл, менежментийн төлбөрийн хуваарилалт зэргийг хэвээр хадгалж, АМНАТ, зээлийн хүүг мөн хэвээр үлдээх саналууд ч гарж байгаа гэнэ. Ингэж байж талууд цаашид далд уурхайн төслөө эхлүүлж, харилцан ашигтай ажиллах тооцооллуудыг ч гаргасан байна.
ГҮНИЙ УУРХАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ РИО ТИНТОГИЙН АМБИЦ БА АЛДАА
Оюутолгой ордын нийт нөөцийн 80 хувийг гүний уурхайгаар олборлоно гэсэн тооцоололтой ч төлөвлөсөн зардлаа хэтрүүлчихсэн. 1.45 тэрбум ам.доллараар хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жил гаруй хугацаагаар хойшлоод байна. "Рио Тинто"-гийн зүгээс ч далд уурхай ашиглалтад орсон ч 2051 он хүртэл манай улс ногдол ашиг авахгүй, 22 тэрбум долларын өртэй үлдэх тооцоог "Рио Тинто" компани Засгийн газарт танилцуулсан нь анхаарал татаж буй. Гэвч "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн зүгээс нэмэлт санхүүжилтийн тодорхой хувийг баталсан. Монголын талд ч, "Рио Тинто"-д ч далд уурхайгаа эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж буй.
Энэ зардал хэтэрсэн шалтгаан нь Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрээс шалтгаалж хойшилж буй, Монголын талаас болж санхүүжилтээ баталж чадахгүй гэдгээ "Рио Тинто" мэдэгдсээр байгаа. Гэвч энэ зардал хэтэрсэн шалтгааныг Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг ч хэлж байр суурин дээрээ ч хатуу зогсч буй. Монголын талаас гүний уурхайн төслийн зардалд аудит оруулах шийдвэр гарч, бэлтгэл ажил хийгдэж байна. Зардал хэтэрч, хугацаа хойшилсноос болж үүсэх сөрөг үр дагаврыг дэлхийн санхүүгийн зөвлөхүүдтэй хамтран хэрхэн шийдвэрлэхээ юуны өмнө тодорхой болгохоор ажлын хэсэг ажиллаж буйгаа мэдэгдээд буй.
ЯКОБ СТАУСХОЛЬМЫН ИРСЭН УЧИР БА ХҮЛЭЭЛТ
Хэлэлцээр эхэлснээс хойш “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Улс төрийн хүрээнд өрнөж буй мэдээллээр хэлэлцээрт "Рио Тинто" талаас тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас саяхан тус компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмд Монголд ажиллаад буцсан. Түүнтэй Монгол Улсын Ерөнхий сайд, ажлын хэсэг, хэлэлцээрт оролцогч талууд бүгд уулзсан.
Монголын тал өөрсдийн тавьсан санал дээрээ хатуу байр суурьтай зогсч, хэрэв энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Харин Якоб Стаусхольм Ерөнхий сайд болон ажлын хэсэг холбогдох албаныхантай уулзсаны дараа сайтар судлаад хариу өгнө хэмээн нутаг буцсан. Одоо Монголын Засгийн газар тэдний хариуг хүлээж буй. Тэдний талаас ямар хариу ирэхээс Монголын талын дараагийн алхам тодорхойлогдох учир өнөөдөр ч хүлээлтийн байдалтай байна.
МОНГОЛЫН ТАЛЫН ТУЗ-ЫН ГИШҮҮДИЙН “БОЙКОТ”
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөл /ТУЗ/ хоёр удаа хуралдаж, далд уурхайн нэмэлт санхүүжилтийг 50, 75 сая ам.доллараар баталсан. Гэхдээ ТУЗ-ийн хуралд монгол талын гурван гишүүн оролцоогүй. Тус компанийн ТУЗ нь нийт есөн гишүүнтэй бөгөөд үүний гурав нь Монголын талын төлөөлөл,зургаа нь "Рио Тинто" талын төлөөлөл байдаг. Гэхдээ ТУЗ-ийн бүх гишүүдийн гарын үсэг зурагдаж, дэмжигдсэнээр санхүүжилтээ босгох боломжтой учраас Монголын талын ТУЗ-ын гишүүд татгалзах эсвэл оролцохгүй байх сонголтуудыг хийж буй. Өөрөөр хэлбэл, "Рин Тинто" далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санхүүжилтээ батлахын тулд ТУЗ-ийн есөн гишүүний гарын үсгээр баталгаажуулах ёстой гэсэн үг. Гэвч хэлэлцээрийн хүрээнд Монголын талын саналуудыг хүлээн авахгүй байх, хэлэлцээр урагшлахгүй бол энэ хэрээр далд уурхайн санхүүжилт босгох ажилд саад учирна гэсэн үг. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж олон жил үргэлжилсэн хэрүүлд цэг тавих хэлэлцээр эхэлж, талууд ширээн ард суусан нь том ололт боловч уг төслөөс Монгол Улс ашиг хүртэж, гэрээ нь нэг талын эрх ашгийг бус хоёр талын эрх ашгийг хамгаалах ёстой. Энэ л зарчмаар талууд хэлэлцээрийг эхлүүлж, өнөөдөр ч өрнүүлж байгаа учраас эцсийн зорилго нь Монгол Улс энэ төслөөс ашгаа хүртэх ёстой. Тиймээс ч Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон хэлэлцээрт оролцогч талууд бүх талын судалгаа мэдээллийг цуглуулж, энэ удаа цэг тавих, Монголын талд ашигтай байхыг зорьж буй.
Хэлэлцээрийн хүрээнд ийм зүйлс яригдаж байна. Оюутолгой төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлж, энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэгтэй хэлэлцээрт орж буй талууд ч монголчууд ч санал нэгдэж буй. Гагцхүү аль нэг талын эрх ашгийг умартахгүй, харилцан ашигтай урагшлах ёстой юм. Тиймээс ч энэ өдрүүдэд хийгдэж буй хэлэлцээр монголчуудын анхаарал тавьж буй том сэдвийн нэг болоод буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ