Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 60 мянга гаруй хүн санал өгчээ. Энэ санал 300 мянгад хүрвэл хэргийг тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг аж.
Өмнөд Солонгос дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаас 13 настай монгол охин зодуулсан хэргийн талаар бид тодруулан хүргэсэн. Энэ удаа тус байгууллагынхан хохирогчийн ээжтэй ярилцсан бичлэгээ цахим хуудаст байрлуулсныг хүргэе.
Хохирогч охины ээж "Над руу БНСУ дахь Консулаас залгаж "Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ, бид энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс л сонслоо" гэхэд нь би үнэнээ л хэлсэн. Надад та бүхэнд итгэх итгэл байгаагүй. Цагдаагийн байгууллагад шийдэгдээгүй өмнөх хэргүүд байхад өнгөрсөн таван сарын хугацаанд итгэх итгэл төрөөгүй, утсаар ярих ч бодол байгаагүй. Би эхэлж хандсан хүнтэйгээ л цаашид харьцна гэдгээ илэрхийлсэн. Өмнөд Солонгос дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагатай анх холбогдсон учир энэ байгууллагадаа л итгэлээ өгч байна.
Цагдаад анх хандаад бичлэг, нотолгоо байгаа гэхэд дуудсан өдөр л ир гээд огт тоохгүй байсан. Бид хохирогч атал цагдаа нарын эвийг олох гэж их хичээсэн. Уг нь асуудлаа л шийдвэрлэхийг хүсч хуулийн байгууллагад хандсан шүү дээ. Манайх гурван хүүхэдтэй, одоо би жирэмсэн. Санхүүгийн хувьд асуудал их байгаа учир өмгөөллийн зардал гээд олон зүйл байна. Тусалж байгаа нийт хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.
БНСУ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: САЙН ӨМГӨӨЛӨГЧ ОЛЖ ӨГӨХӨД БҮХИЙ Л ТАЛААР АНХААРНА
БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөл "Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн хэрэгт Бусан дахь Консулын газар, Сөүл дэх ЭСЯ анхаарал хандуулан, дипломат шугамын хүрээнд ажиллаж байна. БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага бидэнтэй холбоотой ажилладаг. Сөүлд байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-аас хүсэлт тавьсан юм байна. Хохирогчийн гэр бүлийн төлөөлөлтэй уулзлаа. Өмгөөллийн асуудал яригдаж байгаа учир туршлагатай сайн өмгөөлөгч олж өгөхөд анхаарал тавин ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэг, зөрчлийг арилгахаар бусад холбоодтой хамтран ажиллана" гэлээ.
ПРОКУРОРЫН ШИЙДВЭР ГАРАХААС ӨМНӨ ХАНДАХ ЁСТОЙ БАЙСНЫГ ӨМГӨӨЛӨГЧИД ХЭЛЖ БАЙНА
Өмнөд Солонгос дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаас охины эмчилгээ болоод өмгөөлөлд хандив цуглуулж буй юм. Одоогийн байдлаар долоон сая гаруй вон цугларчээ. Хүний нутагт монгол иргэнийхээ эрхийг хамгаалах их хүндрэлтэй байгаа ч эцсээ хүртэл тэмцэнэ гэж онцоллоо.
Холбоотой мэдээ