УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МАН-ын Их хуралтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Тэрбээр “2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт, мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж шударга ёс тогтоно. Амжилт хүсье” гэв.
Н.Номтойбаярын хувьд сүүлийн үед хэвлэлийнхнээс ангид нам жим байгаа билээ. Түүнийг 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, МАН-аас хасч байсан юм.
Эргэн сануулахад, шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, нэг жилийн хорих ял оноосон бөгөөд ялаа эдлээд энэ оны тавдугаар сард суллагдсан билээ.
Холбоотой мэдээ