Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Хичээлийн завсарлагаа болж, хонх дуугарахад хүүхдүүд ангиасаа гүйн гарч, сургуулийн коридор дүүрнэ. Хичээлийн завсарлагаанаар дараагийн цагийн хичээл, дээд ангийн хүүхэд, манай дүү, математикийн хичээл, улирлын амралтын даалгавар гэдэг үгс тод сонсогдоно. Аль ч сургууль дээр харагддаг дүр зураг.

Улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдсан хоцрогдлоо энэ хичээлийн жилд хэр их нөхөж чадсан талаар тодруулахаар Ерөнхий боловсролын 30, 44, 53, 68 болон бусад сургуулиар орлоо. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн хөл хорионд алдсан боловсролыг нөхөхөд гурван жил шаардлагатайг эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа билээ.

ХОЁР ЖИЛИЙН СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХОЦРОГДЛЫГ ГАНЦ УЛИРАЛ НӨХӨХӨД ХҮНДРЭЛТЭЙ

53 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Оюунбилэг:

-Цар тахлаас шалтгаалж сурагчид хичээлийн хоцрогдолд орсон нь үнэн. Дэлхий нийтээр зайлшгүй нөхцөлийг харгалзаж, цахимаар хичээл орсон хэдий ч төдийлөн чанартай байж чадаагүй. Учир нь нэгдүгээрт айл бүрд байх зурагт, ухаалаг утас тухайн өрхийн нийт хүүхдэд хүрэлцээтэй байж чадах эсэх, хоёрдугаарт сургалтын агуулгыг хүргэх хэлбэр зайн болсон, гуравдугаарт бага ангийн хүүхдийг хичээл хийхэд үргэлж хараа хяналт тавих эцэг эхийн оролцоо зэргээс шалтгаалж теле хичээлээр олгосон сургалтын агуулгад хоцрогдол үүссэн. Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх цогц хөтөлбөр судалгаан дээр суурилж нөхөхөөр есдүгээр сараас ажиллаж байна. Гэлээ гээд анги дэвшсэн хүүхдүүдэд өнгөрсөн жилийн хичээлийг нь дахин эхнээс нь заах боломжгүй. Хичээлийн төлөвлөгөөнд нь эргэн сануулах хэлбэрээр тусгаж байгаа. Энэ хоцрогдлыг арилгахад ганц улирал хангалтгүй. Урт хугацаа болоод судалгаа хэрэгтэй.

Тухайлбал, 53 дугаар сургуульд 2000 гаруй бага ангийн сурагч суралцдаг. Тэдгээр сурагчдаас 2-3 дугаар ангийн сурагчдад илүү дэмжлэг хэрэгтэй бөгөөд сурах арга барилыг багш, эцэг эх хамтран олгохоор зорьж байгаа аж.

ХОЦРОГДОЛТОЙ ХҮҮХДҮҮДИЙГ УРТ ХУГАЦААНД АМРААХ НЬ БУРУУ

Эцэг, эхийн төлөөлөл Т.Долзодмаа:

-Нэгдүгээр ангид орсон жилээс нь теле хичээл орсон хүүхдүүдэд хоцрогдол маш их байна. Гэрээр хичээлийг нь давтуулж байгаа ч танхимд заах багшийг гүйцэхгүй. Тиймээс миний хувьд хүүхдүүдээ танхимын сургалтад хамруулах хүсэлтэй байгаа. Мэдээж өвчнөөс хамаарч хосолсон хэлбэрээр хичээл орж байгаа ч энэ оновчтой хэлбэр биш гэж санагдаж байна. Хүүхдүүд ч танхимаар орвол гоё гэж орой бүр хэлдэг. Орчин нөхцөлд нь мэргэжлийн багш хичээл заана гэдэг дэлгэцийн араас харж сууснаас хэд дахин илүү. Тиймээс Covid-19-ийн тархалт буурч байгаа үед урт хугацааны амралтаа болиод хоцрогдлыг арилгах хөтөлбөр боловсролын яам гаргахыг хүсч байна.

Иргэн Б.Мөнхнасан:

-Охин минь зургадугаар ангийн сурагч. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн хичээл нь ихэнхдээ цахимаар, теле хэлбэрээр орлоо. Өвчний тархалт өндөр үед үүнээс өөр арга байгаагүйг ойлгож байна. Гэхдээ энэ хэвээр сургалтын үйл ажиллагаа үргэлжилбэл дунд ангийн хүүхдүүд ахлах анги руугаа дэвшин суралцахад хэцүү санагдаж байна. Хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, хичээл нь 100 хувь танхимаар ороосой гэж хүсч байна. Үүнийг эцэг, эхчүүд ч дэмжиж байгаа. Өнгөрсөн жилийн хичээлээ олигтой судлаагүй хүүхдүүд бага ангиасаа дунд анги руу орсон учир миний хувьд өвлийн амралт урт санагдаж байна. Танхимаар 100 хувь хичээл орж байж хоцрогдол арилна. Түүнээс биш 7,7 хоногоор сөөлжилж орлоо гээд хүүхдийн хоцрогдол арилна гэвэл худал.

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ хичээлийн агуулгын хүрээний хоцрогдолтой байгааг хэлж байв. Сургалтын менежерүүд үүнийг онцолсон. Гэхдээ сургалтын байгууллагын тухайд хоцрогдол үүссэн нь үнэн гээд орхиогүй. Харин ч хичээлийн ерөнхий төлөвлөгөө агуулгадаа тухайн хичээл дээр үүссэн хоцрогдлыг нөхөх талаар бүхий талаар тусгажээ. Харамсалтай нь, олон улирлын хичээлийг ганц улиралд багтаан нөхөж олгоход хэцүү байгаа аж.

ХОЦРОГДОЛ НӨХНӨ ГЭЭД ГЭРИЙН ДААЛГАВАР, БИЕ ДААЛТЫГ 2-3 ДАХИН НЭМСЭН

Сурагчдаас асуухад “Өнгөрсөн жилийн хичээлээ сайн ойлгоогүйн дээр энэ жил зөндөө хичээл нэмж орж байгаа. Багш нар "Хоцрогдолтой байгаа учраас та нарт нэмэлт даалгавар өгнө. Бие даалтаа сайн хий. Гэрийн даалгавраа нөхөж хий гэдэг. Цахимаар орсноос болоод энэ жилийн хосолсон сургалт бүр ч хүндрэлтэй байгаа. Улирлын амралт эхлэх гэж байгаа болохоор ихэнх багш нар даалгавраа өгөөд эхэлсэн. Гэхдээ цөөхөн биш. Өнгөрсөн жилүүдэд өгдөг байсан даалгавраас хоёр дахин их бие даалт өгч байгаа. Чөлөөт цагаараа ч хичээлээ хийж байна. Заримдаа гэрийнхэн тусалдаг. Гэхдээ ээж, аав хичээлийг минь сайн ойлгодоггүй. Цахимаар орж байхад гэрийнхэн мэдэхгүй бол багшаас заримдаа асууна. Ихэнхдээ асууж чаддаггүй байснаас болж хоцрогдол үүссэн гэж бодож байна. Тиймээс хоцрогдлоо арилгахын тулд намраас хойш хичээж байгаа” гэсэн хариулт өгч байв.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хоцрогдлоо арилгахын тулд хүүхдүүдийн гэрийн даалгавар эрс нэмэгдсэн бололтой.

НЭГ ДОЛОО ХОНОГ ТАНХИМААР ОРЖ СЭРГЭЭСЭН ХИЧЭЭЛ НӨГӨӨ ДОЛОО ХОНОГТОО ДАХИН УНТАА ХЭЛБЭРТЭЙ БОЛДОГ

53 дугаар сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер Ш.Ундрах:

-Covid-19-ийн улмаас цахимаар хичээл орсон нь өвчний халдвар тархахаас сэргийлсэн болохоос сургалтын хувьд ямар ч давуу тал байхгүй. Нэг хичээлийг багш 14 хоног бэлтгээд заадаг. Гэтэл сурагч долоо хоногт нь хичээлээ танхимаар үзэж сэргэж байгаа ч дараагийн долоо хоногтоо гэрээсээ үзэж дахин унтаа байдалд ордог. Үүнээс болоод сургалтын агуулгын хоцрогдол их үүсэх болсон. Анхаарал төвлөрөлт суларч, цахим хичээлийн үед хүний эрхэнд халдах тохиолдол ч гардаг. Тухайлбал, онлайн хичээлийн үед хүүхдийг камераа нээ, хаа гэх нь эрхэнд нь халдаж байгаа хэлбэр шүү дээ. Цахим хичээлийн дутагдалтай тал нь энэ. Үүнээс болоод сурагчдын хичээл хийх сонирхол ч эрс буурсан. Удахгүй улирлын амралт эхлэх гэж байна. Одоогоор сурагчдын хоцрогдол арилаагүй. Явц дундаа сургалтын агуулга, хөтөлбөрөөр дамжуулж сурлагын чанарт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ХОЦРОГДОЛТОЙ ХЭДИЙ Ч ШИНЭ ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙГ ЗАХИЖ БАЙГАА

Иргэн Н.Нямхүү:

-Манайх энэ намар хүүхдээ 69 дүгээр сургуульд оруулсан. Хоцрогдол их байгаа. Ялангуяа хэл бичгийн хичээл дээр. Уран зохиолын хичээл ч мөн ялгаагүй. Теле хэлбэрээр орохоор математик, тоо орсон хичээлийг бодолттой учир хийхэд амар юм билээ. Харин монгол бичиг, монгол хэлний хичээлийг давтуулахад хүндрэлтэй. Энэ улирал танхим, цахим хосолсон болохоор хоцрогдол харьцангуй бага байгаа байх. Гэхдээ өнгөрсөн жилийн хичээлийн агуулгаа сайн ойлгоогүй хүүхдүүдэд хичээл заах нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хүүхдүүдээ хоцрогдолтой гэсэн ч шинэ хичээлээ сайн ойлгохыг хүсч, дэмжиж байгаа.

Сургалтын менежер, багш, эцэг эхчүүд хоцрогдол арилгахад урт хугацаа болон танхимын сургалт хэрэгтэй байгааг хэлж байна. Хоцрогдлын тухайд ихэвчлэн монгол бичиг, математик, мэдээлэл зүй, уран зохиол, монгол хэл, гадаад хэл зэрэг хичээл дээр ажиглагдаж буй аж. Нөгөөтэйгүүр сургалтын агуулгын хувьд Монгол Улсын боловсролын системд цахим хичээл төдийлөн үр дүнтэй байгаагүйг иргэд хэлж байна. Ямартай ч удахгүй улирлын амралт эхэлнэ. Харин хүүхдүүдийн хоцрогдол хэвэндээ. Тиймээс эцэг, эхчүүд сурагчдын амралтын хугацааг богиносгож, давтлага хичээл орохыг хүсч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж