Монголд үнэ нь өсөөгүй бараа бүтээгдэхүүн байхгүй болжээ. Гурил будаа, талх тариа, такси унаа, мах сүү, жимс ногоо, хувцас хунар гээд бүгд "гэрлийн хурдаар өссөөр". Эрээний хилийн хориг, импортын тэг зогсолтын хажуугаар эрх баригчид шатахууны үнэ чөлөөлсөн нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Тиймээс “Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэж иргэд бухимдана.
Арваннэгдүгээр сарын 22-нд шатахууны үнийн зөвлөлөөс үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмэв.
Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 170-200 төгрөгөөр нэмэгдэж нэг литр АИ-92 шатахуун 2220-2250 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Шатахууны үнэ цаашид өсөхгүй гэх баталгаагүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Хэдийгээр төр нэг амаараа шатахууны үнийг чөлөөлсөн ч, нөгөө амаараа газрын тосны үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулаад байгаа. Ингэснээр дотоодод үйлдвэрлэж байсан компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ нь импортын бүтээгдэхүүнээс өндөр болж, энэ нь эргээд үндэсний үйлдвэрүүдийг дампууралд хүргэх болзошгүй байгааг ч мэргэжилтнүүд хэлэх болсон. Өөрөөр хэлбэл, шатахууныг чөлөөлөхөөс өмнө нөөцлөх, татварын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байжээ.
Хэрэвзээ шатахууны үнийг чөлөөлөх юм бол тусгай зөвшөөрлийг нь чөлөөтэй болгох, түүхий эдэд нь тавьсан онцгой албан татварыг тэглэхгүй бол цөөн хэдэн импортлогч хөлжиж, үйлдвэрлэгчид хөлд нь чирэгдэх эрсдэлтэй.
Бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс үүдэн үнэ хөөсрөхтэй зэрэгцээд шатахууны үнийг чөлөөлсөн нь эдийн засаг, иргэдийн амьжиргааг биш импортлогчдын лоббиг дэмжсэн бодлого, шийдвэр боллоо гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, шатахууны үнэ чөлөөлөх шаардлага эдийн засагт бий ч цаг, үеэ олсон шийдвэр болж чадсангүй гэх шүүмжлэлийг хэлж буй хүмүүсийн нэг бол эдийн засагч Д.Амгалан.
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТӨР ЗАСАГ ЗАСАГ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЭД ОРХИЖ БОЛОХГҮЙ
Тэрбээр “Үнийг чөлөөлсөн нь би үхэхээс, чи үх гэж байгаатай адилхан шийдвэр болсон. Нэг үгээр хэлбэл, төр шатахуун импортлогч нарт хамаг юмыг даалгаж байна. Манайд үнийг чөлөөтэй тогтоох олон шатахуун импортлогч байхгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсчхөөд байхад Засгийн газар анхнаасаа худал амлалт өгч үнийг хүчээр барьсан нь маш том алдаа. Хоёрдугаарт, импортоор шатахуун оруулж ирж байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлөх ёстой. Хэдхэн компани оруулах биш, оруулж чадах нь бүгдээрээ оруулах хэрэгтэй. Ингэж байж чөлөөт үнэ тогтдог болохоос биш хэдхэн компани монополь эрхтэй байхад чөлөөт үнэ тогтохгүй. Шатахуун импортолж байгаа компаниудад ямар нэгэн шахалт үзүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийн шаардлага тавихаа болих хэрэгтэй. Гол нь ханган нийлүүлж байгаа нөөц дээрээ анхаарах нь чухал. Өнөөдөр инфляци 10 хувьд хүрсэн. Үүний 30 гаруй хувь нь шатахууны үнийн өсөлтөөс хамааралтай. Үнийн өсөлтийг төр засаг засаг бидэнд хамаагүй гээд орхиж болохгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэглэсэн ч яадаг юм. Тэр бүү хэл тодорхой хэмжээний мөнгө төсвөөс гаргасан ч болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлогод тооцоо судалгаа хэрэгтэй гэсэн үг. Ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй”-гэв.
Шатахууны үнийн өсөлт махны үнэд хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа. Өглөө эрт “Хүчит шонхор" зах дээр очвол түм түжигнэж, бум бужигнаж байв. Энд хонины цул мах 10500 , хаа, гуя 8500-8800 төгрөгөөр зарагдаж байна.
Өглөө 10500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул мах үдээс хойшдоо 10000 төгрөг болж буурах жишээтэй. Махны үнэ тарган, туранхайгаасаа шалтгаалж үнэ нь өөр, өөр аж.
Гэхдээ тухайн өдрийн өглөө махны нийлүүлэлт хэр байсан, ченжүүд ханшийг хэдээр тогтоосноос шалтгаалж үнэд өөрчлөлт ордог гэдгийг худалдагч нар хэлж байна.
“ХОНОГИЙН ХООЛНЫ МАХГҮЙ БАЙНА, ЗЭЭЛЭЭР ӨГЧ БОЛОХ УУ”
Хонины махны худалдаачин "Өнөөдөр 300 кг мах борлуулах гээд сууж байна. Одоогийн байдлаар 10 кг мах зарлаа. Хүмүүс хамгийн багадаа нэг кг ба түүнээс дээш таван кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө нэг кг мах 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо бол нэг кг махаа жижиг торонд хийгээд лявж байна. 2020 оны хөл хорионы үед байнгын худалдан авагчид маань “Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гээд ирж байсан удаатай. Би зээлээр өгч байсан. Түүнээс таньж мэдэхгүй хүнд өгөхгүй шүү дээ” гэлээ.
Тус захаас долоо хоногийнхоо махыг аваад гарч явах Г.Чимгээ Баянзүрх дүүрэгт амьдардаг аж. Тус захаас арван кг хонины махыг 90 гаруй мянган төгрөгөөр худалдан авчээ. Цалин нь сүүлийн гурван жил нэмэгдээгүй, гэтэл гурил, будаа мах, сүү талхны үнэ өдрөөс өдөрт нэмэгдчихлээ гэж багагүй бухимдлаа. Цалингаараа амьдардаг, тэтгэвэр тэтгэмжтэй хүмүүст шатахууны чөлөөлөлт, үнийн өсөлт, халдварт өвчин зэрэг нь хүнд цохилт болж байгаа нь илэрхий.
"Хүчит шонхор" захын зогсоолын талбайд портер машинтай иргэд мах зарж байв. Идэшний цаг ирсэн учраас ихэвчлэн үхрийн махыг гулууз, гулуузаар нь машины тэвшин дээр ачсан байх бөгөөд тэд “Мах аваарай” гэж орилно. "Сезон" нь эхэлсэн учраас үхрийн гулууз мах сураглах иргэд олон байлаа.
Энд үхрийн мах нэг килограмм /кг/ нь 8800-9000 төгрөг. 48 кг үхрийн өрөөл мах авахад 422-432 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин бүтэн үхэр 1.6 сая төгрөг дотор багтана.
Хоёр өдрийн өмнө үхрийн мах нэг кг нь 10 мянган төгрөгт хүрчээ. Гэтэл 15 аймагт гарсан шүлхий өвчин махны нийлүүлэлтэд нөлөөлсний дээр шатахууны үнийг чөлөөлж, 200 төгрөгөөр нэмсэн нь үнэ өсөх шалтгаан болжээ. Харин өнөөдрөөс эхлэн үхрийн махны үнэ буурсан гэдгийг худалдаачид хэлж байна.
Үхрийн махны худалдаачин Б.Дорж өглөө 06.00 цагт есөн ширхэг бүтэн үхэртэй иржээ. Түүний хувьд долоон үхэр зарсан бол одоо хоёр үхэртэй үлдсэн байна. Тэрбээр “Иргэд өр зээл тавиад өвлийн идшээ бэлтгэж байна. Худалдан авалт гайгүй байна. Нэг бүтэн үхэр хэмжээнээсээ хамаарч 187-196 кг байна” гээд өөрийн данс руу орсон 1.6-1.7 сая төгрөгийн орлогоо харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Хүмүүс хамаатан саднаараа нийлээд өвлийн идэш авах нь лангуунаас 12 мянгаар авснаас хамаагүй хямд тусна. Дотор зарж байгаа махны үнэ мэдээж өөр шүү дээ. Тухайн худалдагчид нэг бүтэн үхрээс 40 кг яс хаядаг. Кг нь 9000 гэж тооцвол 360 мянган төгрөг хаядаг гэсэн үг. Энэ алдагдлаа нөхөхийн тулд бидний зарж буй үнээс нэмж зардаг. Үүнийг бас буруутгах аргагүй” гэлээ.
“Хүчит шонхор захын” гадна талбайд хонины мах нэг кг нь 7800 төгрөгөөр зарагдаж байна. 20-25 кг хонины гулууз мах авна гэвэл 156-195 мянган төгрөг төлөх нь. Хонины махны худалдаачин өглөө 30-40 гулууз махтай ирсэн бол өглөөнөөс хойш арвыг заржээ.
Тэрбээр "Бид малчдаас авсан махан дээрээ 200-300 төгрөг нэмж зардаг. Covid-19 халдвар гарахаас өмнө буюу хоёр жилийн өмнө өдөртөө хамгийн багадаа 50-60 гулууз мах зардаг байлаа. Одоо бол 20-30-аас хэтрэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт махны үнэ өссөн. Үүнд Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа махны өргөтгөсөн худалдаа нөлөөлсөн. Учир нь тэнд мах зарж байгаа хүмүүс биднээс махаа хямдхан авчхаад үнэ нэмж зараад байсан. Тиймээс бид махны үнийг 400-500 төгрөгөөр нэмсэн. Хэдүүлээ үүнийг яриад ямар ч нэмэргүй. Бид нараас шалтгаалах зүйл алга. Шатахууны үнийн асуудал төртэй холбоотой шүү дээ. Шатахууны үнэ өсөхөөр мэдээж бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн өсч л таараа" гэлээ.
Төмөр замгүй, авто замаар тээвэрлэлт явуулдаг монголчуудын хувьд шатахууны үнийн чөлөөлөлт цар тахалтай, тэг зогсолтой хүнд хэцүү үед улам илүү дарамт болж эхэлжээ. Шинэ жил, цагаан сар гээд баяр ёслолоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны чөлөөлөлт, хомсдол зэргээс шалтгаалж хэд хүрэхийг таашгүй. Ямар ч байсан ирэх оноос эхлээд иргэд цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө. Ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Тэр үед ажилгүйдэл, ядуурлын хэмжээ хэд хүрэхийг таашгүй. Ямар ч байсан иргэд ийнхүү үнийн өсөлтөд хэдийнэ нэрвэгдэж, төрийн бодлого нэмэр дээр нэрмээс болж буйд бухимдалтай байна.
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН БАЙДЛААРХ МАХНЫ ҮНЭ
Холбоотой мэдээ