А.Нямхишиг: "Гэр" койн төслийг барилгын салбарынхан дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

А.Нямхишиг: "Гэр" койн төслийг барилгын салбарынхан дэмжиж байна

А.Нямхишиг: "Гэр" койн төслийг барилгын салбарынхан дэмжиж байна

-“Гэр” койны whitepaper-ийн онцлог юу вэ?

-“Гэр” койны whitepaper-ийн ерөнхий санаа нь хөрөнгө оруулалтын 60 хувь нь бүтээн байгуулалт буюу барилгын салбарт, 25 хувь нь барилгын материалын худалдаанд орно гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Бид гэр хорооллын дахин төлөвлөлт дээр тулгуурлан ажиллана. Дунд болон дундаас доош төвшний хүмүүст хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Баригдаж байгаа орон сууцыг өрхийн амьжиргааны төвшнөөр ангилж, гэр хороолол руу илүү чиглэж ажиллах зорилготой байна. Үүнийг дагаад үр дагавар их гарна. Нэгдүгээрт, утааны асуудлыг 70 хувь бууруулах, хоёрдугаарт, хөрсний бохирдол төлөвлөлтгүй, асуудалтай газруудын орчин нөхцөлийг сайжруулах гэх мэт давуу талууд байна.

-Барилгын салбар руу хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ тодорхой тайлбарлах нь зүйтэй байх?

-Манай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд одоогоор нийт 268 айлын орон сууц баригдаж байна. Гэр койн хэрэглэгчид эхний хөрөнгө оруулалтаар энэ төслөөс ашиг хүртээд эхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ баригдаж байгаа төслийнхөө үлдсэн хэсгийг хөрөнгө оруулалтаар дуусгаад, дуусгах явцдаа барилгын бараа материалын худалдан авалт давхар хийнэ. Үүнд дунджаар жилийн хугацаа орох байх. Энэ хугацаанд  дараагийн барилгын суурийг эхлүүлээд зэрэг зэрэг шахаж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-268 айлын төсөл хаана баригдаж, хэзээ ашиглалтад орох вэ? Үүнээс ашиг хүртэх талаарх ойлголтыг зорилтот бүлэгтээ хэрхэн хүргэхээр төлөвлөж байна вэ?

-Гэр койноос хэрхэн ашиг хүртэх вэ гэдэг ойлголтыг амьжиргааны түвшин дунд болон дундаас доош хүмүүст өгч, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлж алхах уриалга, сурталчилгааг түлхүү хийж байна. Эхний 144 айлын орон сууц ирэх оны тавдугаар сард ашиглалтад орно. Одоогоор барилгын үйл явц 85 хувьтай явж байна. 111 айлын орон сууц нь ирэх оны наймдугаар сард ашиглалтад орно. Мөн барилгын үйл явц 60 хувьтай явж байна.

-Аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй ч боломж болохгүй байна гэж ярих хүмүүс бий. Тэгвэл бага хөрөнгөөр ч гэсэн хөрөнгө оруулалт хийх боломж олгож байна гэж ойлгож болох уу?

-Монголбанкнаас гаргасан шийдвэрээр койноор ямар нэгэн худалдаа наймаа хийж болохгүй журам бий. Гэхдээ одоо энэ талаар хуулийн төсөл өргөн баригдаад, хэлэлцэгдэж байна. Хэрэв хуулийн төслийг боломжтой гэж шийдвэрлэвэл койн эзэмшигчид орон сууцны 30 хүртэлх хувийг койны өссөн дүнгээр тооцуулж худалдан авах боломжтой.

-Дунд болон дундаас доош түвшний орлоготой хүмүүс койн эзэмшсэнээр өөрсдөө баригдаж байгаа барилгаас ашиг хүртээд, хүртсэн ашгаараа орон сууц авах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Эсвэл авсан койны өссөн дүнгээр арилжаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, койн өссөн дүнгээ буцаагаад бэлэн мөнгөөр татах боломжтой гэсэн койны журам бий. Энэ нь хувь хүний өөрийнх нь сонголт. Дундаас доош түвшний орлоготой хүмүүс маань маш бага дүнгээр өөрийн ирээдүйд хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг.

-Яг хэдэн төгрөгтэй хүн койн авах, цаашлаад хэдэн жилийн дараа хичнээн төгрөг болгож ашиг хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоолол бий юу?

-Хас банкны Эрсдэлийн сангийн дарга болон Богд банкны Эрсдэлийн сангийн дарга нар манай эрсдэлийн багт ажилладаг. Хөрөнгө оруулалт, койн гэхээр л асар их мөнгөөр авах ёстой юм шиг ойлгоод байдаг. Энэ нь буруу. Өнөөдрийн өөртөө хийсэн 100 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт ирээдүйн койны өсөлтөд ороод, хэд дахин өсөх боломжтой. Бага хэмжээний хөрөнгө оруулалт байсан ч эргүүлээд орон сууц авахад ч юм уу, буцаад их нэмэр болно. 30 хувийг төлж чадахгүй юм гэхэд койны өссөн дүнгээр урьдчилгаа мөнгөний тодорхой хэмжээнд тооцуулаад авахад нэмэр болно гэж бодож байна.

-Цахимаар койн авах мэдлэг, мэдээлэл, боломж дутмаг хүмүүс байдаг. Танай “Гэр” койнд шууд ирж уулзаад, сонирхсон мэдээллээ авч, хөрөнгө оруулалт хийх боломжтой юу?

-Байгаа. Бид энэ сарын 29-ний өдрийг хүртэл нээлттэй захиалга авч байсан. Арванхоёрдугаар сарын 10-нд хариугаа задална. Үүнээс наана арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл криптовалютын талаар “Гэр” койны зорилго, зорилтыг ойлгохгүй байгаа хүмүүст зөвлөгөө, мэдээ мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор арванхоёрдугаар сарын 1-нээс 10-ны өдрийн хооронд өглөө 08.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл уулзалтын цаг гаргаж байна. Манай оффис баруун 4 замын "Gem mall"-ын 10 давхарт 6 тоотод байрладаг.

-"Гэр" койн төслийг хэрэгжүүлж байгаа гол зорилгын нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, хөрсний бохирдол, утааг бууруулах гэж ярилаа. Тодорхой хугацаанд хэдэн хувиар бууруулна гэдэг ч юм уу тооцоолол байгаа юу?

-Барилгын цаг хугацааны хувьд цаг тооцоолоход бэрх байдаг. Бид эхний ээлжид босгох ёстой хөрөнгө 20 тэрбум төгрөг гэсэн тооцоо бий. Энэ 20 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрэн төвлөрөөд явбал жилд 580-640 айлыг орон сууцжуулах боломжтой. Бусад койныг хараад байхад инфляцыг барих гэж тэмцэж байна. Аливаа улсын инфляцыг барихад уламжлалт бизнесийн систем чухал байдаг. Уламжлалт бизнесийн системд уул уурхай, алт олборлолт барилга, үйлдвэр үйлчилгээ гэх мэт олон салбар нэгдэж байж унаж байгаа инфляцыг тогтооно. Уламжлалт бизнесүүд мөнгөний инфляцыг барьж байдаг. Онлайн дижитал худалдаагаар улсын инфляцыг барьж тогтоох боломжгүй. Манай Гэр койн барилгын салбар дээр суурилж, үнийн өсөлтийг барьж тогтоохын тулд өөрсдөө тухайн төслөө дэмжиж ажиллаж, бараа материалаа үндсэн үйлдвэрдэгчээс нь авах хэрэгтэй. Манай төсөл үндсэн үнийн дүнтэй материалаар төслөө барих зорилготой байгаа. Ингэж чадвал гуравдагч этгээд буюу ченж гэх мэт зүйлсийг оролцуулахгүйгээр үндсэн үнээр худалдан авч чадах юм.

-Уламжлал бизнесийг дэмжих бодлогыг баримталж байгаа гэдэг нь танай койны гол онцлог. Тэгхээр уламжлал бизнес эрхлэгчид Гэр койныг эзэмших боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Би өөрөө барилгын салбарт долоон жил ажиллаж байна. Инженер мэргэжилтэй хүн. Ажиллах хугацаанд барилгын салбарт олон төвөгтэй асуудал гардаг. Улс төрийн холбогдол буюу нам солигдоход, дүүргийн Засаг дарга солигдоход барилгын зөвшөөрөл гэх мэт олон зүйлд өөрчлөлт ордог. Ингэснээр асуудал их гарч, барилга баригдах явц удааширдаг. Яагаад бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг сонгож байна вэ гэхээр Нийслэлийн захирамжтай Засгийн газрын зөвшөөрөл гарсан. Дэд бүтцийг улсаас гаргаж өгөөд, газар талбайгаа тухайн компани айлуудтайгаа тохирч чөлөөлөөд, үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн. Энэ дахин төлөвлөлтийн төсөл дээр аливаа нам, төр өөрчлөгдсөн ч өөрчлөлтийн нөлөөлөл гардаггүй учраас бид барилгын үйл явц, цаг хугацаанд санаа зовох хэрэггүй гэсэн үг. Энэ санааг маань дэмжиж хамтарч ажиллах хүсэлтэй хүн байвал надтай холбогдоход нээлттэй шүү гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж