Л.Оюун-Эрдэнийн бодлого ПОПУЛИЗМ уу, РЕФОРМИЗМ уу!

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн бодлого ПОПУЛИЗМ уу, РЕФОРМИЗМ уу!

Л.Оюун-Эрдэнийн бодлого ПОПУЛИЗМ уу, РЕФОРМИЗМ уу!

МАН-ын XXX Их хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлтийн бодлого”-оо маш дэлгэрэнгүйгээр танилцуулав. Тэрбээр илтгэлээ “эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх” гэж эхлүүлээд, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого нь энэхүү зургаан асуудалтай ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай болохыг онцлоод, Азийн их хүлэг улс болж, хөгжин мандахын ерөөлөөр төгсгөжээ, болтугай, болтугай!

Авчиг аливаа бодлогыг зарлахаас хэрэгжүүлэх нь хэцүү. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хүртэл Азийн бар улс болгоно гэж амлаж явсан удаатай. Атал Монгол Азийн бар бүү хэл муур ч болж чадаагүй л явна, өнөөдрийн нөхцөл байдлаа бодитоор дүгнэвэл Эрээн найтаах төдийд Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихэж байна.

"Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм" гэх мэт утга уянгын халил ихтэй, улс төр, нийгэм, эдийн засгийг өөрчлөх өөдрөг амбицтай МАН-ын шинэ даргын шинэ зууны зургаан бодлогод хуучин сэдвүүд ч байна, шинэ санаа сэдлүүд ч тусгагджээ.

Гэхдээ ямар ч зорилт дэвшүүлсэн ажил хэрэг болгож чадахгүй аваас Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй”.  Шав тавиад “мартчихсан”, цаасан дээр  нь үлдээчихсэн, Засгийн газрын архивт тоосонд дараатай удсан маш олон хуучин төсөл шинэ сэргэлтийн бодлогод нь багтаж.

"Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулна. Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны зам барина”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэргэлтийн нэгдүгээр бодлого буюу ”боомтын боомыг тайлах” төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь.

Цаашлаад 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ байгуулж, “Транзит Монгол Улс” болно гэсэн нь хэт өөдрөг төсөөлөлтэй, гэнэн мөрөөдөл мэт сонсогдож магадгүй.  Учир нь аль арван жилийн өмнө 5600 километр шинэ төмөр зам тавина гэж Монголын парламент бодлогоо батлаж байлаа. Даанч цэрэг, танкны үлгэрээр айлгаад "овоолсон шороотой" үлдсэн гашуун хийгээд гунигт түүх бидэнд бий. Одоо баригдаж буй, ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа төмөр зам нь өргөн царигтай, ядаж байхад холболтын цэг нь зөрчихсөн гэх. 

Харамсалтай нь, хаяанд байгаа Хятад руу, 267 километрхэн төмөр зам барих гэж Монгол Улс  дор хаяж арван жилийн хугацаагаа,  доод тал нь 10 тэрбум ам.долларыг алдсан. Хэрэвзээ, төмөр замаа тавьчихсан бол  өдгөө Л.Оюун-Эрдэнэ магадгүй хамгийн "азгүй" Ерөнхий сайд болохгүй байсан ч байх. Тиймээс улс орны эрх ашиг хувь улстөрчийн эрх ашгаас илүү эрэмбэлэгдэхгүй цагт мянган сайхан бодлого зарлаад нэмэргүй болох нь нэн ойлгомжтой. Үүний тод жишээ Эрээний хилийн хориг, экспорт, импортын тэг зогсолт. Ерөнхий сайд Замын-Үүдэд өөрийн биеэр очиж, үүрэг даалгавар өгөөд юу ч өөрчлөгдөөгүйн ард өнөөх албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхол бий. Эндээс боомтын боомыг тайлах ахлаа эхлүүлэх ёстой юм.

Тэрчлэн Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамтай болох, цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаа Ерөнхий сайд тодоос тод, томоос том зарлав.  Хэрэвзээ, эдгээр эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж чадвал Монголын жижигхэн эдийн засагт жинхэнэ реформ болно. Гээд Л.Оюун-Эрдэнийн энэ бодлого монголчуудын хувьд шинэ сэдэв биш. Зарим нь бараг  нэг жарны мөрөөдөл болсон "бүтээн байгуулалтууд". Үе үеийн Ерөнхий сайд нар Л.Оюун-Эрдэнэ шиг эрчим хүчний төслүүдээ гацаанаас гаргаж, гадны гар хөлүүдтэй тэмцэнэ гэдэг юм. Даанч эрчим хүчний төслүүд нь "эх орончдынхоо" улстөржилтөө даахгүй “унах” нь олонтаа.  Тавантолгойн цахилгаан станцын төслийг Ц.Даваасүрэн сайд болсныхоо дараа зогсоож байсан бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих Ерөнхий сайдын шинэ сэргэлтийн бодлогод захын сумын хоёр хурган дарга нь дунд хуруу гаргачих жишээний. Ийм "эх орончид"-ын гайгаар ч юм уу, гавъяагаар Л.Оюун-Эрдэнийн шинэ зууны төслүүд хуучин зууны дурсамж болж үлдэх эрсдэлтэй.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодоосоо хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болно, "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмал болоод Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд уран сайхантай, бас гал цогтой амлав. Түүний хэлснээр "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой".  Монгол Улсын жилийн төсөв 18 их наяд. Үүнийг арав дахин үржүүлсэн мөнгөтэй болохын тулд гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд иргэд нь ч, эрх баригчид нь ойлголтоо өөрчлөх шаардлагатай болно.  Үргэлжлүүлээд хот хөдөөгөө хөгжүүлнэ, улсаа ногооруулна, тэрбум мод тарина гээд олон амлалт өглөө, Ардын намынхандаа, ард түмэндээ.

Гэхдээ Монголын хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болсныг тэр МАН-ын Их хурлынхаа индэр дээрээс хүлээн зөвшөөрсөн. Төр гэдэг нь өнөөдрийн хувьд Ардын нам өөрөө шүү дээ. 

Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх ёстойг бүгд хэлдэг. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж Ерөнхий сайд болгон амладаг юм. Гэвч ихэнхдээ хоосон амлалт болоод үлддэг төдийгүй төр төрлийн алба болж хувираад удаж байгаа. Хэрэвзээ төрийн албыг шинэчилье гэвэл журмын нөхдийнхөө төрлүүдийг төрөөс явуулахаас битгий ай, Ерөнхий сайд аа.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэх нь зөв шийдэл. Тэр тусмаа төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгах цаг болсон. Өнөөдөр гэхэд МХЕГ, ШӨХТГ, цагдаа гээд яг ижил чиг үүрэгтэйгээр ажилладаг төрийн байгууллагууд цөөнгүй. Үүнийг цэгцлэхээс төрийн реформыг эхлүүлэх хэрэгтэй.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна, авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна гэлээ. Угаасаа төр өмчтэй байх ёсгүй. Төрийн өмч бол даргын шахаа болж хувирдгийн тод жишээ манай "саалийн үнээ". Тэнд Ц.Нямдоржийн хүү шахаа хийхээс жирийн иргэний хүүхэд ажилд орох ч боломжгүй байдаг нь худлаа биш  л дээ.

Иймээс Их хурлынхаа индэр дээрээс зарласан бүх бодлого нь цаашид хэрэгжих, цаасанд дээр үлдэх эсэх нь Л.Оюун-Эрдэнийн эр зоригоос хамаарна. Чадвал Л.Оюун-Эрдэнийн нэр түүхэнд үлдэх байх, эдийн засгийн реформ хийсэн гэх тодотголтойгоор. Товчхондоо, өчигдрийн зарласан шинэ сэргэлтийн бодлого нь популизм уу, рефоризм уу гэдгийг цаг хугацаа харуулах  байх. Л.Оюун-Эрдэнэ лидер мөн бол реформоо хийж чадна, харин  лойдор аваас түүний үг ердөө популизм болж үлдэнэ. Ямар ч байсан түүнд нам, засгийн тамгаас нь гадна үнэмлэхүй олонхын болоод ҮАБЗ-ийн дэмжлэг, Үндсэн хуулиар олгогдсон том эрх мэдэл байна, тэр "азтай" ч, араа шүдтэй ч Ерөнхий сайд болжээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж