Өөрийн юм өргүй гэдэг. Монголчууд бидний хувьд цахилгаан, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотооддоо үйлдвэрлэн, экспортлох цаг ойртсоор буй юм.
Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэр гаргасан. Улмаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад (2018 он) “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төсөл орж, санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн билээ.
“Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр Засгийн газар ийнхүү хөрөнгө оруулалт татаад байхад Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн арванннэгдүгээр сарын 8-ны өдөр Ховд голын Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргажээ. Яасан ч том эрх мэдэл вэ.
Усан цахилгаан станц гэдэг стратегийн өндөр ач холбогдолтойг мэдэхгүй баймгүй. Тиймээс тус цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацааж, асуудалд жалга довны үзлээр хандаж таарахгүйг эдийн засагчдаас эхлээд учир мэдэх хүмүүс онцгойлон анхааруулж байна.
Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4/01 тоот тогтоолд "Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэжээ. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг “сүйтгэх” шийдвэр гаргахгүй нь лавтай тул асуудлыг өргөн хүрээнд харж, холч ухаанаар хандах хэрэгтэй биз ээ.
Усан цахилгаан станц (УЦС) нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэлбэр, эрчим хүчний үл шавхагдах нөөц юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая кВт цаг. Энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ гэсэн тооцоолол гарсан билээ.
Өөрийн гэсэн усан цахилгаан станцтай байна гэдэг ямар их чухал болохыг өнгөрсөн гуравдугаар сард болсон үйл явдал хатуухан сануулсан. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын хилээс нааш 10 км-ын зайд 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур хугарч унасан. Үүний улмаас Баруун бүс нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасарсан. 2021 оны гуравдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 22:47 цагаас эхлэн Дөргөний усан цахилгаан станцаас Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт хэрэглэгчдийн 20 гаруй хувь буюу эмнэлэг, дулаан үйлдвэрлэгчид зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан билээ. Мөн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж, хүнд үед хүчин чадлынхаа хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн билээ.
Өмнө нь 2008, 2018 онуудад Увс аймагт болсон хүчтэй салхи шуурганы улмаас Хандгайт-Улаангомын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч, томоохон хэмжээний гэмтлүүд гарч байв. Энэ үед Дөргөний УЦС-аас Баян-Өлгий, Ховд аймгийн нэгдүгээр зэрэглэлийн эрэглэгчдийг цахилгаанаар хангасан юм.
Дөргөний УЦС-ын ачаар сүүлийн таван жилд тохиосон гурван удаагийн байгалийн онц аюултай үзэгдэл болох хүчтэй шуурганы улмаас үүссэн ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний гэмтэл, саатлыг ямар нэгэн хохиролгүй даван туулжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор бидэнд наад зах нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах боломж бүрдэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулах билээ.
УЦС ашиглалтад орсноор иргэд болон эдийн засагт үзүүлэх ач холбогдол
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсны дараа жил бүр их хэмжээний орлогын албан татвар төлнө. Энэ нь үндэсний санхүүгийн орлогыг үр дүнтэй нэмэгдүүлж, улмаар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломж бүрдэх билээ. Мөн хүрээлэн буй орчин, бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирч, Баруун бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Усны нөөц бий болгож, баруун хязгаарын дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, илүү их хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хангамжийг сайжруулах замаар орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болох юм. Үүний зэрэгцээ усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулснаар бүс нутагт ажиллах хүчнийг татах бөгөөд боловсон хүчний урсгалыг нэмэгдүүлж, бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд сайн дэмжлэг болох билээ.
Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын жилийн нийт үйлдвэрлэл 366 сая кВт*цаг. Энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
УЦС барих нь тухайн бүс нутагт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн урт хугацааны хөгжлийг бий болгож, ажил эрхлэх боломжийг тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц болдог. Ажил эрхлэлт, хүн амын өсөлт нь зах зээлийн биржийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт, ложистикийн урсгал, мэдээлэл солилцоо зэрэгт нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн хурдыг сайжруулдаг.
Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах ач холбогдолтой. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломжтой. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэгээр нөлөөлөх юм.
Дашрамд дурдахад, 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын Power China-Power China Chengdu түншлэлтэй байгуулсан. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа хийж, барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө танилцуулсан билээ.
Холбоотой мэдээ