МАН-ын 30 дахь удаагийн Их хурал үргэлжилж байна. Тус хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Д.Амарбаясгалан:
-МАН-ын 30 дахь удаагийн их хурал амжилттай үргэлжилж байна. Бид энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт хөгжилтөд тулгамдаж буй асуудлуудыг бодлого болгож гарган ирж байна. Цаашлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр эрхэм зорилгоо болгож буйгаа энэ дашрамд хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын Л.Оюун-Эрдэнэ даргын хувьд Монгол Улсын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг гаргаж танилцуулсан. Та бүхэн сая сонссон байх, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг зургаан бүлгийг гаргаж, илтгэлдээ оруулж танилцуулсан. Үндсэн зорилгыг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлая. Яг энэ цаг үе Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан улс орнуудын өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн ихээхэн хүндрэл бэрхшээлтэй цаг үе байна. Тэр дундаа манай Монгол Улсын хувьд олон жилийн туршид олон жилийн өмнө цаасан дээр байсан, бидний өмнө ирж болзошгүй гэж яригддаг байсан олон хүндрэл бэрхшээл бодитой бий болж байна. Тэр тусмаа Covid-19-өөс үүдсэн хүндрэл бэрхшээлүүд үүсч байна. Үүнийг дагасан гол хүндрэл нь юу байна вэ гэдгийг бид өөрсдөө олж харж авах, судалж шинжлэх, нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө толинд харах боломж бүрдсэн учраас бид энэ илтгэлийг гаргаж тавихад илүү дөхөмтэй байдлаа гэдгийг хэлмээр байна. Covid-19 цар тахлаас үүдсэн маш олон хүндрэл бэрхшээл байна. Нөгөө талдаа бидэнд ойлгуулах, суралцах, засч сайжруулах хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах ийм цаг үе гэдгээр бодлого хөтөлбөр оруулж ирж танилцуулж байна.
Хоёр дахь үндсэн илтгэл буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан илтгэлийн үндсэн зорилго бол нийгэм дэх улс төрийн намын оролцоог сайжруулах, ард иргэдийн өмнө хүлээсэн улс төрийн намын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, илүү ойлгомжтой, илүү мэргэжлийн институц болж ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах бодлогоо танилцуулж байна.
МАН бодлогын нам байх, дэвшилтэт нам байх, дэвшилтэт бодлоготой нам байх, нээлттэй нам байх, цахим нам байх их томоохон бодлого төлөвлөгөөг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж ирлээ. Үүнийгээ өнөөдөр бусад улс төрийн намууд, нийгэмдээ тайлбарлан танилцуулж, бусад намуудаа энэ чиглэлээр мэргэшсэн институц болж ажиллах чиглэлд анхаарч ажиллаач ээ гэж уриалж байгаа юм.
Монгол өрөөсгөл ойлголт байдаг. Улс төриин намуудын үүрэг хариуцлагыг төрийн үүрэг хариуцлагаас дорд тавиад байдаг тал бий. Өнөөдөр би үндсэн илтгэлээрээ улс төрийн намууд төрийн эрх авахын төлөө хоорондоо өрсөлдөж, сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээр маш том хариуцлагын эзэн болдог юм гэдгийг бас гаргаж тавьж байна. Дараачийн сонгуульд орох, дараачийн нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө улс төрийн нам өдөр бүр анхаарал хандуулж, мөрийн хөтөлбөрийнхөө амлалтын хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт тавьж ажиллаж байх ёстой гэсэн зорилтыг үндсэндээ гаргаж тавьж байна гэдгээ хэлмээр байна.
МАН гадаад, дотоод орчиндоо ч тэр олон нийтийн итгэл найдварыг хүлээж, социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ улам бүр тодотгож зарлах, өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийтэд, тэр дундаа залуу үедээ улам бүр ойлгомжтой хэлбэрт аваачих нь бидний эрхэм зорилго юм. Энэ эрчээрээ бид Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж, социал демократ үзэл баримтлал, түүний эд эсэд түгээн дэлгэрүүлж, түүний түүчээ нь байж ажиллана гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
"МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ 797 ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 800 ОРЧИМ ЗААЛТЫГ САЙЖРУУЛНА"
Дараагийн асуудал нь, хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулна. Монгол Улсад нийт 797 хууль хэрэгжиж байна. Түүнээс яг нийгмийн харилцааг зохицуулж буй, хүний эрхийн хамгаалалтын зохицуулалт орсон 313 хууль байна. Эдгээр хуульд мэргэжлийн судлаачид, хуульчдыг оролцуулсан мэргэжлийн судалгааны баг ажиллуулаад, заалт тус бүрээр нь судалгаа хийж, шинжилж үзлээ. Нийт 11900 орчим заалтад шинжилгээ хийж үзэхэд 800 орчим заалт нь хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй, зарим талаар хязгаарлаж байгаа, зарим талаараа энэ цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй буюу хоцрогдсон байх талтай байна. Тиймээс бид өмнөө энэ 800 заалтыг засч сайжруулах, өнөө цагийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангадаг болгох том зорилт тавьж байна.
Төрөөс иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд, хүний эрхийг хамгаалагч нартайгаа хамтраад хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг нэгдүгээрт, засч сайжруулах; хоёрдугаарт, хүний эрх хамгаалагддаг, зөрчигдсөн эрх нь сэргэгддэг, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг энэ тогтолцоо, төрийн санаачлагыг бий болгохыг бид зорин ажиллахаа илэрхийлж байна.
Хүний эрхийг хамгаалах хуулийн асуудал ерөнхий хуулиараа УИХ-ын хаврын чуулганаар батлагдсаныг та бүхэн минь мэдэж байгаа. Тэр хуульд заасанчлан санаачлагыг бид дэмжээд, МАН-ын нийт гишүүдийн 10-аас дээш хувь буюу ойролцоогоор 30 орчим мянган гишүүнийг хүний эрхийг хамгаалагч чиглэлээр сургах, тэдгээр хүмүүсээрээ дамжуулж хүний эрхийг хамгаалах орчин, нөхцлийг сайжруулах зөв хандлага бий болгохын төлөө хичээн ажиллах болно.
ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА АЛДСАН АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО
Намын даргын илтгэлдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа чангатгана гэдэг том зорилт дэвшүүлж байна. Чангатгана гэдэг нь эрх зүйн орчныг засч сайжруулах асуудал мөн үү гэвэл мөн.
Монголчууд бид аливаа асуудлыг сууриас нь авч үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал маш олон салбарт бий болжээ. Тухайлж яривал, сая хүний эрхийн асуудал дээр ярилаа. Бид хууль эрх зүйн орчныг нь бүрэн бүтэн болгож өгч байж, хүний эрхийг яг хуулиар баталгаатай хамгаалдаг болох нөхцлийг бүрдүүлж өгч байж дараачийн асуудлыг ярих шаардлага үүсч байгаа юм.
Яг үүнтэй адил авлигатай тэмцэх асуудал хүний, улс төрийн намын албан тушаалтны гээд олон суурь өөчрлөлтийг шаардсан алхмуудыг бий болгож байгаа юм. Өнөөдөр МАН Их хурал дээрээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал дээр хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна.
Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгч байна. Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж оруулж өгөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог системийг бодитоор хийж өгнө. Маргааш их хурал дээр намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ. Та бүхэн ирж сонирхоорой.
МАН улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна.
Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна.
Холбоотой мэдээ