"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртээд буй. Тэрбээр сүүлийн үед тайз, дэлгэцийн болон дан хөгжмийн бүтээлээрээ цойлж яваа уран бүтээлч. Дэлхийн наадмаас хоёр дахь түрүү, олон улсын уралдаанаас зургаа дахь шагналаа хүртээд буй түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмаас зургаа дахь шагналаа хүртсэнд баяр хүргэе. Уралдаанд хоёр бүтээлээрээ оролцсон гэж сонслоо?

-Та бүхэндээ баярлалаа. Финлянд улсын Турку хотод арваннэгдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртлээ. Хөгжмийн зохиолчдын уралдаан нь дотроо дуулаачийн болон дан хөгжмийн гэсэн хоёр төрөлтэй. Миний хувьд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал гэсэн хоёр бүтээлээрээ оролцсон.

Финляндад олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дунд жил бүр болдог “JS Fest Competation” наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, эликтро хөгжим, computer music гэсэн төрлүүдээр зохион байгуулдаг нэр хүндтэй наадам юм.

Энэ жилийн наадам цар тахлын улмаас цахим хэлбэрээр болсон учраас дэлхийн олон орны 1000 гаруй хөгжмийн бүтээл ирсэн гэж сонссон. Тэргүүн байр эзэлсэн "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал нь галт тэрэгний хөдөлгөөнийг илэрхийлсэн болохоор сонирхолтой байсан байх.

-Таны хувьд анх удаа энэ уралдаанд оролцов уу?

-Би анх удаагаа Финляндын олон улсын уралдаанд оролцлоо. Олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаан нэг бол найрал хөгжим, ардын хөгжим, хийл, төгөлдөр хуур хөгжимд зориулсан гэх мэт төрөл жанраа өөрчлөөд байдаг. Энэ жилийн хувьд миний бүтээлүүд болзолд нь нийцсэн учраас бүтээлээ явуулсан юм. Сая Финляндад очиж оролцох байсан боловч цар тахлын улмаас чадаагүй. Өөрөө шагналаа гардаж авсан бол тэрэн шиг дурсгалтай, үнэ цэнэтэй зүйл гэж үгүй шүү дээ.

Өмнө нь Итали, Франц, ОХУ зэрэг олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцсон. Анх оюутан байхдаа 2010 онд Москвад олон улсын уралдаанд оролцож, урам авч байлаа.

"286-р галт тэрэг” симфони зураглал нь оюутан цагийн дурсамжтай нь холбоотой гэж сонссон?

-Манай нутгийн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” гэдэг шүлэг бичсэн байсныг анх олж уншсан. Тэгээд би Дорноговь руу явж байгаа байдлаар хөгжмийн зохиол бичиж болох юм байна даа гэж бодсон юм. Тэрийг л хөгжмийн хэлээр илэрхийлж, галт тэрэгний хөдөлгөөн, дуут дохиог дүрсэлсэн хэрэг л дээ.

Энэ бүтээл 2015 онд “Алтан намар” наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан. Төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт нь цоо шинэ бүтээл. Стиль жанр нь нэлээд орчин үеийн төрлийнх. Дундаа жазз хөгжмийн хэсэгтэй.

-Сүүлийн үед тайз, дэлгэцийн хөгжим дээр түлхүү ажиллаж байгаа харагдсан. Хамгийн сүүлд “Хөхөө” киноны хөгжмийг зохиосон байх аа?

-Тэглээ. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулаачийн бүтээл, дан хөгжмийн, тайз дэлгэцийн гэж гурав хуваадаг. Жүжгээс гэвэл “Анна Каренина” хөгжим дээр ажилласан. Киноны хөгжмөөс “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим олон улсын шагнал авчирсан. Сүүлд “Хөхөө” уран сайхны киноны хөгжмийг бичлээ.

Уг нь 10 хөгжим бичсэн ч нэг л хөгжим нь киноны төгсгөл хэсэгт орсон. Яагаад гэвэл үйл явдлыг хэт хурцдуулж, сэтгэл санааны хүнд байдалд оруулах байх гээд хассан. Хөгжмийг нь найруулагчийн хэлснээр хийсэн, маш их таалагдсан. Мөн “Хархүү” гээд морины тухай Өвөрмонгол найруулагчийн киноны хөгжмийг бичсэн.

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлээс монгол ахуй “ханхалдаг” шүү дээ?

-Миний бүтээлүүд монгол ая аялгаараа онцлог. Мэдээж хөгжмийн орчин үеийн арга техникүүдийг оруулдаг. Дан уламжлалт маягаар хийвэл сонирхолгүй шүү дээ. Бидний өмнөх үеийн уран бүтээлчид хангалттай сайхан бүтээлүүд хийчихсэн. Европын оронд ази хөгжим, тэр дундаа монгол хөгжмийг их сонирхдог. Уламжлалт өв соёлоо орчин үеийн хөгжмийн найруулгын арга барилтай хослуулах нь чухал.

-Өөрийгөө хөгжмөөр илэрхийлбэл?

-Би бол дөлгөөн хүн. Тиймээс уянгалаг хөгжимтэй зүйрлэнэ. Гэхдээ хөгжмийн зөрчлийг нарийн мэдэрч, илэрхийлэхийг зорьдог. Том хөгжмийн зохиолын хамгийн чухал нь драматург буюу зөрчил.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Би ч нэг их айхтар төлөвлөгөө гаргадаггүй. Энд тэндээс захиалга ирвэл бүтээлээ чин сэтгэлээсээ хийж өгдөг. Том, жижгээсээ шалтгаалж өдөр өдөрт суугаад байхад гараас гарчихна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж