Авлига авсан, албан тушаалын хариуцлага алдсан, хүнд суртал гаргасан бол Ардын намын гишүүн байх эрхгүй. Үүний тулд шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.
Тэрбээр намынхаа 30 дахь удаагийн Их хуралд тавьсан улс төрийн илтгэлдээ “Намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, МАН-ын үнэт зүйлийг сэвтээж буй, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх. Төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэн хэрэгжүүлж ажиллана. МАН дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёлыг хэвшүүлнэ. Улс төрийн нам ардчилсан тогтолцооны гол институц болохын хувьд хариуцлагын зарчимд суурилах ёстой. Намын үнэт зүйлийг сэвтээж, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй институц болохоос хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш. Тиймээс намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон хэнд ч болов чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломж олгоно. Тэр дундаа шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгоно. Энэ бол МАН нээлттэй, ил тод нам байх чиглэлд хийж буй суурь үзэл баримтлал” гэлээ.
Их хурлын хоёр дахь өдөр МАН дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ерөнхий нарийн бичгийн мэдэгдсэнчлэн сахилга, хариуцлагын асуудлыг хатуухан “хуульчиллаа”. Тодруулбал, МАН-ын дүрмийн 4.7-д “Намын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй”.
Намын дүрмийн 34.6-д “Илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүний эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ. 34.7-д дээрх үндэслэлээр гишүүнчлэлийн эрх нь түдгэлзсэн намын гишүүнийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр авлигын гэмт хэрэгт гэм буруугүйд тооцсон бол гишүүнчлэлийн эрхийг сэргээнэ" хэмээн тусгаж, батлав.
Холбоотой мэдээ