SPEAK OUT: МАН-ын Их хурлаар гишүүд юуг онцлов

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: МАН-ын Их хурлаар гишүүд юуг онцлов

SPEAK OUT: МАН-ын Их хурлаар гишүүд юуг онцлов

МАН-ын 30 дахь удаагийн Их хурал өчигдөр эхэлж, намын даргаа сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсоноо хүргэж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР:

-Монгол Улсын 10 жилийн хөгжлийг авчрах бодлого хэлэлцсэн. Эдийн засгийн хөгжлийг хязгаарлагчдыг олоод яаж засах вэ гэсэн бодлого боловсруулбал аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө аваад явах бололцоотой.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Намын хүний нөөц, боловсон хүчин, улс төрийн томилгоонд шинэчлэл хийх хэрэгтэйг ярьж байна. Улс төрийн томилгоо авсан хүн албандаа манлайлж,  улс орны төлөө ажлаа хийх ёстой. Гэтэл авлига, хээл хахуульд нэр холбогдох, ажлаа муу хийх, салбараа удирдаж чадахгүй зөрчил гарч байна. Энэ нь өөрөө маш их хор уршигтай. Тиймээс ажлаас нь өөрчлөх биш тухайн улс төрийн албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь маш сайн ойлгуулж хариуцлага тооцдог байхаар ярьж буй. Би үүнийг дэмжиж байна. Энэ дээр ганц МАН биш улс төрийн намууд хатуу хэлцэл хийдэг байх ёстой. Үүнд өөрчлөлт хийхэд манлайлж оролцоно.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД:

-Цаашид нийгэм маань ил тод байдлыг шаардаж байна. Тиймд МАН цахим нам болох зорилт дэвшүүлж ирсэн. Бид бүх талаасаа цахим нам болчихсон байна. Нам дотор буй сайн зүйлс ил тод байж, ард түмний нүдэн дээр ил болно. Буруу зүйл дээр хариуцлага тооцдог байх ёстой гэсэн зарчим барьж байна. Өнөө цагийн зайлшгүй шаардлага. Алдаа оноо гарсан, тэр нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:

-Эдийн засгийн тусгаар тогтнолгүйгээр улс төрийн тусгаар тогтнол байна гэдэг хэцүү. Бие даасан шийдвэр гаргах боломжгүй, бүх зүйл дээр хүний гар харсан байдалтай байж болохгүй. Тиймээс дараагийн 100 жилийн эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг ярина гэдэг нь үндсэндээ эрчим хүчний хараат бус байдал, зам тээвэр, логистик боомтын асуудлыг шийднэ гэсэн үг. Мөн дотооддоо хүнсээ зуун хувь хангадаг болно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар дахин цар тахал шиг нөхцөл үүсэхэд дотооддоо асуудлаа шийддэг болох боломжийг бүрдүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН: 

-Их хурлаас тодорхойлж буй хоёр, гурван бодлогын асуудал бий. Нэгдүгээрт, эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж байна. Үүн дээрээс эдийн засагтай холбоотой гурваас дөрвөн реформын асуудал байна. Зөвхөн намаас дэвшүүлж буй бодлого өнөөдөр намын их хурлаар дэмжигдээд бодлого болон гарвал цаашдаа Монголын төр засаг УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжих бодлогын суурь болно гэж харж байна. Хоёрдугаарт, сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх талаар бодлого танилцуулахаар орж ирж байна. Цаашдаа төрийн тогтолцоо, бодлогыг бэхжүүлэх реформ их хурлаас гарах байх. Үүгээрээ их хурлын үр дүн хэмжигдэнэ гэж бодож байна.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Ирэх зуун жил эдийн засгийн тусгаар тогтнолын зуун байх болно. Үүний бодлогын эхлэлийг МАН-ын 30 дугаар их хурлаар тунхаглаж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг улс орон бүр өөр өөрөөр тодорхойлж байгаа. Хамгийн гол нь, нийгмийн бүтэц тэр дундаа хүчирхэг нийгмийн дундаж давхаргад суурилсан төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, хөрш орнуудын гадаад бодлого тогтвортой, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг шингээсэн бүтэцтэй улс болъё. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол агуулга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж