Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.12.07) чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талаар мэдээлэл хийв.
Тэрбээр Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон. Гэвч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж, аль болох ойрын хугацаанд нээхээр зорьж байна гэсэн юм.
Хятад улс Эрээний хилийг хааснаар Монгол Улсад импортын бараа тасарч, дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн хомсдохоос гадна үнэ өссөн. Мөн экспорт зогсонги байдалд ороод байна. Эрээнд халдварын тархалт хумигдсан тул өнгөрсөн долоо хоногоос тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ.
Хил хэзээ нээгдэх талаар албаны хүмүүсээс тодруулахад “Ямартай ч ирэх долоо хоногоос хил нээж магадгүй гэсэн хүлээлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд байна. Гэхдээ арванхоёрдугаар сарын 5, 6-нд нээнэ гэсэн албан шийдвэр гараагүй байна. Хоёр улсын талаас хилийн хяналт, шалгалт дээр зохицуулалт хийж буй бөгөөд ойрын хугацаанд Эрээний хилийг нээхээр ярилцаж байна” гэсэн тайлбар өглөө.
Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа бараагаар Covid-19 дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа бараа зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн.
Монголын тал Замын2Үүд боомтод чингэлэг байрлуулах талбай гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад, тэг цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн билээ.
Холбоотой мэдээ