"Эрүүл мэнд, боловсрол, шүүх засаглалыг бодитоор өөрчлөх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэнд, боловсрол, шүүх засаглалыг бодитоор өөрчлөх хэрэгтэй"

"Эрүүл мэнд, боловсрол, шүүх засаглалыг бодитоор өөрчлөх хэрэгтэй"

МАН-ын их хурлын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.


-МАН-ын их хурал болж байна. Энэ хурлаар МАН хүний эрхийн асуудалд онцгой анхаарах болсноо танилцуулж буй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. МАН хүний эрхийг хамгаалахад хэрхэн ажиллах вэ?

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүний эрхийн талаарх ойлголт, хүний эрхийн хангах ажлын хэрэгжилтэд хувьсгал хийх хэрэгтэйг ярьж байна. Бид хүний эрхийн тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй гэж үзэн, судалгаа хийж, хүний эрхийн чиглэлийн олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан. Маш өргөн хүрээнд энэ чиглэлийн эрдэмтэд оролцсон судалгааг хийсэн. Энэ судалгаанаас хүний эрх хаана зөрчигдөж буйд анализ хийхэд амьдрах орчин, агаарын бохирдол, эрүүл мэнд боловсролын салбар, шүүх засаглалд хүний эрх хамгийн их зөрчигдөж байна гэсэн дүн өндөр хувьтай гарлаа.  Иймээс МАН-ын удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл дээр гарсанчлан боловсрол, эрүүл мэнд, шүүх засаглалд эхний ээлжинд бодитоор өөрчлөлт хийх хэрэгтэй.

Цар тахлын үед эрүүл мэнд, хүний эрхтэй холбоотой зөрчил их гарсан. Би Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд маш их судалгаа хийж байна. Амьдралын чанар өндөр улс орнуудыг харахад амьдрах орчин аюулгүй тав тухтай байдаг. Бидний ойлголтоор хүний эрх гэхээр жагсч цуглах, үзэл бодлоо илэрхийлэх мэтээр ойлгодог. Тиймээс судалгаанд үндэслэж,  МАН хүний эрхийн хүрээнд эрүүл мэнд боловсрол, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг төсөвтэй уяж шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг хэлж байна.

-МАН-ын их хурлаар намын гишүүдийн ёс зүй, дотоод шинэчлэлийн талаар ярьж буй. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Намын хүний нөөц, боловсон хүчин, улс төрийн томилгоонд шинэчлэл хийх хэрэгтэйг ярьж байна. Улс төрийн томилгоо авсан хүн  албандаа манлайлж,  улс орны төлөө ажлаа хийх ёстой. Гэтэл авлига хээл хахуульд нэр холбогдох, ажлаа муу хийх, салбараа удирдаж чадахгүй зөрчил гарч байна. Энэ нь өөрөө маш их хор уршигтай. Тиймээс ажлаас нь өөрчлөх биш тухайн улс төрийн албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь маш сайн ойлгуулж хариуцлага тооцдог байхаар ярьж буй. Би үүнийг дэмжиж байна. Энэ дээр ганц МАН биш улс төрийн намууд хатуу хэлцэл хийдэг байх ёстой. Үүнд өөрчлөлт хийхэд  манлайлж оролцоно.

-Богд Зонхавогийн хөшөөний асуудал өнгөрсөн долоо хоногт өндрөө авсан. Энэ асуудал ямар шатандаа явна вэ. Барилгыг царцаах уу?

-Холбогдох хүмүүс нь тайлбарласан. Энэ төсөл урт хугацаанд хийгдэх ёстой. Нэг жилийн хугацаанд хийгдэх ёстой ажил биш гэж үзэж байгаа. Ер нь өмнө нь барилгын ажил эхэлсэн явж байсан юм билээ. Уг нь Соёлын яам үүн дээр ажлын хэсгээ гаргаад тооцоо судалгаагаа хийгээд, эхний ээлжид зайлшгүй шаардлагатай ажлаа хийх ёстой. Бид ч гэсэн Ч.Номин сайдад хэлсэн.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гишүүд давхар дээлтэй байх асуудал яригдаж байна?

-Гол асуудал нь дан, давхар дээлтэйд байгаа юм биш. Өмнө нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь нэг хүнд олон ачаалал болж байна гэж ярьж байгаад больсон. Гэхдээ улс төрийн шалтгаантай байсан. Гэтэл өнөөдөр гаднаас томилогдсон зарим сайдууд салбартаа бэлтгэгдээгүй байгаад бид дүгнэлт хийж байна. Тухайн салбарыг улс төрийн том бодлогоор удирдах ёстой.

Хамгийн гол нь давхар албан тушаал хаших гээд байгаа бус зөвхөн сайн менежерүүд салбарыг авч явдаг, алсын хараа том бодлогоор  салбараа харж байх ёстой. Тиймээс Үндсэн хуульд дутагдаж буй "тэр орон зайнд" зайлшгүй засвар хийх шаардлага байна. Сайд нь хүнээ ажиллуулж чаддаг, хариуцлагаа тооцдог, улс төрийн албан тушаалтан хэрэгтэй байна.

-13 настай охины асуудал БНСУ-д дуулиан болж байна. Үүн дээр эмэгтэй гишүүд яагаад дуугараагүйг иргэд шүүмжилж байна?

-Хамгийн түрүүнд эмэгтэй гишүүд дуугарсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд хэлэхэд зөвхөн дуугарах сонин биш. Бид үг үйлдэл хоёроо давхар хийх ёстой. Анх гишүүн болж байхад хүүхдийн төсвийг танаж оруулж ирчхээд хүүхэд хамгаалах тухай ярьдгаа болио гэж хэлж, 800 сая хүрэхгүй байсан төсвийг өнөөдөр найман тэрбум төгрөгийн төсөвтэй болгосон. Бид 130 хүүхдийн байцаагчийг гаргаж, бэлдэж байна.

Одоо харин хэрэгжилт, дунд доод шатанд анхаарах хэрэгтэй байна. 13 настай охины асуудалд бид хамгийн түрүүнд дуугараад БНСУ-д суугаа Монголын Элчин сайдтай холбогдоод яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Гэхдээ бид улс төрийн албан тушаалтан учраас яаран түрүүлж дуугарч хоёр улсын харилцаанд халдаж болохгүй. Юманд тулахтай хандах ёстой. Тэрнээс биш охины асуудлыг аль эрт яриад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хариуцах хүмүүстэй нь холбогдож, онцгой анхаарч байгаа. Асуудлыг маш тодорхой гаргаж тавьж буй. Гэхдээ хэвлэлээр би тэгсэн гэж яриад байх биш шийдэл чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж