Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:
-УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Шадар сайд, Эрүүл мэнд, БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах тушаал батлагдсан. Тодруулбал, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийслэлд арванхоёрдугаар сарын 13-наас, орон нутагт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.
Энэ хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.
Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.
Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсч, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон, мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байсан нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш, цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-той холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан.
Холбоотой мэдээ