Афганистаны Талибаны эрх баригчид дэглэмтэй эмэгтэйчүүдийн эрхийг тодорхойлсон тусгай тогтоол гаргасан боловч боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх эрх чөлөө тусгай тогтоолд байсангүй. АНУ уг зарлигийг сайшаасан ч Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийг хангахад илүү их зүйл хэрэгтэйг дурдав.
Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Баасан гаригт гарсан шинэ тунхаглалыг үгүйсгэж, эмэгтэйчүүдийн төлөө бус олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийн төлөө гаргасан шийдвэр гэж буруушаажээ.
Талибаны дээд удирдагч Мулла Хайбатулла Ахунзадагийн нэрээр гаргасан уг зарлигт хүүхэд, бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглож, "Хэн ч эмэгтэй хүнийг албадлага, дарамт шахалтаар гэрлүүлж болохгүй" гэж заасан аж.
Бага насны хүүхдийг албадан гэрлүүлэх явдал Афганистаны хөдөө тосгодоор түгээмэл бөгөөд олон зуун жилийн туршид байсаар ирсэн. Талибанчуудыг эзлэн авахаас ч өмнө АНУ-ын тусламжтай өмнөх засгийн газрын удирдлагын үед ч хүүхдийг өрсөлдөгч овог аймгуудад болон өр зээлийн маргалдааныг шийдвэрлэх зорилгоор охид, бүсгүйчүүдийг өгдөг байжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан 2018, 2019 онд зөвхөн баруун хэсгийн Херат, Бадгис мужуудад бага насны хүүхэд гэрлүүлсэн 183, гэр бүл нь хүүхдээ худалдсан 10 тохиолдол бүртгэсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн сард тайлан нийтэлж, тус агентлагийн гүйцэтгэх захирал Афганистанд бага насны хүүхэд гэрлэх явдал нэмэгдэж байна гэсэн мэдээлэлд гүнээ санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Талибанчуудын Баасан гаригт гаргасан мэдэгдэлд "Эмэгтэй хүн бол өмч биш, харин эрхэмсэг, эрх чөлөөтэй хүн. Хэн ч түүнийг энх тайвны гэрээ байгуулж, дайсагналыг таслан зогсоохын тулд ашиглаж, хэнд ч өгч чадахгүй" гэжээ.
АНУ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Томас Уэст эмэгтэйчүүдийг хэнтэй гэрлэхээ тодорхойлохыг зөвшөөрсөн тогтоолыг сайшааж байгаа ч "Афганистаны сургууль, ажлын байр, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрхийг хангахад илүү их зүйл хэрэгтэй" гэж мэдэгдэв.
Талибанчууд эмнэлгийн ажилчдыг эс тооцвол маш цөөхөн эмэгтэйд ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Олон мэргэжлийн эмэгтэйчүүд эх орноосоо дүрвэсэн, эсвэл ажил мэргэжлээ орхиж, охид, залуу эмэгтэйчүүдийг бага ангиасаа цааш сургуульдаа буцаж ирэхийг зөвшөөрдөггүй.
Мөн охидыг сургуульд оруулахгүй байх нь хүүхдийн гэрлэлтийн асуудлыг улам хурцатгаж магадгүй гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн захирал өнгөрсөн сарын тайландаа анхааруулжээ.
Энэ зун Афганистаныг эргүүлэн авснаас хойш Талибан хөдөлгөөний удирдагчид барууны засгийн газруудыг Талибан бол тус улсын хууль ёсны удирдагч гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Одоогоор Талибаны засгийн газрыг гадаадын аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй байна.
Баасан гаригт гаргасан зарлиг нь афган эмэгтэйчүүдэд бодит эрх олгохоос илүүтэй бусад улс орнуудад чиглэсэн гэж олон шинжээч, эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.
Афганистан дахь Америкийн их сургуулийн профессор асан доктор Бахар Жалали CBS News-т хэлэхдээ "Талибанчууд олон улсын анхаарлыг хандуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зүгээр л байр сууриа илэрхийлж байна. Тэд үүнийг аажмаар зөөлрүүлж, эмэгтэйчүүдийн эрхийн талаар илүү нээлттэй болох юм шиг харагдуулахыг хүсч байна. Энэ нь мэдээжийн хэрэг чин сэтгэлээсээ биш. Энэ бол зүгээр л өөрсдийгөө илүү даруухан харагдуулах гэсэн башир арга юм" гэжээ.
Уг зарлигийн хариуд Ням гаригт Кабул хотноо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид цуглаан зохион байгуулсан байна. Талибанчуудын хэлмэгдүүлэлтээс эмээж, энэ арга хэмжээг байшин дотор зохион байгуулжээ. Энэхүү цуглаанд оролцогчид уг тогтоолд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулахыг уриалав.
Эх сурвалж: CBS NEWS
Т.ИСҮ
Холбоотой мэдээ