Ардчилсан нам /АН/ дотоод асуудлаа цэглэж чадалгүй явсаар өнөөдрийг хүрэв. Хоёр толгойтой, хоёр тамгатай, хоёр хуваагдсан АН-ын жинхэнэ дарга хэн бэ гэх асуудал Улсын дээд шүүх дээр гацаастай хэвээр, эргэлзээ дагуулсаар. Тэгвэл өчигдөр /2021.12.05/АН-ын Үндэсний анхдугаар чуулган болсон. Чуулганыг нээж, С.Эрдэнэ АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн, АН-ын дарга гэж зарлуулан үгээ хэлсэн нь тус намын гишүүдэд таалагдсангүй. Уг чуулганд Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгдэх Э.Бат-Үүл оролцоогүй. Түүний хувьд "С.Эрдэнэ өөрийгөө Намын дарга гэж зарлуулаад байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Намын Их Хурал С.Эрдэнийг Намыг даргаас чөлөөлж, сунгаагаар гарч ирсэн М.Тулгатыг Намын дарга гэж батламжилсан. Монголын ард түмэн бүгд харсан" гэж жиргэжээ.
Дашрамд дурдахад, Үндэсний анхдугаар чуулганы үеэр АН-ын дарга М.Тулгат "Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нийгэм, эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийсэн ч эргээд бие, биеэ үгүйсгэдэг, нэг лидер нь нөгөө хүнийхээ баримталсан бодлого, шийдвэрийг шүүмжилж няцаадаг. Гишгэсэн мөр, хийсэн алхмаа үгүйсгэдэг. Хууль шүүхийн байгууллагыг дотоод өрсөлдөөнд ашиглаж өрсөлдөгчөө намнадаг шоронд хийдэг. Энэ нь эргээд АН-ын нэр хүндийг унагаж байна. Тиймээс нэг үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийнхөө дор жигдрэн жагсах ёстой. Тэр үед Ардчилсан нам хүчтэй болно" гэдгийг онцолсон.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ