Египетийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Адхам Эль-Селхадар багийнхаа хожлын гоолыг тэмдэглэж байгаад зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Тус улсын хоёрдугаар лигийн Эль Магд баг талбайдаа Эль Зарква багийг хүлээн аван тоглож, 92 дахь минутад хожлын гоол оруулан өрсөлдөгчөө ялжээ. Энэ үеэр баярлаж, хөөрсөн дасгалжуулагчийн зүрх гэнэт хаагдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч оройтсон байжээ.
Түүний үхлийн дараа Египетийн дээд лигийн топ баг Аль Ахли эмгэнэл илэрхийлэн “Багийн ахлагч Махмуд Аль-Хатиб, багийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс дасгалжуулагч Адхам Эль-Селхадарын үхэлд гүн харуусч байгаагаа илэрхийлж байна. Талийгаачийг өргөн уудам нигүүлслээр бүрхэж, өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг төгс хүчит бурхнаас гуйх болно” гэжээ.
Мөн дасгалжуулагчаа харамсалтайгаар алдсан Эль Магд баг зургаан хоногийн гашуудал зарласан бол талийгаачийн хуучин ажиллаж байсан Исмаили баг гурван хоногийн гашуудал зарласан гэнэ. Исмаили багийн мэдэгдэлд “Багийн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс зүрхний шигдээсээр таалал төгссөн багийн дасгалжуулагч, од асан Адхам Эль-Салхадарын үхэлд гүнээ харуусч байна. Манай удирдлагын зүгээс гурав хоногийн гашуудал зарлаж байна” гэжээ.
Эль Магд баг одоогоор Египетийн хөлбөмбөгийн хоёрдугаар дивизонд 14 оноотой долдугаар байрт бичигдэж байна.
Холбоотой мэдээ