Швед довтлогч Златан Ибрахимович Италийн "Che Tempo Che Fa" телевизийн нэвтрүүлэгт оролцож, өөрийн саяхан гаргасан “Адреналин” хэмээх намтарчилсан номын талаар болон өнөөдөр болох Аваргуудын лигийн хэсгээс гарах эсэхээ шийдэх Ливерпүүлийн эсрэг хийх чухал, хариуцлагатай тоглолтын талаар өөрийн бодлоо хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.
Өвчин гэж юу вэ?
-Би өдөр болгон л өвчин зовлонг мэдэрдэг. Гэхдээ толгой дотор минь зорилгууд байна. Өвчин зовлонд дасан зохицох хэрэгтэй. Би өөрийн өвчин, зовиураа эрч хүч болгон хувиргасан.
Хүүхдүүдийнхээ талаар юу хэлэхсэн бол?
-Тэд бол миний бүхий л ертөнц. Миний том хүү Винсент АС Миланы хуучин тоглогч Гаттусотай ижил сэтгэл зүйтэй. Тэр ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн бол өөрийгөө 200 хувь дайчилдаг.
Адреналины тухайд?
-Энэ зүйл намайг одоогийн түвшинд минь байлгадаг. Үүнгүй бол өнөөдрийн би байхгүй байх байсан. Адреналин бол миний бүх зүйлийн гол түлхүүр.
Ливерпүүлийн талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Би ямар нэг мухар сүсэгт итгэдэггүй ээ. Би түүнээс илүү хүчтэй. Тэдний эсрэг хийх тоглолт их чухал. Бид чадах чинээгээрээ сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй. Юмс хэрхэн яаж хувирахыг харж л байя даа.
Дахин Миланыг бүтээн босгож байна?
-Дан ганц миний хувьд биш баг бүрэлдэхүүн дахин шинээр бий болж байна. Ибрахимович гэрээ байгуулахад ямар нэгэн ид шидийн зүйл болдог.
Малдинигийн гэр бүлийн талаар юу хэлэх вэ?
-Би Паолотай хамтдаа тоглож байсан. Одоо Даниэльтэй (Паоло Малдинигийн хүү) цугтаа тоглож байна. Адреналин намайг Даниэлийн хүүтэй цуг тоглуулах эсэхийг харж л байя.
Амьдралд бууж өгсөн тохиолдол бий юү?
-Хэдий олон хүн миний эсрэг байсан ч гэсэн би үргэлж л өөртөө итгэсээр ирсэн. Шведэд ч намайг тийм сайнаар хүлээн авдаггүй. Та энэ талаар миний эхнэрээс асуусан ч болно. Би үргэлж л илүү ихийг хүсч, хэзээ ч бууж өгч байгаагүй.
Улаан Харуудын хуучин ерөнхийлөгч Силвио Берлусконигийн талаар?
-Тэр үргэлж л миний үсийг тайрахыг хүсдэг байсан. Би түүнд миний хүч чадал үсэндээ байгаа юм гэж хэлж байлаа.
Роналдо Назариогийн талаар юу хэлэх вэ?
-Тэр бол жинхэнэ онцгой, ер бусын тоглогч. Би түүнийг талбай дээр даган дуурайдаг байсан. Өөрийн гайхалтай хурд, бие бялдрын хүчээрээ гайхалтай тоглолтуудыг үзүүлдэг байсан.
Ван Бастены тухайд?
-Тэр надад маш их асуудал, төвөг авчирдаг байсан. Яагаад гэвэл намайг Аяакст байхад түүнтэй дандаа харьцуулдаг байсан. Хүмүүсийн харьцуулалт, хүлээлтийг алдахгүй авч явах хэцүү.
Жозе Моуриньог та сайн дасгалжуулагч гэж хүлээн зөвшөөрдөг үү?
-Гайхалтай сайхан найз, бас дасгалжуулагч. Талбай дээр болон талбайн гадна намайг хөгжүүлсэн.
Дасгалжуулагч Карло Анчелоттигийн талаар?
-Гайхалтай хүн, бас дасгалжуулагч. Би ПСЖ багаас яваад түүн рүү залгаад “Сайн уу, дасгалжуулагч аа” гэхэд надад “Битгий тэгж дууд аа. Яагаад гэвэл бид бол найзууд гэж хэлсэн”.
Өөрийн агент Мино Райолагийн талаар юу хэлэх вэ?
-Тэр бол миний хувьд бүх зүйл. Агент, хоёр дахь аав, найз, гэр бүлийн гишүүнээс илүү нэгэн. Миний хөлбөмбөгийн замналын эхэн үед тэр надад их тусалсан.
АС Милантай гэрээ байгуулсан тухайгаа ярихгүй юу?
-Миний гэрээ дуусахгүй ээ. Би чадах чинээгээрээ цааш үргэлжлүүлэн тогломоор байна. Мөн надад байгаа Адреналиныг чадах чинээгээр нь ашигламаар байна. Би Миланыг надтай гэрээгээ сунгахад хүргэхийн тулд тэдний төвөгтэй байдалд оруулахаар ажиллаж байна. Би энд үлдсэн амьдралынхаа турш баймаар байна. Надад хүрэхийг хүссэн хэд хэдэн зорилгууд байна. Би дахиад нэг удаа Италийн аварга болмоор байна.
Хэзээ зодог тайлах вэ?
-Би өөрийн хөлбөмбөгийн замналаа дуусгаад, юу хийхээ мэдэхгүй байна. Үүнийг дуусгахаасаа бага зэрэг айж байна. Юу болохыг харж л байя. Би дараа нь юунд ч харамсахгүйн тулд цааш үргэлжлүүлэн тогломоор байна.
Үзэн ядалтын талаар?
-Хэн нэгэн, хэн нэгнийг арьс өнгөөр ялгаварлах, эсвэл өөр шалтгаанаас болж доромжлоход ялгаа байхгүй. Энэ зүйлийг өөрчлөхийн тулд хийх хэрэгтэй хэд хэдэн зүйл бий. Талбай дээр өвдөглөж суулаа гээд өөрчлөлт авчрахгүй.