Боловсролын сайдад эрх мэдэл алга!

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Боловсролын сайдад эрх мэдэл алга!

Боловсролын сайдад эрх мэдэл алга!

Ингэж хэлэхийн учир нь боловсролын салбарт гарч буй хариуцлагын асуудалтай холбоотой. Боловсролын салбарт нэг бус удаа багшийн ёс зүй, сурагчдын хүчирхийллийн хэрэг гарч, олныг эмзэглүүлэв. Тэр болгонд салбарын сайдын хариуцлагын асуудал сөхөгддөг. Гэтэл хууль журмаараа сайд нь бичиг хүргүүлэхээс өөр эрх мэдэлгүй аж. Салбарын сайдаас илүү эрх мэдэлтэн нь сум, дүүрэг, аймгийн Засаг дарга нар гэнэ.

Хамгийн сүүлд Архангай аймгийн сумын цэцэрлэгийн багш хүүхдүүдтэйгээ зүй бус харилцаж, зодож буй бичлэг сошиал орчинд тархсан. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Өвөрхангай аймагт төгсөх ангийн сурагч охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ мэт хэрэг олон нийтийн сүлжээнд цацагдаад л сураг алдардаг. Бодит байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хүүхдүүд хохироод үлддэг нь харамсалтай.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар Архангай аймгийн сумын цэцэрлэгийн багшийн асуудлаар мэдээлэл өгөхдөө “Ёс зүйн хариуцлага алдсан хүмүүст тухайн аймгийнх нь ёс зүйн зөвлөлөөр ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой байгаа учраас орон нутгийн байгууллагууд нь өөрөө нөхцөл байдлаа шалгаж, ёс зүйн зөвлөлөөрөө хэлэлцэж, шийдвэр гаргах боломжтой" гэдэг хариултыг өгсөн.

Угтаа бол салбарын сайд нь орон нутагт ч мэргэжлийн хүмүүсээ томилж, мэргэжлийн шаардлагаа тавих хэрэгтэй байна. Гэтэл манайд эсрэгээрээ сумын, аймгийн, дүүргийн Засаг дарга нар танил, ах дүүсээ л сургуулийн удирдлагаар томилдог тогтолцоотой болоод удаж буй. Үүний нэг жишээ нь Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн багш, тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон асуудал юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна. Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг салбарын сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн" гэдгийг онцолсон юм.

Сайдын үгээс харахад, боловсролын салбарт ажиллаж буй багш нарын мэргэжлийн дипломыг шалгаж эхлэх нь. Боловсролын салбарт хэн нэг даргын хамаатан садан биш мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүйтэй боловсон хүчин ажиллаж гэмээн хөгжинө. Монголын ирээдүйг боловсролтой гэрэлтэй гэгээтэй байлгах суурь нь боловсролын салбар. Тиймээс алс хязгаар нутагт ч боловсролын тэгш, хүртээмжтэйгээр олгож, арын хаалгаар албан тушаалд томилдог байдлыг халъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж