Иргэдийн гар дээр 100 тэрбум төгрөг төвлөрчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Иргэдийн гар дээр 100 тэрбум төгрөг төвлөрчээ

Иргэдийн гар дээр 100 тэрбум төгрөг төвлөрчээ

Монгол Улсын Засгийн газраас Covid-19 цар тахлын тархалттай холбоотойгоор иргэдийн цахилгаан, дулааны мөнгийг тэглэх, ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах, бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх, гурван хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийсэн нь зах зээлд тодорхой хэмжээгээр бэлэн мөнгө үүсгэсэн. Энэ талаар өнөөдөр (2021.12.06) "MICC" компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Хөрөнгө оруулалтын зах зээлийн анхдагч шинжээчдийн нэг Д.Ачит-Эрдэнэ “Банкны IPO ба дотоодын хөрөнгийн зах зээл, чиг хандлага” сэдвээр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа онцоллоо.

“КОЙН РУУ МӨНГӨӨ ОРУУЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ БУРУУТГАХ АРГАГҮЙ”

Түүний хэлснээр, Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар иргэдийн гар дээр 100 тэрбум орчим төгрөг төвлөрчээ. Улмаар иргэд хуримтлалаа хувьцаанд оруулах болсон нь хөрөнгийн зах зээл идэвхжих гол шалтгаан болсон байна. Мөн иргэдийн хуримтлалын томоохон хэсэг нь койн гэх шинэ зах зээл рүү урссаар байгааг тэрбээр онцлоод, цаашид энэ байдал тодорхой хэмжээнд үргэлжлэх төлөвтэйг хэллээ. Covid-19-ийн дараа эдийн засгийн сэргэлт явагдахад хөрөнгийн зах зээлийн идэвхжил улам эрчимжих магадлалтай байгаа аж.

Эдийн засгийн тэлэлт хөрөнгийн зах зээлийн идэвхжилд нөлөөлж буй. Жишээ нь, 2012 оны үед зах зээлд 10 их наяд төгрөгийн бэлэн мөнгө эргэлддэг байсан бол энэ тоо өнөөдөр бараг гурав дахин өсч, 30 их наяд орчим болжээ.

Шинжээч Д.Ачит-Эрдэнэ койны талаар байр сууриа илэрхийлэхдээ, Монголын хөрөнгийн бирж дээр олон бүтээгдэхүүн байхгүй учир койн руу мөнгөө оруулж буй хүмүүсийг буруутгах аргагүйг хэллээ. Тэрбээр “Хүнд банкны хадгаламжаас илүү ашиг олох хүсэл үргэлж байдаг. Зөвхөн тодорхой хүрээнд, цөөн хүн мэддэг байсан биткойн зэрэг криптовалют өнөөдөр бүх нийтийн анхаарлын төвд орж, маш сонирхолтой хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон. Койн дэлхийн чиг хандлагыг дагаж ирсэн нэг үзэгдэл. Нөгөө талдаа, хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарах болж, өмнө нь хяналт тал нь түлхүү явдаг байсан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа бизнесийг илүү дэмждэг болж өөрчлөгдсөн нь зах зээлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Гэвч дэд бүтцийн хувьд арилжаа хийхэд хэцүү буюу бараг 20 жилийн өмнөхөөрөө шахуу байна. Койны хувьд хүмүүст хурдан хүрч байгаа нь биржүүд дээрээ данс нээгээд, худалдаж авахад бүрэн автоматжсан, маш амархан байгаа явдал. Монголын хөрөнгийн бирж дээр данс аваад, арилжаа хийхэд маш төвөгтэй байдаг. Түүнийг сайжруулж чадвал хөрөнгийн зах зээл богино хугацаанд өсөх боломжтой” гэлээ.

БАНК НЬ БУСАД САЛБАРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монголд банкны салбар санхүүгийн салбарын 87 орчим хувийг бүрдүүлж буй. Энэ нь бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулах өндөр үзүүлэлт бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эх үүсвэрт арилжааны банкууд томоохон байр суурь эзэлж буй юм.

Банкны салбарын нийт хөрөнгө 2021 оны II улирлын байдлаар 40.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 16.7 хувиар өсчээ. Салбарын хөрөнгийн 46.2 хувийг аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл, 20.9 хувийг төв банкны үнэт цаас, 11.1 хувийг банкуудын нөөц бүрдүүлж байна.

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, системийн нөлөө бүхий таван том банк нээлттэй хувьцаат компани хэлбэрээр бүтцээ өөрчилж, олон нийтэд хувьцаагаа санал болгох зохицуулалтыг тусгасан. Гэвч өнөөдрийн байдлаар банкууд хувьцаат компани болох арга, учраа төдийлөн сайн олохгүй байгаа бололтой.

Дээрх банкуудаас хамгийн түрүүнд Богд банк нээлттэй хувьцаат компани болж, IPO гаргасан. Нийт 12.5 сая ширхэг хувьцаа гаргаж, нэгж хувьцаагаа 2540 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл захиалга авна. Тус банкны андеррайтераар MICC ажиллаж буй юм.

Д.Ачит-Эрдэнийн хэлснээр, тус банк уламжлалт банктай харьцуулахад арын албаа автоматжуулан зардлыг бууруулж, мөн зээл олголтыг цахимжуулжээ. Тэргүүлэгч банкуудтай харьцуулахад хөрөнгийн болон өөрийн хөрөнгийн өгөөж (ROE), нэг ажилтанд ногдох цэвэр ашгаар нэгдүгээрт бичигдэж буй аж.

Шинжээч хэлэхдээ “Нэгэнт хөрөнгийн бирж дээр гарсан хувьцаат компанийн хувьцааг худалдаж авсан хүн хүссэн үедээ буцаж зараад гарч болдог буюу хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалт юм. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн оронд орж ирээд хамгийн амархан хөрөнгө оруулж болох салбар банк байна гэж хардаг. Энэ утгаараа банк нь бусад салбартай харьцуулахад илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Нөгөө талаараа “IPO” гаргаж нээлттэй хувьцаат компани болсноор хяналт илүү сайжирдаг" гэв.

Дараагийн нээлттэй хувьцаат компани болж, IPO гаргах банкаар Хас, Хаан банкууд нэрлэгдэж байна.

ОНЛАЙН БАНКУУД АСАР ИХ ЗАРДАЛ ХЭМНЭЖ, ИЛҮҮ АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Дашрамд сонирхуулахад, санхүүгийн эко системийг онлайнаар бүрдүүлэн анхнаасаа зөвхөн цахимд суурилсан банкууд үүсч, маш эрчимтэй өргөжиж байгаа аж. Тухайлбал, энэ тал дээр ОХУ-ын “Tinkoff” банкийг шинжээч нэрлэв. Уг банк нь маш богино хугацаанд 18 сая хэрэглэгчтэй, том активтай болж, өөрийн хөрөнгийн үнэлгээ нь 10 дахин өсчээ.

Ийм төрлийн шинэ банкууд нь харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг өгөхөөс гадна даатгал, гадаад аялал, сургалтын төлбөр, худалдан авалт гээд маш олон үйлчилгээг давхар санал болгодог байна. Технологийн шийдлээр маш үр ашигтай ажиллах боломжтой байна гэсэн үг. Товчхондоо, уламжлалт банкуудын ард асар том үйл ажиллагаа явж байдаг. Харин онлайн банкууд анхнаасаа “back office”-оо хүртэл маш цомхон байдлаар зохион байгуулж, хаа сайгүй салбар нээж, олон хүн сургаж, ажиллуулах шаардлагагүй буюу асар их зардал хэмнэснээр илүү ашигтай ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж