-Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцэн суугаа Колонкын эзэд жилд 60 тэрбумын татварыг үл төлөн, Ерөнхий сайдынхаа замнал, зорилтыг үл хэрэгсэн даажигнан сууна-
Ардын намын Их хурал болж байна. Намын дарга нь сайхан зүйл их ярьж байна. Нэгэн үгийг нь тойрч бяцхан задаргаа хийе. Намын дарга бээр нийгмээ авлигагүй болгоно гэнэ. “Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна” гэж сүр жавхлантай мэдэгджээ.
Эндээс “Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна” гэдэг нь сонирхол татаж байна. Нэгэн жишээ хэлье. Ойрын өдрүүдэд, Ардын намын Их хурлыг угтах мэт бараг өдөр болгон шахуу шатахууны үнийг Колонкын эзэд нэмлээ.
Үнэ чөлөөлж байна, нэрийн дор. Чөлөөлдөг юм байж. Гэтэл Колонкын эзэд бүгд Их хурал дотор, Ардын намын зүрхэн дээр албан тушаал хашиж омог бардам сууцгаана. Мань Колонкын эзэд эдүгээ бензинийг Онцгой албан татварын хөнгөлөлт нэрээр 0 төгрөгийн татваргүй Монголыг тойрсон жижиг боомтуудаар оруулж ирж, ард түмэндээ шахаж суугаа билээ. Ямар ч татваргүй.
Колонкын эздийн хөрөнгө орлогыг бид мэднэ. Далай биз дээ. Тэс петролиум, Сод Монгол, Шунхлай, Ник гээд л. Монголоосоо илүү шахуу хөрөнгөтнүүд. Гэтэл эднээсээ 0 төгрөгийн татвар авалгүй гааруулан дэмжиж, Монголын ард түмнээ шатахуунаар хангаж байгааг хэрхэн ойлгох вэ, Монгол Ардын намын дарга Оюун-Эрдэнэ ээ.
Төрийг эзэгнэгч та төрийн албан хаагчдынхаа хөрөнгө орлогын мэдүүлэг татварын төлөлтийг уялдуулахынхаа өмнө өөртэйгээ зэрэгцэн суугаа, ханалан ханхайж байгаа шатахууны бизнэс эрхэлэгчдээсээ эхлээд татвараа ав аа, улс түмнээ бод оо. Эх орон, элдэв поп гоё юм ярихаасаа өмнө эхлээд дэргэдээ байгаагаа цэгцлээч дээ.
Ганцхан баримт хэлье. Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцэн суугаа Колонкын эзэд жилд 60 тэрбумын татварыг үл төлөн, Ерөнхий сайдынхаа замнал, зорилтыг үл хэрэгсэн даажигнан сууна. Ерөнхий сайд уг нь 60-тай холбоотой асуудалд даан ч сийрэгхэн хандаж ирсэн сэн. Таны шударга ёс дахин шинээр бэхжихэд Колонкын эздийн жаран тэрбумын асуудал тодорхой хүлээж байна даа. Ардын намынхаан, улсдаа татвараа төл өө!
С.Зориг