Мягмар гаригт болсон Америк, Орос хоёр их гүрний Ерөнхийлөгч нарын цахим уулзалтын үеэр Украины эсрэг цэргийн ажиллагаа нь золиос их шаардана гэж Жо Байден анхаарууллаа.
ОХУ Украины хилийн ойролцоо 90 мянган цэрэг байршуулсантай холбогдуулан хийж буй уг цахим уулзалтын үеэр АНУ болон Европын холбооны орнуудаас авах нэмэлт хориг арга хэмжээний талаар Байден ярив. Энэхүү цахим уулзалт нь өнгөрсөн долдугаар сараас хойш болж буй эхний уулзалт юм.
АНУ Оросыг цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэхээр бэлтгэж байна гэж үзэж байгаа бол Путин төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Орос улс хил дээр цэргээ байршуулахын зэрэгцээ Украиныг түрэмгийлэгч мэтээр харагдуулахын тулд ташаа мэдээлэл түгээх компанит ажил өрнүүлж буй юм.
АНУ болон Европын холбоотнууд хэрвээ Орос Украин руу довтолбол юу хийх, тэр дундаа эдийн засагт хор хөнөөл учруулахуйц сөрөг арга хэмжээнүүдэд ямар хариу үйлдэл үзүүлэх талаараа идэвхийлэн ярилцсаар байна. Тэд энэ тохиолдолд шууд цэргийн арга хэмжээ авахгүй ч дипломат маягаар асуудлыг шийднэ гэсэн байр суурьтай байгаа юм.
Орос улс Вашингтоноос Украиныг NATO-д элсэхгүй гэсэн баталгаа шаардахын сацуу өөрсдийн түрэмгий төлөвлөгөөг үгүйсгэсээр байна. NATO-д элсэх тухай асуудлыг АНУ шийдэхгүй, NATO-гийн гишүүн орнууд болон Украин улс өөрөө бие даан шийдэх билээ.
Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Бямба гаригт хэлэлцээр болохыг баталсан. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү хэлэлцээрээр хоёр их гүрний Ерөнхийлөгч нар стратегийн тогтвортой байдал, кибер аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ” гэжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ