Шинэчлэгдсэн Банкны тухай хууль хэрэгжиж эхлэх үедээ эсэргүүцэлтэй тулгарч эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Шинэчлэгдсэн Банкны тухай хууль хэрэгжиж эхлэх үедээ эсэргүүцэлтэй тулгарч эхлэв үү

Шинэчлэгдсэн Банкны тухай хууль хэрэгжиж эхлэх үедээ  эсэргүүцэлтэй тулгарч эхлэв үү

Банкны тухай шинэчлэгдсэн хуулиар банк нээлттэй компани болж, банк цөөн эздийн өмчийн хамааралгүй болно. Өнгөрсөн долоо хоногт Богд банк IPO гаргасан нь банкууд эхнээсээ хуулиа дагаж мөрдөөд эхэлжээ. Гэтэл банкны салбарын 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг, нийт харилцагчдын 80 гаруй хувийг төвлөрүүлсэн ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг тойрсон маргаан мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж, хууль хэрэгжих хугацаа эхэлж ч амжаагүй байхад УИХ -аас хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарч шалгалт хийхээ мэдэгдэж байх юм.

Чухам яагаад хууль хэрэгжиж эхлэх үетэй давхцуулах болов. Үйл явдлаас харахад асуудлын гол учир нь ХААН банкны гадаадын хөрөнгө оруулагч хувьцааныхаа бүтцэд өөрчлөлт оруулах болсонд дотоодын хөрөнгө оруулагчаас сандарч эхэлсэн асуудал үүсчээ. Түүний үзэж байгаачлан ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд хууль бус өөрчлөлт хийгдэх үү гэдэг асуулт юун түрүүнд тавигдаж байна.

Тус банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь үндсэндээ хоёр эзэнд төвлөрсөн. Банкны нийт хувьцааны 60 хувийг Япон улсын Савада холдингс компани өөрийн охин компани Эйч Эс Интернэйшнл ХХК -ийн хамт 45.5, 14.45 гэсэн хувьтайгаар тус тус эзэмшдэг. Үлдсэн 40 хувийнх нь 25.31 хувийг Таван богд групп, 14.45 хувийг тус группын ерөнхийлөгч Ц. Баатарсайханы хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Хулан нь эзэмшиж байна. Гэтэл энэ банкаар нийт харилцагчдын 80 орчим хувь нь  үйлчлүүлдэг. Банкны өөрийнх нь зорилт нь ч иргэдийн үйл ажиллагаанд чиглэсэн. Ийм байхад эздийн өмчийн хэт өндөр төвлөрлийг цаашид хадгалах нь эрсдэлтэй. Банкны шинэчлэгдсэн хуулиараа ч энэ байр сууриндаа байх боломжгүй болно.

Савада холдингс хувьцаат компани нь 1958 онд байгуулагдсан Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын нээлттэй хувьцаат компани. Манай улсад төдийгүй хэд хэдэн орны банк санхүүгийн байгууллагуудын хувьцааг эзэмшдэг томоохон хөрөнгө оруулагч болохыг доорх мэдээллээс харж болно.

Зураг1: 

Д/дУлсСавада холдингс компанийн охин болон хараат компаниудЭзэмшдэг хувьҮйл ажиллагааны чиглэл
1МонголХААН банк45.6%Банк
2ОХУСолид банк44.3%Банк
3КиргизстанКиргизкоммерз банк52.9%Банк
4ЯпонHS Securities компани100.0%Үнэт цаас
5ЯпонHS Debt Collection компани100.0%Өрийн удирдлага
6ЯпонGaitame.com компани100.0%Валют арилжаа
7ГонгконгHS International (Asia) Limited компани100.0%Зах зээлийн судалгаа

 

Тус компани нь анх 2003 онд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар ХААН банкны хувьцааг 100 хувь худалдан авч байсан байна. Тэр үед Савада холдингс компани нөлөө бүхий 3 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Хидео Савада 42.7 хувь, “Ворлд капитал” компани 25.7 хувь, “Эй Ай Ю Иншурэнс”компани 6.9 хувийг эзэмшиж байжээ. Харин тэд жил бүр буюу 2003-2021 онд хувьцааныхаа хувь хэмжээг бууруулсаар, “Эй Ай Ю Иншурэнс” компани бүр гарчээ.

Зураг2:

 Дээрх мэдээллээс харахад Савада холдингс компаний эздийн өмчийн төвлөрөл 2003-2021 онд буурсаар иржээ. Гэтэл ХААН банкны дотоод хөрөнгө оруулагч Савада холдингсийн энэ удаагийн хувьцааны бүтцэд орж байгаа өөрчлөлтөд яагаад олны анхаарлыг хандуулах болов? Тэрчлэн энэ асуудлаа Банкны тухай шинэчлэгдсэн хууль хэрэгжих болсон цаг хугацаатай ямар учраас давхцуулав гэдэг нь сонирхол татаж байна.

Гэтэл Савадагийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид төвлөрлөө бууруулж байгаа нь ХААН банкан дахь тэдний хөрөнгө оруулалт өгөөжөө өгч байна уу үгүй юу гэдгээс хамаарсан байж болох үндэслэл бий.  ХААН банкны ТУЗ-ын дарга ноён Хэдио Савада энэ хугацаанд ногдол ашиг авч байгаагүй тухай мэдээлэл нэгэнт гарч байсан. Мөн ХААН банкны санхүүгийн тайланд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан тухай мэдээлэл байхгүй байна. Нөгөөтээгүүр өнгөрсөн оны 10 –р сард Япон улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы талаас манай улсын мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогодоо анхаарч үзэх тухай асуудал хөндөгдсөн. Энэ нь төв банкнаас хэрэглээний зээлийг хязгаарласантай холбоотой байв. Тус улсын томоохон хөрөнгө оруулагчын хувьд энэхүү бодлогын шийдвэр нь ХААН банкан дахь бизнесийн стратегид нь сөрөг үр дагаврыг авчрахуйц юм. Учир нь ХААН банкны зээлийн үйлчилгээ нь иргэдийн зээлэнд төвлөрсөн байдаг. Тиймээс ашгаа өгөхгүй хөрөнгө оруулалтаас аажимдаа татгалзаж байж болно.

Мөн нөгөө талаас хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төвлөрлөө бууруулах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Үүнийг Эйч Эс Интернэйшнл ХХК  нь хувьцааныхаа 5 орчим хувийг ХААН банкны ажилчдад худалдах төлөвлөгөө боловсруулж, саналаа Монгобанканд хүргүүлсэн байдлаас харж болохоор байна.

Чухам гадаад хөрөнгө оруулагчийнхаа  энэ үйлдэлд ХААН банкны дотоодын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч  сандраад эхэлсэн нь ямар учиртай юм бол. Тэд хөрөнгөө хэрхэн яаж шийдэх нь биднээс үл хамаарна. Хэн нэгэн хууль хяналтын бус этгээд хөндлөнгөөс орж, хязгаарлаж, хянах ч боломжгүй. Тэгээд ч нээлттэй хувьцаат компани гэдэг бол зах зээлд хувьцаа нь чөлөөтэй арилжаалагдаж, хэн ч арилжаанд нь оролцох бүрэн эрхтэй, мэдээлэл нь ч ил тод нээлттэй байдгаараа давуу онцлогтой. Гарч буй мэдээллээс харахад Япон улсын Мета капитал ХХК нь 2019 онд тендер санал гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Упсилон ХХН-ийг байгуулж, Савада холдингс ХК -ийн нийт гаргасан хувьцааны 50.1 хувь буюу 19.8 сая ширхэг хувьцааг худалдан авах саналыг Токиогийн хөрөнгийн биржид 2020 оны 2 дугаар сард гаргаж байжээ. Тус улсын хөрөнгийн захыг зохицуулах холбогдох хуулиар нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг худалдаж авахад худалдан авч буй тал “Тендер санал” гаргаж, саналаа нээлттэй зарладаг юм байна.

Гэсэн ч дээрх санал хангагдахын тулд 35 удаа буцаагдаж, жил хагасын хугацаанд үргэлжилжээ. Энэ үед манай улсын Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын шаардлагаар Монголбанк ХААН банкаар дамжуулан Упсилон ХХН-д удаа дараа бичиг хүргүүлж, хуулийн шаардлагыг хангасан баримт бичгүүдийг авч байсан байна. Тиймээс Монголбанкнаас ирүүлсэн бичиг баримтыг нь хүлээж авахаас татгалзах зүйлгүй, үргэлжлүүлэн хяналт тавих тухайгаа мэдэгдэж байжээ. Гэсэн ч Токиогийн хөрөнгийн бирж дээр тендер санал нь цуцлагджээ. Учир нь 1.5 сая ширхэг хувьцаа зарах хүсэлт ирснээр санал хэрэгжих боломжгүй болжээ. Тийм учраас Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмаар аливаа компаний хувьцааны 1/3 хүртлэх хэмжээний хувьцааг 10-аас доош тооны хувьцаа эзэмшигчээс худалдан авсан тохиолдолд тендер санал зарлах шаардлагагүй гэсэн зохицуулалттай юм байна.  Тиймээс Савада холдингс компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болох Хэдио Савада, Юү-ген кайша Хидэ-Интер, Ворлд капитал компани тус бүртээ  хувьцаа нэг бүрийг 1100 иенээр нийт 12.6 сая ширхэг энгийн хувьцааг худалдан авах гэрээг хийжээ. Уг хэлцэл хийгдвэл Упсилон ХХН нь Савада холдингс компанийн нийт хувьцааны 32.2 хувийг эзэмшинэ. Энэ тохиолдолд ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд шууд өөрчлөлт орохгүй. Харин эцсийн өмчлөгчдийнх нь бүтэц нь өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ  ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг олгоогүй гэж Монголбанкнаас тайлбарласан байна.

Хар дагуулсан бүхэн нь баримтаар нотлогдсоор байна

Савада холдингс компанийн өсөлтийг дэмжиж, хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх зорилготой шийдвэр гаргаж байгаагийнх нь хувьд Упсилон ХХН-д Монголбанкнаас тавих хяналтын үүрэг нь хөрөнгө оруулалтыг бүрдүүлсэн мөнгөний гарал үүслийг тодорхойлж, хууль ёсны дагуу цэвэр эсэхийг нягтлахад юм. Нээлттэй тавигдсан мэдээлэлд тус ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг Жуничо Хаттори гэгч Японы улсын иргэн бүрдүүлжээ. Тэрээр дэлхийд алдартай Сейко холдингс корпорацийг үүсгэн байгуулагчийн гэр бүлийн гишүүн. Сейко инструмент компаны ТУЗ -ын даргаар ажиллаж байсан. Упсилон ХХН -д хөрөнгө оруулахаас өмнө Санко кигёо компаний 38.8 хувь буюу 310.0 мян ширхэг хувьцааг эзэмшиж байсан. Санко кигёо компани нь Сейко холдингс корпорацын хувьцааны 10.7 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч юм байна. Упсилон ХХН -д хөрөнгө оруулж, Савада холдингс компаний хувьцааг худалдан авахдаа эх үүсвэрээ бүрдүүлсэн байдлыг нь үзвэл, дээр дурдсан өөрийн эзэмшлийн хувьцаагаа Санко кигёо компанид эргүүлэн худалдах гэрээ байгуулснаар татвар суутгуулсан дүнгээр 28.1 тэрбум иенийг “Сумитомо мицуи банкин корпораци” банкин дахь дансаараа авч, 26 тэрбум иенээр тус ХХН-д хөрөнгө оруулсан болохоо хууль ёсны  баримт бичгүүдээр нотлон үзүүлсэн байдаг юм байна.  Эндээс үзэхэд хэн нэгэн гадны этгээдээс татсан эх үүсвэргүй, цэвэр дотоодоосоо гаралтай, япон компани хоорондын хөрөнгө оруулалт болох нь тодорхой байна.

Гэтэл монголын системийн нөлөө бүхий өөр нэгэн банкны эзэн ХААН банкны бас нэгэн нөлөө бүхий хувь эзэмшигч болохоор санаархаж, түүнд нь өөр нэг жижиг банк зуучилж, нийгмийн даатгалын мөнгийг япон руу шилжүүлсэн гэх ам дамжсан яриа одоогоор баримтаар нотлогдоогүй байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХААН банкны хувьцааг худалдан авагч талын Монгол талын оролцогчоор “Мелвилл Эрдэнэдалай” ХХН-ийг тодруулан гаргаж  ирсэн байх юм.  Гэтэл тус нөхөрлөл нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд Савада холдингс ХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар ХААН банкны хувьцаа эзэмшигч (Таван богд трэйд ХХК, Иргэн Д.Хулан)-ид хуралдан шийдвэр гаргаж болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасан юм байна. “Мелвилл Эрдэнэдалай” ХХН-ийн гаргасан хуулийн дүгнэлтэд Савада холдингс ХК-ийн шийдвэрийг ХААН банкны хувьцаа эзэмшигчид хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн хүрээнээс хальсан асуудал болох, Банкны тухай хуулинд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай багтаагүй, мөн ХААН банкны дүрмэнд энэ талаар ямар нэгэн заалт ороогүй тул “Савада холдингс” ХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан шийдвэрлэх шаардлагагүй, тэрчлэн Компанийн тухай хуулийн ерөнхий зарчимд нийцгүй болохыг тодотгожээ.

Нээлттэй компанийн арилжаанд дэлхийн аль ч өнцөг булан бүрээс оролцох нь чөлөөтэй. Гагцхүү нийгэмд дэвшүүлээд байгаа хардлага шиг манай улсын аль нэг банкны эзэн Упсилон ХХН-өөр дамжуулан хувьцаа худалдан авч, хэрэв худалдан авсан хувьцаа нь 5 хувиас хэтэрвэл хуулийн дагуу зохих арга хэмжээг авагдах учиртай. Энэ талаарх хуулийн заалтыг үзвэл хуулинд заасан хэмжээнээс хэтэрсэн хувьцаа нь саналын болоод ногдол ашиг авах эрхгүй болно.

Нөгөөтээгүүр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол банк байгуулах зөвшөөрлийг цуцлах, зөвшөөрөл аваагүй хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг банкных нь өөрийн хөрөнгөөс хасаж тооцон, 30 хоногийн дотор хуульд заасан хэмжээнд хүргэж худалдах, шилжүүлэх үүргийг хүлээдэг байна. Банкны тухай хуулиар хариуцлагын тухай ингэж хатуу заасан байхад нэг банкны эзэн нөгөө банкныхаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болохоор зүтгэх эсэхийг бодох л хэрэгтэй.

Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчдын өмнө хуулиа сахидаггүй, ёс зүйн чадамжгүй болохоо харуулж байна. Магадгүй үүнээс болж,  монголыг хаяад гарахад тэдэнд ямар ч гарзгүй. Манайхаас өөр хөрөнгө оруулсан улс орон тэдэнд хангалттай байгаа болохыг дээр дурдсан мэдээлэлд тодорхой харуулсан байгаа. Гэтэл дотоодын хуримтлалгүй,  хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өндөр манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал хэвээр байсаар байна. Ялангуяа Ковид-19 цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилд гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2019 оны байдлаарх сүүлийн мэдээгээр 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол улсад гаднаас хийгдсэн нь ДНБ -ийн 17.6 хувьтай тэнцэж байсан. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад импортоос хэт хараат манай улсад гадны туршлага, технологи, хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байна. Банкны салбарын шинэчлэлтэд ч хөгжингүй орнуудын туршлага, менежментийг нэвтрүүлж, компанийн засаглалын хувьд бэхжих, зээлийн чанар сайжрах, оновчтой бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нэвтрүүлэх зэрэг салбарын хөгжлийг шат ахиулах  шаардлагатай.  Үүний ач холбогдол нь эдийн засаг дахь нийт мөнгөний эргэлтийн саадгүй, тогтвортой урсац хангагдах үндсэн нөхцөл болохын хувьд  хэн нэгэн ашиг хонжоо хайгчийн хүсэл сонирхолд төрийн гаргасан шийдвэр таалагдах албагүй. Банк бол талхны үйлдвэр биш. Санхүүжилтийн эх үүсвэр гэдэг утгаараа нийт эдийн засагт нөлөө үзүүлэхүйц салбар шүү дээ. Иймээс аль эртнээс хэрэгжүүлэхээр яригдаж байсан хөрөнгийн төвлөрлийг бууруулах болсон шийдвэр нь зарим банкны эздэд эмзэгээр тусч байх шиг байна. Хэдийгээр хөрөнгийнхөө төвлөрлийг бууруулсан ч эздийн хувьд хохироод үлдэх асуудал байхгүй. Хуульд заасан хэмжээнээс илүү гарсан хөрөнгөө зах зээлд борлуулж, хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах бүрэн боломжтой гэдгийг хөрөнгийн зах зээлийг гадарлах хэнд ч ойлгомжтой юм.

Банкны шинэчлэгдсэн хууль хэрэгжихтэй зэрэгцээд нэг хөрөнгө оруулагч нөгөө хөрөнгө оруулагчаа хардсан, түүнд нь зохицуулагч байгууллагаас давуу эрх олгох гэж байгаа юм шиг хардалт, сэрдэлт дагуулсан энэ мэт мэдээлэл дахиад ч гарч мэдэх юм.

Иймэрхүү явдал өмнө нь банкуудаас гарч байсныг интернэтээс шүүж олоод унших боломжтой. Үйл ажиллагаа нь доголдоод ирсэн банкуудын эцсийн найдлага тавих арга нь зохицуулагч байгууллага болох Монголбанк, түүний Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү үндэслэлгүйгээр халдах эсхүл  хөрөнгө оруулагчид хоёр талаасаа нэгнийгээ буруутгах зэргээр илэрдэг. Энэ удаа мөн л ийм нэгэн арга барил ХААН банкин дээр давтагдаж байна. Үүнд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцож, Сангийн сайдын албан тушаалаас ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Японы хөрөнгө оруулагч  Хэдио Савадад  хуурамч байж болох албан тоотоор Таван богд группт өөрийн хувьцаагаа худалдахыг тулгасан агуулга бүхий бичиг илгээсэн болохыг сэтгүүлчид ил гаргасан. Тэрчлэн энэ байр суурь буюу төрийн нэг ч төгрөгний оролцоогүй хувийн бизнесийн асуудлыг  УИХ-ын чуулганы танхимд хэлэлцүүлэх нь ёс зүйн хувьд зохимжтой юу? Зохимжгүй гэдгээ тэрээр мэдэх тул энэ үйлдлээ мөн л “Саарал” жагсаалтаар далайлган нийгмийг төөрөгдүүлсэн тоглолт хийсэн. Харамсалтай нь Монгол Улсыг мөнгө угаах терроризмын эсрэг ФАТФ-ын “Саарал” жагсаалтад ороход банк биш түүний толгойлж байсан Сангийн яамнаас хийх ёстой ажлууд хийгдээгүй орхигдсноос болсон нь хэний ч мэдэх нээлттэй мэдээлэл байсан. Тиймээс  ХААН банкнаас болж дахин саарал жагсаалтад орох хуулийн цоорхой манайд үлдээгүй юм. Харин тэр өөрийн ахалсан ажлын хэсэг байгуулж Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахаар Монголбанкинд шалгалт хийх болсон цаад зорилго ХААН банктай холбогдож байгаа юм биш биз! Хэрэв тийм бол ямар дүгнэлт гаргах нь сонирхол татаж байна.

Гэвч мөнгөтэй хүмүүсийн нөлөө улс төрд шургалах нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг. Нийтийн эрх ашгаас давсан давуу эрх гэж байх ёсгүй. Тиймээс нийгэм энэ үйл явдлыг анхааралтай ажиглах хэрэгтэй бөгөөд үйлдлийг нь дэмжих аргагүй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж