Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд хэд хэдэн зохицуулалт хийжээ.
Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын хувьд Улаанбаатар хотод энэ Баасан гаригийг дуустал, орон нутагт энэ сарын 17-ны өдрийг дуустал хичээллээд, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтжээ.
Ерөнхий боловсролын хувьд нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, арванхоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон байна.
Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж, энэ сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ. Их, дээд сургуулиудын тухайд энэ долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ.
Арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. Харин ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулна.