Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны VIII чуулган хойшилж, гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд товлогдсон. Энэхүү ээлжит бус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах аж.
Уг VIII чуулганаар Олимпийн хороог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгох байлаа. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандсан гомдол ирүүлжээ. Тодруулбал, “Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байна” гэжээ. Мөн комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна.
Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажилладаг.
Тэгвэл сонгуулийг будилаантуулах магадлалтай хараат бус сонгуулийн комисст хэн хэн багтаж байсан бэ?
- Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Батзаяа
- Эрх зүйч, эдийн засагч О.Одбаяр
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ж.Энхчулуун
Өмгөөлөгч Б.Батзаяагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан, сайн найз нь гэх. Харин эрхзүйч, эдийн засагч О.Одбаярын хувьд Сү.Батболдын дотны анд төдийгүй "Алтай холдинг"-ийн захирлаар ажиллаж байсан түүхтэй. Гэтэл Олимпийн хорооны ерөнхийлөгчийн гол өрсөлдөөн Х.Баттулга болон Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нарын хооронд болно гэж олон нийт харж байна. Тэгэхээр хоёр талаас өөрсдийн хүнээ сонгуулийн комисст оруулчихсан байжээ.
Одоо хамгийн сонирхол татаж байгаа нь шинээр байгуулагдах хараат бус сонгуулийн комисст хэн хэн орох вэ гэх асуулт. МҮОХ-ны дүрмийн 14.4.1-д зааснаар:
- МҮОХ-ны чуулганы өмнөх МҮОХ-ны гишүүдийн хурлаар хараат бус, бие даасан сонгуулийн комисс байгуулна.
- Комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн үр дүнг мэдээлэх хүртэлх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцна.
- Комисс нь даргыг оролцуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй байна. Сонгуулийн комиссын гишүүдийн хэн ч сонгуульд нэр дэвшигч байж болохгүй бөгөөд санал өгөх эрхгүй. Гишүүд нь хараат бус, төвийг сахисан байх ба дор хаяж нэг гишүүн нь хуулийн салбарт ажилласан туршлагатай байна.
Ямартай ч хуулийн салбарын, төвийг сахисан хүн энэхүү сонгуулийн комисст орох аж. Гэхдээ урьдын адил хоёр талаас өөрсдийн хүнээ зүтгүүлж, бие биеэ хардан хяналт тавих биз ээ.
Холбоотой мэдээ