АНУ-ын дипломатчид 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг албан ёсоор эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. "Human rights watch" байгууллагын 2021 оны тайланд дурдагдсан Хятад дахь хүний эрхийн асуудалд санаа зовж байгаа учраас олимпийн наадамд Цагаан ордон албан ёсны төлөөлөгчөө илгээхгүй. Харин АНУ-ын тамирчдын хувьд олимпод оролцох эрх нь нээлттэй бөгөөд засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ" гэв.
Хятад энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагааны эсрэг шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ урьдаас мэдэгдээд байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсэргүүцлээ дипломат арга барилаар илэрхийлэхийг өнгөрсөн сард сануулж хэлсэн. Олимпийн нээлтийн бүрээ үлээх ёслолд АНУ оролцохгүйг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэнээр дипломат эсэргүүцлээ албан ёсоор баталгаажууллаа.
АНУ-ын дипломатчид, албан ёсны төлөөлөгчид энэхүү олимпийн наадмыг хүний эрх ноцтой зөрчиж буй Хятадын цадигаа алдсан үйлдэл болоод Шинжаанд болсон аймшигтай хэргийн нэгэн адил ажил хэрэгчээр авч хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна.
Байдены засгийн газрын уг эсэргүүцэл 1980 онд болж байсан эсэргүүцлээс хамаагүй хөнгөн хэлбэртэй байна. Тухайн үед олимпийн наадмын өмнөх жил ЗХУ Афганистан руу довтолсон учраас АНУ баг тамирчдаа Москвагийн олимпод оролцуулаагүй. Хариуд нь ЗХУ болон холбоотнууд Лос Анжелест зохиогдсон 1984 оны зуны олимпийг эсэргүүцэж байжээ. АНУ нь 2028 онд дахин Лос Анжелест зуны олимп зохион байгуулахаар болоод байгаа билээ.
АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчид аль аль нь Хятад дахь хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан Бээжин 2022 өвлийн олимпийг эсэргүүцэх дээр санал нэгдэж байгаа бол зарим улс төрчид уг эсэргүүцлийн арга хэмжээг хангалтгүй байна, илүү өргөн цар хүрээнд бүрэн утгаар нь эсэргүүцэл илэрхийлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ