Хятад 2022 онд нүүрсний гэрээний үнээ өсгөж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Хятад 2022 онд нүүрсний гэрээний үнээ өсгөж болзошгүй

Хятад 2022 онд нүүрсний гэрээний үнээ өсгөж болзошгүй

Өнгөрсөн долоо хоногт Европын зах зээл дээр эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн нь 130 ам.доллараас доош унасан бол эсрэгээрээ Оросын Усть-Луга боомт дээр 165 ам.долларын ханштай буюу харьцангуй тогтвортой байв. Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа дэлхийн нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал болон хэтийн төлвийн талаар онцолж байна.


Өмнөд Африкийн индексүүд 135 ам.доллараас доош унасан нь Хятадад нүүрсний үнэ буурах магадлалыг өсгөв. Улам өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн эрэлт болоод Richards Bay нүүрсний терминалын нөөц бага байгаа нь богино хугацаандаа Өмнөд Африкийн нүүрсний үнэд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.

Хятадын Чинхуандао боомт дээр 5500 Kcal/kg NAR нүүрсний үнэ 180-185 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Арваннэгдүгээр сарын 29-нд Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний үнэ тогтоох механизмыг сайжруулах асуудлыг хэлэлцэхийг төрийн өмчит нүүрс үйлдвэрлэгчдэд уриалав. Энэ талаар хамгийн сүүлд аравдугаар сард хэлэлцсэн бөгөөд тухайн үед засгийн газраас нүүрсний салбарт дээд үнэ тогтоож байжээ.

Австралийн нүүрс олборлогч хэд хэдэн бүс нутгуудад тохиолдоод буй үер болон бусад цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан зарим үйлдвэрлэгчдийн хувьд эдгээр давагдашгүй хүчин зүйл нь богино хугацаандаа үнийн саналд эерэгээр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар 165 ам.доллараас бага ханштай байна.

Индонезийн  5900 kcal/kg GAR нүүрсний хувьд цаашид үнээ бууруулах төлөвтэй байгаа Азийн худалдаачдыг харзнах байдалтай байгаа бөгөөд үнэ нь 140 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

Ази, Номхон далайн зах зээл дээр металлургийн нүүрсний эрэлт бага байгаа нь Австралийн коксжих нүүрсний индексийг 315 ам.долларт хүртэл унагаад байна.

ХЯТАДАД ИНФЛЯЦИЙН ДАРАМТ УЛАМ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Хятад улс нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан 2022 онд нүүрсний урт хугацааны гэрээний жишиг үнийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь үйлдвэрлэгчдэд тулгараад буй инфляцийн дарамтыг улам нэмэхээр байна.

Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос урт хугацааны гэрээндээ эрчим хүчний нүүрсний жишиг үнийг 700 юаниар тогтоохоор төлөвлөжээ. Тухайн сараасаа хамаараад 150 юаниас дээш, доош хэлбэлзэнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн нь 2017 оноос хойш анхны өсөлт болж байгаа юм.

Хятадын санал болгож буй уг үнэ өнгөрсөн намрын эхээр тогтоосон ханшаас хамаагүй доогуур байгаа ч түүхэндээ хамгийн дээд тал нь 600 юань хүрч байсан үзүүлэлтээс давлаа.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос томоохон уурхайнуудад олборлосон бүтээгдэхүүнээ урт хугацааны гэрээгээр нийлүүлэх болзол тавьсан байна. Мөн бүх цахилгаан станцад дотоодын нийлүүлэлтийн гэрээндээ түүнийг мөрдөх шаардлага тавьжээ.

Хятадын хамгийн том нүүрс болон эрчим хүчний компаниуд өнгөрсөн амралтын өдрөөр Шаньдун мужийн Рижао хотод болсон National Coal Trade Fair-т оролцов.

Нүүрсний гэрээний жишиг үнэ өсөх талаар танилцуулсаны дараа Жэнжоугийн түүхий эдийн бирж дээрх эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ 6.6 хувиар өссөн байна. Мөн үндэсний хамгийн том олборлогч "Shenhua Energy"-гийн нүүрсний ханш Хонгконгод 8.9 хувиар, "Huaneng Power International"-ийнх 9.1 хувиар өсчээ.

Эх сурвалж: THE COAL HUB, MINING
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж