Дэлхийн шилдгүүд зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдгүүд зодог тайлав

Дэлхийн шилдгүүд зодог тайлав

Жүдогийн ертөнцөд нэгэн үе солигдож, бид бүхний сайн мэдэх дэлхийн одууд эхнээсээ зодог тайлж байна.


Майлинда Кельменди

Косовогийн анхны олимпийн алтан медальтан Майлинда Кельменди 30 насандаа зодог тайлав. Дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга түүний хөшөө төрөлх Печ хотод сүндэрлэсэн. IJF буюу Олон улсын жүдогийн холбооны мэдэгдэлд “Тэр тив, дэлхийг байлдан дагуулж, мөн олимпийн хөдөлгөөний утга учрыг өөртөө шингээсэн. Тэр үүнийг чимээгүйхэн хийсэн. Тэр байж болох хамгийн шилдэг тамирчин байхын төлөө үргэлж шаргуу ажиллаж, хэзээ ч олны анхаарлын төвд ороогүй эсвэл анхаарлыг татаагүй, зүгээр л хөдөлмөрлөж байсан” гэжээ.

Харин Кельмендигийн дасгалжуулагч Дритон Кука “Майлинда бол Косовогийн ард түмний баатар. Тэр жүдоч, олимпийн аваргаас илүү хүн. Түүний ачаар л бид олон улсын жүдогийн холбоо болон олон улсын олимпийн хорооны гишүүн болсон. Тэр бол манай улсад жүдо хөгжих эхлэлийг тавьсан хүн” хэмээн шавиа магтжээ.

Кельмендигээс хойш Косовогоос Дистриа Красники, Нора Гжакова зэрэг жүдочид олимпоос алтан медаль хүртсэн.

Г.Отгонцэцэг болон Елдос Жумаканов

Өнөө цагийн Казахстаны жүдо бөхийн нүүр царай болсон Г.Отгонцэцэг, Елдос Жумаканов нар өнгөрсөн сарын сүүлээр их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан. 2015 онд Казахстаны иргэн болсон Г.Отгонцэцэгийн хувьд 2017, 2018 онуудад дэлхийн аваргаас хүрэл медаль, 2016 онд Азийн аваргаас алтан медаль, 2016 онд олимпоос хүрэл медаль хүртэж, Казахстаны жүдогийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлж байлаа.

Өдгөө 29 настай Г.Отгонцэцэгийн хувьд олимп, тив, дэлхий, Гранд Слам, Гранд Пригийн 28 медальтай бөгөөд Казахстаны эмэгтэй жүдочид нийлээд ч ийм тооны медаль авч байсангүй.

Харин өдгөө 31 настай Елдос Жумакановын хувьд Азийн аваргын хос мөнгөн медальтай нэгэн. Дэлхийн аваргад одгүй, шагналт тавдугаар байрт хоёр удаа шалгарсан тэрбээр зодог тайлж буй талаараа “Өнөөдөр зодог тайлж байна. Мэдээж ийм шийдвэр гаргах амаргүй байлаа. 12 жилийг шигшээ багт өнгөрүүлжээ. Энэ он жилүүдэд ялалт, ялагдал, зовлон бэрхшээл, баяр баясгалан бүхэн надтай хамт байсан. Намайг дэмжиж ирсэн хүн бүртээ баярлалаа. Жүдо бол зүгээр нэг спорт биш. Энэ бол философи. Татами биднийг нэг удаа бус насан туршид минь холбосон. Үүний ачаар л би найз нөхөдтэй болж, өрсөлдөгчтэйгээ тэмцэж өөрийгөө сайжруулсан. Одоо Казахстаны спортыг хөгжүүлэх мэргэжилтнээр ажиллах цаг нь иржээ. Жүдо бөхөөс холдох ямар ч боломжгүй” гэжээ.

Ан Чанрим

Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Ан Чанрим өнгөрөгч Даваа гаригт зодог тайлж буйгаа зарлав. Япон гаралтай тэрбээр 2015, 2017 онуудын дэлхийн аваргаас хүрэл медаль, 2018 онд ажлаа гүйцээн алтан медаль хүртэж байв.

Өдгөө 27 настай Ан Чанрим өөрийн цахим хуудаснаа “Би энэ жил зодог тайлж байгаа учир 2021 он миний Солонгосын шигшээ багт өнгөрүүлж буй сүүлийн жил болж байна. Намайг дэмждэг IJF болон дэлхий даяарх жүдогийн нийгэмлэгтээ баярлалаа. Одоо би амьдралаа гэр бүл, аз жаргал, эрүүл мэнддээ зарцуулах болно. Би одоо сайн дасгалжуулагч болж, олимпийн алтан медальтнуудыг бэлтгэмээр байна. Би хилийн чинадад ажиллахад нээлттэй тул хэрэв хамтарч ажиллахыг хүсвэл надтай цахим шуудангаар холбогдоорой. Мөн зөвлөгөө, сургалт хийх сонирхолтой байгаа тул надтай холбогдоорой” гэжээ.

Японы Шохэй Оног ялах чин хүсэлтэй тэрбээр зургаан удаа түүнтэй таарахдаа нэг ч удаа ялж байсан түүхгүй.

Ан Чанрим тамирчны замналынхаа хамгийн сүүлийн барилдааныг Ц.Цогтбаатарын эсрэг хийн ялагдаж байв.

Антуан Валуа-Фортье

Канадын эрэгтэй жүдо бөхийн нэр нүүрийг олон жил тахалсан Антуан Валуа-Фортье зодог тайлан дасгалжуулагч болж байна. 31 настай тэрбээр замналынхаа турш Пан Америкийн аваргад гурван удаа түрүүлж, 2014 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль, 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль тус тус хүртэж байв.

12 жилийг жүдод зориулсан Антуан Валуа-Фортье “Зодог тайлсан хэдий ч жүдо миний амьдралын ихэнхи цагийг эзэлж байна. Өдөр бүр л бэлтгэл хийж, шинэ албандаа дасах гэж хичээж байна. Шинэ ажилдаа дасан зохицох нь чухал. Тамирчин хүн зөвхөн өөртөө анхаардаг бол дасгалжуулагч хүн бусдад анхаарал хандуулах ёстойг ойлголоо. Дахиад л өөр өнцгөөс энэ спортод гүн дурлаж байна. Шилдэг тамирчин бэлтгэн гаргана гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Георгий Зантарая

Украины шилдэг жүдочдын нэг Европ, дэлхийн аварга Георгий Зантарая албан ёсоор зодог тайлж буйгаа зарлаагүй ч улс төрд сэтгэл шулууджээ. Киев хотын зөвлөлийн төлөөлөгч болсон тэрбээр дэлхийн аваргад түрүүлсэн анхны Украин тамирчин болж байв. Мөн Японы Ами Кондо, Масаши Эбинүма нар зодог тайлсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж