АНУ тэргүүтэй бусад 20 гаруй орон Афганистанд хуулиас гадуур хүн амины хэрэг үйлдэж, хуучин аюулгүй байдлын албаны гишүүн асан алга болсонд маш их санаа зовж байгаа тухай хамтарсан мэдэгдлийг Бямба гаригт хийв.
Өнгөрсөн зун талибууд бууж өгснөөс хойш Афганистаны аюулгүйн албаны 100 гаруй алба хаагч нас барсан эсвэл сураггүй алга болсон гэх "Human Rights Watch"-ийн саяхны тайлангийн дараа уг хамтарсан мэдэгдэл цацагджээ.
Гэрчүүд болон хохирогчдын төрөл садан, найз нөхдийн ярилцлагаас үндэслэсэн уг тайланд наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ний хооронд талибуудад баривчлагдсан болон бууж өгсөн цэргийн алба хаагчид, хагас цэрэгжүүлсэн ангийн үүрэг гүйцэтгэгчид, цагдаа, тагнуулын албаны гишүүдийг цаазаар авсан эсвэл албадан алга болгосон тухай нарийн мэдээллүүдийг дурджээ.
Тус тайланд дурдсан мэдээллүүдийг "CNN" бие даан баталгаажуулах боломжгүй юм. Хамтарсан мэдэгдэлд АНУ, Герман, Япон, Их Британи зэрэг 21 улс оролцсон бөгөөд дээрх мэдээллийн тухайд хүний эрхийг ноцтой зөрчсөн, талибуудын өршөөнгүй үзэлтэй зөрчилдсөн үйлдэл гэсэн байр суурьтай байна.
Бид Афганистаны аюулгүй байдлын албаны болон засгийн газрын хуучин гишүүдэд өршөөл үзүүлэхийг талибуудаас хүсч байна гэж тус хамтарсан мэдэгдлээр хэлжээ. Мөн "Human Rights Watch"-оос гаргасан тайлангийн дагуу ил тод, бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаад, “Холбогдох хүмүүст бүгдэд нь хариуцлага тооцох ёстой. Бид талибуудын үйлдлийг ажигласаар байх болно” гэжээ.
Эх сурвалж: CNN
М.Наранжаргал
Холбоотой мэдээ