Гашуунсухайтын тусгай зориулалтын авто замын ажил 38.7 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Гашуунсухайтын тусгай зориулалтын авто замын ажил 38.7 хувьтай байна

Гашуунсухайтын тусгай зориулалтын авто замын ажил 38.7 хувьтай байна

Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын тээвэр, логистикийг сайжруулах чиглэлээр танай яамны зүгээс ямар бодлого шийдвэр хэрэгжүүлж байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банктай хамтран Орон нутгийн эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох авто зам барих, сайжруулах, мөн хөдөө аж ахуй тэр дундаа махны нэмүү өртгийн сүлжээний зориулалттай төрөлжсөн логистик хөгжүүлэхэд шаардлагатай инженерийн дэд бүтэц барих зорилготойгоор “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү төслийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, логистик, нийлүүлэлтийн сүлжээний платформ байгуулах, Техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орон нутгийн малчдын амьдарч буй нутгийг улсын чанартай авто замын сүлжээнд холбох замаар авто замын үр ашгийг дээшлүүлэх, тээвэр логистикийг хөгжүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандарт шаардлага хангах эцсийн бэлэн бүтээгдэхүүнээр боловсруулах, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хүйтэн хэлхээний тогтолцоо бүрдүүлж, гаднын туршлага нэвтрүүлэх боломж бий болно.

-Өдөрт Замын-Үүд боомтоор хэдэн чингэлэг хүлээн авч байгаа вэ? Иргэд ачаа тээвэр хэзээнээс хэвийн болох вэ гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ?

-БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүд өртөөнд наймдугаар сард хүлээн авсан 1724 чингэлэг, есдүгээр сард 1994, аравдугаар сард 1925, арваннэгдүгээр сард 4231 чингэлэг хүлээн авсан байна. Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийн хүрээнд хилийн төмөр замууд харилцан тохиролцсоны дагуу Хятадын талд өргөн царигийн төмөр замаар хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгдөг. Үүнийг Эрээн өртөөний техникийн хүчин чадлаас хамаарч тохиролцсон. Арваннэгдүгээр сард хоногт дунджаар 13.8 галт тэрэг хүлээлгэж өгсөн байна. Төрлөөр нь ангилбал төмрийн хүдэр 4.6, транзит чингэлэг 3.5, экспортын чингэлэг 1.5, нүүрс 2, бусад 1.9 галт тэрэг байгаа юм. Замын-Үүдэд ажлын хэсэг ажиллаж байна.

-Дархан чиглэлийн замын ажил ямар түвшинд хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 5 багц хэсэгт хуваан барилгын ажлын 1, 3, 5 дугаар хэсгийн хучилтын ажил дуусч, нийт 113.53 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани цар тахлын улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Дараагийн гүйцэтгэгч компанийг 2021 оны долдугаар сард сонгон шалгаруулж, багц 2 дугаар хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай  2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр, багц 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Чайна гео инженеринг корпораци” ХХК-тай 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр тус тус гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлээд байна. АХБ-ны төслийн нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьтай хэрэгжиж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажлыг мөн 5 багц хэсэгт хуваан, 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувьтай хэрэгжиж байна.

Мөн Зам барилгын ажлын чанар, стандартыг хангуулах хүрээнд өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг АХБ-ны төсөлд БНЭУ-ын “Ай Си Ти” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн хамтарсан баг, ЕСБХБ-ны төсөлд Итали Улсын “Аи Ар Ди Инженеринг” ХХК болон БНЭУ-ын “Ай Си Ти” ХХК-ийн түншлэлийн баг тус тус гүйцэтгэж байна. Хоёр төслийн хүрээн дэх зам барилгын ажилд өдөр тутамд нийт 40 орчим гадаад, дотоодын инженер, техникийн ажилчнаас бүрдсэн хяналтын баг бүрэлдэхүүн авто замыг батлагдсан зураг төсөл, техник, технологийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ онд Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн шинээр асфальтбетон хучилт хийгдсэн 113.53 км авто зам, багц 2 болон 4 хэсгийн шинээр асфальтбетон хучилт хийгдсэн 3.7 км, хуучин асфальтбетон хучилттай 56.9 км авто зам (Нийт 182.94 км хучилттай зам), хучилт хийгдээгүй нийт 29.98 км-т үндсэн замын шороон далан болон түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс нэвтрүүлж эхлээд байна.

-2021 онд Дарханы зам ашиглалтад орж чадсангүй. Энэхүү бүтээн байгуулалтаас өөр ямар ажлыг энэ онд амжуулав?

-Авто замын салбарт 2021 онд 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Энэ онд нийт 287.2 км хатуу хучилттай авто зам, 574.7 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн чиглэлийн 68.1 км хатуу хучилттай авто зам, гурван байршилд 483.8 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байна. Энэ жил ашиглалтад оруулахаар хүлээгдэж буй 12 төсөл, арга хэмжээний 219.14 км авто зам, 90.9 у/м гүүрийн барилгын ажлын явц 95-100 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто замын барилгын ажил-65 хувь, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын барилгын ажил-71.6 хувь, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын барилгын ажил-80.9 хувь, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 авто замын барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна.

-Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийгдэж байна вэ? 

-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам 96 хувь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 60 хувь, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 97 хувь, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам 40 хувь, Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам 65.5 хувийн гүйцэтгэлтэй, он дамжин хэрэгжиж буй. Энэ онд шинээр эхлүүлсэн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 58 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажил 24 хувь, Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн хоёрдугаар үе шатны барилгын ажил 26.5 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээ байгуулан хэрэгжиж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто замын барилгын ажил 38.7 хувь, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477.1 км тусгай зориулалтын авто замын барилгын ажил 17 хувь, Дархан Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км авто замын барилгын ажил 8.5 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажил бүрэн дуусаад байна. Авто замын салбарт 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт төсөл, арга хэмжээний барилгын ажил 72.5 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 78 хувь, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилгын ажил 68.5 хувь, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто замын барилгын ажил 58 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн яамны харъяа байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан. Төлөвлөгөөний хэрэгжилт болон хоцрогдолтой байгаа ажлуудыг шалгах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, судалж боловсруулах, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  талаар дүрэм журмын хэрэгжилтийг шалгасан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг цахимаар зохион байгуулж “Зам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцээд, салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.4 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж