NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа энэ удаа УИХ-ын гишүүн Б.Бейсенийг онцолж байна.
Тэрбээр 2020 онд УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт Ардчилсан нам /АН/-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүдийн нэг. Тэр ч утгаараа улстөрчийн хувьд өөрийн гэсэн өнгө, санаачилж, автор болгосон хуульгүй. Өнөөдрийг хүртэл улс төрийн онцгой, содон нүүдэл хийсэн нь тун ховор.
"Гуя дагаж хүзүү" гэдэг шиг бусад гишүүдтэй хамтран өргөн барьсан хууийн төслүүд олон бий. Нэг ёсондоо Б.Бейсен рингэн дээр, урд эгнээнд гардаг тоглогч биш. Одоогийн парламентад тэр сөрөг хүчин АН-ыг төлөөлж байгаа ч тэрбээр улстөржөөд, попроод цойлоод байдаггүй.
Б.Бейсен гишүүн мэс засалч мэргэжилтэй. 1988 оноос хойш 2016 он хүртэл 28 жил эмнэлгийн байгууллагад ажилласан. Эмнэлгийн салбараас улс төр рүү “урвах” үедээ багагүй хэл аманд орооцолдож байв. Тодруулбал, 2020 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмчид хэрэг үүсгэж, 500 гаруй иргэнийг шалгасан. Тэдгээр эмч нар иргэдээс авлига авч, хуурамч онош бичиж, групп тогтоолгодог байсан нь тогтоогдсон. Тухайн үед уг хэрэгт Б.Бейсен гишүүнийг холбоотой гэгдэж байв.
Харин тэрбээр “Баян-Өлгий аймгийн эмч нарын хахууль авсан хэрэгт би огт холбоогүй. Би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 онд томилогдсон. Ажлаа 2014 онд хүлээлгэж өгсөн. Намайг 2020 онд УИХ-д нэр дэвшүүлэхгүйн тулд ийм хэрэгт холбогдуулсан. Би нэг удаа прокурорын байгууллагад очиж тайлбар өгсөн. Намайг нэг хүн цусны шинжилгээ авахдаа 100 мянган төгрөг авсан гэж гүтгэсэн байна лээ. Үүнээс өөрөөр намайг хууль хяналтын байгууллагаас шалгаагүй” гэсэн тайлбар өгсөн юм.
Гэвч Б.Бейсен тэргүүтэй 40 гаруй хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан АТГ яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Уг хэрэг түүнийг УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн сөхөгдсөн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явна.
АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн С.Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 15-нд “Б.Бейсен, Ж.Батсуурь нарыг АН-аас хөөх асуудлыг хэлэлцсэн. Үндсэн дүрмийн хорооны шийдвэр гарсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөнд байдаг АН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр бусад гишүүдээ Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд гарын үсэг зуруулахгүй байх, бүлгийн даргын албан тушаалыг булааж авах оролдлого хийж байна” гэж мэдэгдэж байсан.
Гэсэн ч хоёр толгойтой, хоёр тамгатай, хоёр хуваагдсан АН-ын жинхэнэ дарга хэн бэ гэсэн асуудал Улсын дээд шүүх дээр гацаастай хэвээр, эргэлзээ дагуулсаар. Энэ асуудлын шуурганд Б.Бейсен, Ж.Батсуурь нарыг АН-аас хөөх асуудал тэгэсгээд намжсан бололтой.
ТҮҮНИЙ НАМТАР
- 1982-1988 онд АУДС, хүний их эмч (мэс засалч)
- Анагаах ухааны магистр, клиникийн профессор
- 1988-1997 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч
- 1997-2007 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- 2007 онд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
- 2007-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга
- 2016 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Монгол Улсын Хүний гавьяат эмч
- Орос, Турк
Холбоотой мэдээ