Сурвалжлага: Хямралтай жилийн үнэтэй даашинзыг худалдаж авах хүн алга

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хямралтай жилийн үнэтэй даашинзыг худалдаж авах хүн алга

Сурвалжлага: Хямралтай жилийн үнэтэй даашинзыг худалдаж авах хүн алга

Шинэ жилийн баяр дөхөж, албан байгууллагууд ганган ногоон гацуураа хэдийнэ засчээ. Covid-19 халдварын  улмаас хоёр жил хөл хорионд шинэ оноо угтсан монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэх шинжтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Covid-19-гүй шинэ жил"-ээ тэмдэглэх тухай ам гарсан. Тиймдээ ч Засгийн газар төрийн байгууллагуудаас бусдыг нь шинэ жилийн баяр тэмдэглэхийг нь зөвшөөрсөн. Ингэхдээ вакцины гуравдугаар тунд хамрагдсан байхыг шаардаж буй.

Тэгвэл охид, бүсгүйчүүд баярын гоёлынхоо эрэлд хэдийнэ гарчээ. 

“Гранд плаза” худалдааны төвөөр  ороход шинэ жилийн даашинз өлгөсөн лангууны өмнө охид, эмэгтэйчүүд "бужигнаж" байв. Тэд бие, биедээ ямар даашинз өмсөхийг зөвлөнө.  “Сэтгэлд таарсан гоё даашинзаа олсон ч 400 мянган төгрөг гэнэ. Арай л үнэтэй юм. Зах ордог юм бил үү” гэж утсаар хэн нэгэнтэй ярих бүсгүй лангуун дээрх өсгийтэй гутал, гар цүнх, хүзүүний зүүлт, гоёл чимэглэл бүгдийнх нь үнийг худалдагчаас асуух ямар нэгэн зүйл авалгүйгээр гарч одов. 

Замын-Үүд Эрээний хил хаагдсан учраас сонголтгүй, загвар муутай даашинзууд байх вий гэсэн худалдан авагчид "сонголт муугүй байгаа"-гаа хэлж байна. Бие барьсан торон даашинз, хэзээ ч моданаас гардаггүй хар өнгө, нүд гялбам  пластик оруулгатай, шинэлэг неон өнгөтэй, эмэгтэйлэг байдлыг илүү тодотгох нуруу ил гарсан зэрэг гээд  төрөл, төрлийн загвартай даашинз өлгөөстэй.  Уранхай гэгддэг  загвар өвөрмөц, содон зоригтой бүсгүйчүүдийн сонголт болохыг худалдагч зөвлөв. Ерөнхийдөө энэ жил хэт нүсэр биш энгийн загвар давамгайлна. Харин үнийн хувьд материал, загвараасаа шалтгаалаад 88-650 мянган төгрөгийн хооронд байна.

Түүнчлэн хослол яалтчгүй ажил хэрэгч, дайчин эмэгтэйчүүдийн сонголт. Эдийн засгийн хувьд хэмнэлтэй. Хувцасны шкафны өлгүүр болохоосоо илүү дараа нь өмсөх, эдлэх боломжтой. Тиймээс энэ жил бүсгүйчүүд хар, цагаан өнгөтэй хослол сонгох нь цөөнгүй харагдав. Үнийн хувьд 250-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Мөн торгомсог, гэрэл гэгээтэй атлас, силкээр хийсэн даашинзууд одоо ч тренд хэвээр. Биед зөөлөн, наалдацтай эдгээр даашинзууд өнгөрсөн зун охид, эмэгтэйчүүдийг хуйлруулж байв. Харин охидын мөрөөдлийн, дэрвэгэр хормойтой сиси даашинз 699-899 мянган төгрөгөөр зарагдаж байна. Бүсгүйчүүдийн хувьд ихэнх нь 90-250 мянган төгрөгийн  даашинзыг худалдаж авч байгаа бол 400 мянган төгрөгөөс дээш үнэтэй даашинзыг сонгох нь цөөхөн байгааг худалдагч хэлж байсан юм. 

Худалдагч бүсгүйн хэлснээр насны онцлогоосоо хамаарч сонголт нь өөр. Урт, торгомсог материалтай, шигтгээ болон бусад гоёлын оруулгатай  даашинзуудыг 45-аас дээш насныхан сонгодог байна. Туркээс орж ирсэн гэгдэх дээрх даашинзууд 380-480 мянган төгрөгийн үнэтэй.

Худалдагчид хэлэхдээ 2020 оны шинэ жилийн баярт зориулж авчирсан загваруудаа одоо гаргаж зарж байгаа нь энэ гэнэ. Учир нь, өнгөрсөн жил хөл хорионы улмаас тэд бараагаа зарж чадаагүй. Харин одоо сезон нь эхэлсэн учраас өдөртөө хамгийн багадаа 7-8 даашинз зарж байна гэв. Цаашлаад арван хоёрдугаар сарын 15-аас хойш  ашиг “цөм”  хийх төлөвтэй байгаа ч энд байгаа бэлэн бараа нь дуусах дөхөж буй тэдний “толгой өвчин” болжээ. Тиймдээ ч худалдагчид Засгийн газрын зохион байгуулж буй  Замын-Үүдээр чингэлэг тээвэрлэх ажил удаа дараа хойшилж байгааг шүүмжилж байсан юм.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвд гоёлын даашинз ховор. Гоёлын даашинзны үнэ худалдаалж буй тухайн газраасаа хамаарч харилцан адилгүйг онцлох нь зөв байх. Энд байгаа даашинзууд хамгийн үнэтэй нь 250 мянган төгрөгөөр зарагдаж байна. Загварын хувьд сонголтгүй байсныг нуух юун.

Covid-19 халдварын улмаас эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдагчид хэлж байна. Энэ байдал нь мэдээж гоёлын даашинзны түрээсийн бизнесийг хөгжүүлж байгаа гэхэд буруудахгүй. Тус худалдааны төвийн худалдагч “Ямар ч худалдан авалт байхгүй болохоор нь аргаа бараад  даашинзуудаа түрээслүүлж байна. Уг нь худалдах нь бидэнд илүү ашигтай. Зүгээр л өдөржин лангуу ширтээд ямар ч ашиггүй суухгүйн тулд иймэрхүү аргаар  мөнгө олж байна. Даашинзуудаа 50-70 мянган төгрөгөөр түрээсэлдэг” гэсэн юм. Харин “Гоёлын даашинз-прокат” түрээсийн цахим хуудас руу орвол олон бүсгүйчүүд даашинзны үнэ сураглажээ.

Төрөл, бүрийн загвартай даашинзууд бөгөөд өдрийн 15-70 мянган төгрөгөөр түрээслэх аж. Ингэхдээ тухайн иргэнээс иргэний үнэмлэх, 10 мянган төгрөгийн хамт авч үлддэг юм байна. 

Гоёлын даашинз худалдан авч, түрээсэлж шинэ жилээрээ гангарч байгаа нэг хэсэг байхад зөвхөн өөртөө зориулан цор ганц ширхэгийг хийлгэж өмсөх хүсэлтэй бүсгүйчүүд бас бий.  

Томоохон худалдааны төвүүд тэмдэглэлт баярын саруудад уртасгасан цагаар ажиллавал аль, аль талдаа хэрэгтэй гэдгийг иргэд, худалдагчид хэлж байлаа. Учир нь, ихэнх дэлгүүр, зах хоршоо үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10:00-11:00 цагт үүдээ нээдэг. Мөн дэлгүүр, хоршоод орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихна. Тиймээс ажлаа тараад дэлгүүр хэсэх боломжгүй байдгийг худалдан авагчид хэлж байна. Цагийн асуудал уян хатан хандах  бизнесийнхэнд ашигтай болохыг тэд хэлж байсан.

Ийнхүү бүтэн хоёр жил хөл хорионд байсан монголчууд шинэ жилийг хэдийнэ нүсэр тэмдэглээд эхлэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж